НЬЮ-ЙОРК. /ВВС/. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын үеэр сүйдсэн Нью-Йорк хотын метроны буудал 17 жилийн дараа дахин нээгдлээ.
Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг нисэх онгоцоор мөргөж, үүний улмаас нэгдүгээр шугамын “Cortlandt” гудамжны метроны буудал барилгын нурангад дарагдаж сүйдсэн билээ.
Улмаар 17 жилийн дараа уг буудал Дэлхийн худалдааны төвийн “Cortlandt” буудал гэсэн шинэ нэртэйгээр бямба гарагт дахин нээгдсэн байна.
2001 онд болсон энэхүү халдлагын улмаас 3000 орчим хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн юм.
"Дэлхийн худалдааны төвийн “Cortlandt” буудал бол зүгээр нэг метроны буудал биш юм. Энэ бол Дэлхийн худалдааны төвийг сэргээн босгох болон тогтмол сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд оролцож буй Нью-Йорк хотын оршин суугчдын бэлгэдэл юм" гэж тус хотын Тээврийн газрын тэргүүн Жо Лхота мэдэгдлээ.
Энэхүү шинэхэн буудлын дээврийг бүгдийг нь шинээр хийж, 365 метр төмөр зам тавьсан байна. Энэ ажилд 181.8 сая доллар зарцуулсан гэж  “New York Times” сонинд мэдээлжээ.
Шинэ буудлыг сэрүүн байлгахын тулд орчин үеийн агааржуулалтын систем суурилуулж, зорчигчдын урсгалыг чөлөөтэй байлгахын тулд багануудын тоог цөөлж өгсөн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал болон 1948 онд НҮБ-ын баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ишлэлийг бичсэн цагаан гантигаар ханыг бүрсэн ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг