sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэгт өртөхөөс урьчдилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр бодлого боловсруулах, үүнд эцэг эх, хүүхдүүдийн саналыг тусгах зорилгоор өнөөдөр УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Манай улсад сүүлийн жилүүдэд интернет хэрэглээ, түүний хүртээмж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Монголд фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 2.7 сая бол нэмэгдсэн байна. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхийг зөрчсөн 44 гэмт хэрэг 2017 онд бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200  гаруй болж өссөн гэсэн судалгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Цагдаагийн байгууллагаас танилцууллаа.
 
 
Монгол Улсын өсвөр үеийн хүүхдүүдийн 95 хувь нь ухаалаг утас, фэйсбүүк хэрэглэдэг аж. Эдгээр хүүхдүүд эд гурван төрлийн эрсдэл учирдаг гэдгийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд танилцуулав. Тухайлбал, хүүхдийн нас, сэтгэхүйд тохироогүй мэдээлэл буюу садар самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан агуулга бүхий бичлэг, зураг үздэг байна. Мөн бага насны хүүхдүүд ихэвчлэн огт танихгүй хүн рүү найзын хүсэлт явуулдаг бөгөөд үүний улмаас өөрсдөө гэмт хэргийн золиос болох тохиолдол олон гардаг аж. Гуравдугаарт, үйлдлийн буюу хүүхдүүд үе тэнгийнхнийгээ гутаан доромжлох, гадуурхах тохиолдол байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ёс зүйн төлөвшилд ихээхэн анхаарах шаардлагатай байгааг дурьдаж байв.
ЦЕГ-аас цахим орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фэйсбүүкт “Хар жагсаалт” нээлттэй групп нээсэн байна. Уг группт нийт 10 мянга гаруй идэвхтэй гишүүн нэгдэж, гэмт хэрэг зөрчил, садар самууныг сурталчилсан групп, хуудас зэргийн мэдээллийг ЦЕГ-т өгдөг болжээ. Энэ хүрээнд сүүлийн 10 хоногийн хугацаанд “Санхүү өгнө, авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” зэрэг амиа хорлох, садар самуунд уруу татах мэдээлэл, зураг, бичлэг оруулдаг 28 групп, 6 хуудсыг устгасан байна. Мөн өсвөр насныхныг тодорхой нэр хаяггүй, өөрийнхөө зургийг оруулдаггүй, садар самуунд уруу татсан бичлэг нийтэлдэг иргэдийг найзын жагсаалтаас хасахыг уриалах зорилгоор “UNFRIEND аяныг сарын хугацаанд зохион байгуулж байгаа аж. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын удирдлагууд Монгол Улсад айлчилж буй “Фэйсбүүк” компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэнтэй уулзахдаа дээрхтэй ижил группуудыг хаах чиглэлд хамтран ажиллах санал тавьжээ.
 
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, “Манай хороо байгуулагдаад 4 сар болж байна. Одоогоор дижитал шилжилт, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд түлхүү ажиллаж байна. Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд олон цагийг өнгөрүүлдэг.  Үүнээс үүдэн гэмт хэргийн золиос болох бие мах бодь болоод сэтгэл санаагаараа хохирох нь улам бүр нэмэгдэх болсон. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчныг бий болгох, төрийн гурван өндөрлөгт зөвлөмж хүргүүлэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Мөн БСШУСЯ-нд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт Цахим орчны зохистой хэрэглээний чиглэлээр тусгайлсан хичээл оруулах талаар хандсан” гэлээ.
 
 
Нийслэлийн 67 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ, “Миний хувьд фэйсбүүкийг өдөрт 6-8 цаг ашигладаг байсан. Өглөө сэрээд л хамгийн түрүүнд фэйсбүүктээ нэвтэрдэг, өдөр хичээл дээр, орой унтахаар орондоо орсны дараа дунджаар 2-3 цаг тогтмол ордог байлаа. Анх 7 дугаар ангид байхдаа фэйсбүүк нээсэн. Тухайн үед таних танихгүй хүн бүрт найзын хүсэлт илгээдэг, хүлээж авсанд нь  “Сайн байна уу. Танилцаж болох уу” гээд захидал бичиж байсан тохиолдол бий. 10 хүн руу бичихэд 7 нь хариу өгдөг байв. Одоо фэйсбүүк шинээр нээж байгаа хүүхдүүд яг л ийм зарчмаар явж байгаа. Би зөвхөн танилцаад өнгөрсөн бол зарим хүүхдүүдийн хувьд илүү их эрсдэлд орж, сэтгэл санаа, бие мах бодиороо хохирох тохиолдол гарсан байдаг. Мөн сургууль, анги бүр өөр өөрийн гэсэн фэйсбүүк групптэй. Энэ группт хүүхдүүд бие биенийхээ эвгүй гарсан зургийг оруулах, гадуурхах, доромжлох тохиолдол бий. Фэйсбүүкт сөрөг тал олон байгаа ч сайн зүйл ч бий. Тухайлбал, боловсролын группт нэгдэж англи хэл болон бусад хичээлийнхээ мэдлэгийг дээшлүүлэх боломж бий. Тиймээс хүүхдүүд фэйсбүүкийг зөв ашиглаж, аливаа зураг, бичлэг нийтлэхдээ “Үүнээс болж хэн нэгнийг гомдоох вий” гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд фэйсбүүкийг цаг минут тутамд ашиглаж байгаа атлаа хүүхдэдээ шаардлага тавих нь буруу. Өөрсдөө хэрэглээгээ хязгаарлаж,үлгэр дуурайлал үзүүлэх нь хэрэгтэй” гэв.
Япон, АНУ, ХБНГУ-д 18 хүртэлх насны хүүхдийн цахим орчны хэрэглээнд тодорхой хязгаарлалт тавьдаг байна. Тухайлбал, хэн нэгэн хүүхдэд гар утасны дугаар худалдан авахад үүрэн телефоны оператор компани төрсөн оныг нь харгалзан тухайн хэрэглэгчийн насны онцлогт тохирсон сайтуудад орох эрхийг нээдэг аж. Мөн өрх бүр утасгүй интернет байрлуулахдаа тухайн компанидаа хүүхдүүдийнхээ насыг тодорхой хэлж өгдөг бөгөөд үүний дагуу мөн л хүүхдийн насны онцлогт тохирсон сайтуудад хандах боломжийг бүрдүүлэх байдлаар цахим орчныг хязгаарладаг байна. Монгол Улс ч үүрэн телефоны операторууд болон интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай нягт хамтран ажиллаж, энэ төрлийн зохицуулалтыг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн дэлхий нийтэд эцэг эхчүүд өөрсдийн гар утасаараа хүүхдийнхээ утастай шууд холбогдож, ямар сайтад хандалт хийсэн, фэйсбүүкээрээ хэнтэй харилцсан зэргийг нь хянах программ хүртэл бий болоод байгааг дурьдаж байлаа.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг