КАБУЛ. /Анадолу/. Өнгөрсөн ням гарагт Афганистан улсад террорист “Талибан” бүлгийн босогчид нийт 32 хүний аминд хүрсэн байна.
“Манай мужийн цагдаагийн газарт халдлага үйлдсэний улмаас 20 хүн амь үрэгдсэний зэрэгцээ таван ажилтан шархадсан. Мөн Талибан бүлгийн босогчид ч амиа алдсан” гэж Баглан мужийн захирагч Сафдар Мохсини сэтгүүлчдэд мэдээлжээ.
Мөн Херат мужийн Убе дүүрэг дэхь цагдаагийн газарт дээрх бүлгийн босогчид халдлага үйлдэж, есөн хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан гэж Херат мужийн засаг захиргааны хэвлэлийн албаны төлөөлөгч Жаялани Фархад мэдээлэв. Энэ халдлагын үеэр Талибан бүлгийн зургаан босогч амь үрэгдсэн байна.
“Баглан мужид үйлдсэн халдлагын улмаас 60 цэрэг амь үрэгдсэн” гэж “Талибан” бүлгийнхэн мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрсэн гэж тус хотын цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Хашмат Станикзей мэдээлсэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг