ПУСАН. /МОНЦАМЭ/. Монгол улсын Гадаад харилцааны яам, Пусан дахь Консулын газар болон БНСУ-ын Пусан хотын захиргаанаас хамтран зохион байгуулсан Пусан хотын аялал жуулчлалын цогцолбор хийгээд эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцах, хоёр улсын хамтын ажиллагааны өргөн боломжийг судлах Монголын сэтгүүлчид, аялал жуулчлал ба эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Пусан хотод зочлох боломж олдсонд маш их талархаж буйгаа юуны өмнө илэрхийлье.
Монголын төлөөлөгчид есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Пусанд аялсан бөгөөд хамгийн эхлээд очиж танилцсан байгууллага нь Пусан хотын эрүүл мэндийн үзлэг, оношилгооны “MEDIcheck” төв байлаа. Уг төв нь оношилгооны хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай “64ch PET CT scan”, “128ch CT scan”, 1.5T MRI зэрэг аппарат хэрэгслээр шуурхай үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн 30 мэргэжилтэн, эрүүл мэндийн 250 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг аж. Уг төвийн оношилгооны үнэ Солонгос дахь ижил төрлийн байгууллагуудын үнээс даруй 30-50% хямд байдаг юм байна.
Бид дараа нь цар хүрээ, хүчин чадлаараа дэлхийд зургадугаар байранд жагсдаг Пусаны усан онгоцны ачаа тээврийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тэнгис дээгүүр татсан агаарын дүүжин замаар аялдаг машинаар зугаалж, үдэш нь усан онгоцоор аялж Пусан хотын аялал жуулчлалын салбарын ололт амжилттай танилцсан билээ.
 
 
Аяллын хоёр дахь өдөр бид гоо сайхны мэс засал болон хиймэл шүдний эмнэлэг бүхий эрүүл мэндийн “DIO implant” төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төв нь манай улсын шүдний эрүүл мэндийн төвтэй хамтран монголчуудад үзүүлэх үйлчилгээг дөхөм болгох зорилготой ажилладаг аж.
 
 
Мөн энэ өдөр манай төлөөлөгчид Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай” УИХ-ын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолоор тус консулын газрыг байгуулахаар шийдвэрлэж, 2016 оны нэгдүгээр улиралд үндсэн үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Тус Консулын газар нь 2016 онд 4908 гадаад иргэнд виз олгож, улсын төсөвт 78,2 сая вон, 2017 онд 9219 гадаад иргэнд виз олгож, улсын төсөвт 158,4 сая воны орлого төвлөрүүлсэн аж. Мөн Консуулын газар нь Пусан, Хойд Кёнсан, Өмнөд Кёнсан, Өмнөд Чолла зэрэг мужид оршин сууж буй Монгол Улсын 3547 иргэнд үйлчилгээ үзүүлдэг юм байна.
 
 
Пусан хот нь БНСУ-ын аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ болон далайн тээврийн томоохон төв бөгөөд тус улсын 3,6 сая хүн амтай хоёр дахь том хот юм.
   
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг