ПАРИС. /Би-Би-Си/. Францын нийслэл Парис хотод хутга болон төмөр сараалж барьсан этгээд халдлага үйлдэж, 7 хүнийг шархдуулснаас дөрвөн хүний бие тун хүнд байгаа тухай тус хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.
Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд тэрбээр Афган хүн байсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, террорист халдлага гэх шинж тэмдэг байхгүй байсан аж. Шархадсан хүмүүсийн хоёр нь Англи жуулчид байжээ.
Уг халдлага орон нутгийн цагаар ням гарагийн оройны 23:00 цагийн орчимд Парисын зүүн хойд хэсгийн “Ourcq” сувгийн орчимд гарчээ. Хэргийн газрын ойролцоо байсан хүмүүсийн мэдээлснээр, нэг эрэгтэй танихгүй хүмүүс рүү дайрч, “MK2” кино театрын ойролцоо байсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг хутгалсан аж.
“Бид Францын засаг захиргааны удирдлагуудтай байгуулсан гэрээний дагуу цагдаагийн ажилтнуудтай хамтран энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна” гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.
Францын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэх ямар ч шинж тэмдэг байхгүй байгаа аж.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг