sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д болж Улсын арслан П.Бүрэнтөгс түрүү бөхөөр тодорлоо.
Энэхүү барилдаан улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон  бөгөөд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан П.Бүрэнтөгс зургаа даван түрүүлсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага М.Бадарч тав даван үзүүрлэв.
Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Улсын цолтой бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн нэгийн даваанд Дундговь аймгийн шинэ начин Ш.Ганбаярт, улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.
Тус барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг