sonin.mn
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 125 телевизийн 16 нь орон даяар нэвтрүүлгээ цацаж байна. Тэгвэл үндэсний хэмжээний томоохон телевизүүдийн нэг “ТV-9”телевиз үүсэн байгуулагдаж, цэнхэр дэлгэцээр монголын ард түмэнтэй “уулзаад” 15 жил болжээ. “ТV-9” телевизийн 15 жилийн алдаа, оноо, туршлагыг хэлэлцэж, ирээдүйг тодорхойлсон эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар эрдэм их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхим, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим, МСНЭ, “ТV-9” телевиз хамтран  зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж, “Медиа Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Баттөр хэлсэн үгэндээ “Манай телевизийн хамт олон өнгөрсөн хугацаанд чамлахааргүй уран бүтээл туурвиж, мэдээ мэдээллийн үнэн зөв, бодит шуурхай байдалд гол бодлого барьж ажилласан. Үүний тод илэрхийлэл нь Монголын сэтгүүлзүй, ард түмний өмнө эзэлсэн байр сууриа бататгаж байна гэж ойлгож байгаа. Мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотойгоор телевиз үзэгчдийн чиг хандлага асар хурдацтай хөгжиж, өрсөлдөөн явагдаж байгаа энэ үед телевизийн өнгөрсөн болон одоогийн үйл ажиллагаанд  үнэлэлт, дүгнэлт өгч цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь ихээхэн чухал. Тиймээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар “ТV-9” телевиз 10-15 жилийн дараа ямар байр суурьтай, хэрхэн хувьсан өөрчлөгдөх талаарх  санал санаачлагууд гарна гэж итгэж байна” гэлээ.
“ТV-9” телевиз үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр илгээлт явуулсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Донров, ахмад ажилтан М.Ширбазар нар  “ТV-9” телевизид ажиллаж байсан тухайгаа дурссан юм.
 
Т.Баасансүрэн: “ТV-9” ТЕЛЕВИЗ МОНГОЛ ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ АЖИЛЛУУЛЖ БАЙНА  
 
Хурлын үндсэн илтгэлийг “ТV-9” телевизийн гүйцэтгэх захирал, УБЭИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн тавьсан юм. “TV-9” телевизийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: үр дүн, туршлага, сургамж илтгэлд “Монголчууд өдөр тутмынхаа мэдээллийн  86 хувийг телевизийн сувгуудаас авч байна гэсэн судалгаа бий. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 онд  21 аймгийн телевиз үзэгчдэд тандалт судалгаа хийхэд  “ТV-9” телевиз соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн үүргээ хамгийн сайн биелүүлж байгаа сувгуудын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ. Хамгийн шуурхай, тэнцвэртэй  мэдээлэл түгээдэг  сувгуудыг “ТV-9” телевиз  манлайлсан байна.  Хамгийн сонирхолтой хөтөлбөр бэлтгэн гаргадаг үзүүлэлтээр хоёрдугаар байрт орж,  40-50 насны хоорондох үзэгчдийн тоогоор улсад тэргүүлсэн байна. Нийт телевизийн хөтөлбөрийг бүтцийн хувьд судалж үзэхэд хамгийн олон талт мэдээлэлтэй телевизээр “ТV-9” телевиз шалгарсан бол хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахууны сэдэвт нэвтрүүлгийн тоо хэмжээгээр “ТV-9” телевиз хоёрдугаар байрт, шинжлэх ухаан, танин  мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдээрээ  гуравдугаар байрт жагсч байв. Орон нутгийн үзэгчдийн үнэлэмжийн дагуу телевизүүдийн рейтингийг тогтоож эрэмбэлэхэд “ТV-9” телевиз нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөрийн агуулга ба бүтэц, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага зэрэг долоон үзүүлэлтээр хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн байна. Тус телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр, “Монгол коммент” шууд нэвтрүүлэг, танин мэдэхүйн “АХА”, спортын чиглэлийн нэвтрүүлгүүдийг орон нутагт хамгийн ихээр үздэгийг уг судалгаа тогтоосон байна. “ТV-9” телевиз өнөөдөр ч уг байр сууриа хадгалсан хэвээр байна. Аймаг, орон нутгийн үзэгчид нь тус телевизийн үнэнч хэрэглэгчид юм. “ТV-9” телевиз нь ард түмний амин эрх ашгийг хамгаалж ямагт сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болж байдаг онцлог нь нөлөөлсөн байх үндэслэлтэйг сэтгүүлзүйн зарим судлаач эрдэмтэд тэмдэглэжээ.Алдаагаа арилгаж, амжилтаа бататгах нь ой тэмдэглэх хамгийн зөв арга хэлбэр, зөв зүйтэй чиг хандлага юм. “ТV-9” телевизийн өнгөрсөн 15 жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, шинжлэн тоймлож, тодорхойлон томъёолж хэлэх юм бол,  “ТV-9” телевиз нь өвөрмөц өнгө төрх, дуу хоолойтой, үйл ажиллагааны тов тодорхой чиглэл бүхий чөлөөт телевиз болон төлөвшиж байна. Үзэгчдийг татаж  байгаа тэргүүлэх топ арван телевизийн нэг, олон нэвтрүүлэг хөтөлбөрөөрөө топ таван телевизэд зүй ёсоор тооцогдож байна. Энэ бол үүсэн байгуулагдаад  15 жил болж байгаа “Таны телевиз ТV-9”-ийн нийгэмд үзүүлж байгаа үр өгөөж, нэвтрүүлэг хөтөлбөрүүдийн үр нөлөө өндөр түвшинд байгааг илтгэж буй гол үзүүлэлт мөн. Энэ бүгд “ТV-9” телевизийн программ төлөвлөлт шинжлэх ухааны үндэслэлтэй, үндэсний контент үйлдвэрлэл нь зөв чиг гольдрилоор явж байгааг илтгэн харуулж байна.  Монгол хэлний мэргэжлийн зөвлөхийг ажиллуулж буй нь үйл ажиллагааны санаа авууштай сайн туршлага болно.  “ТV-9” телевизэд бусад теле сувгуудад байхгүй өөрийн гэсэн нэг өвөрмөц онцлог байна. Энэ нь Монголын ард түмний үндэсний амин чухал эрх ашгийг тэргүүн байранд тавьж, түүнийг өмгөөлж хамгаалах гуйвшгүй шинж чанар, зарчимч байр суурь нь юм. Oлолт амжилтаа бататгаж, алдаа дутагдлаа арилгах чиглэлээр санаачилга гарган ажиллаж энэ нь хэвшил болж байгаа нь зөв чиг хандлага мөн. Гэхдээ дээр дурдсан бүхэн нь “ТV-9”-ийн  үйл ажиллагаа, нэвтрүүлэг хөтөлбөрүүдэд дутагдал доголдол огт алга гэсэн үг хараахан биш юм” гэдгийг онцоллоо.
 
М.Зулькафиль: МОНГОЛ ХЭЛЭЭР НЭРЛЭСЭН НЭВТРҮҮЛЭГ 53.6 ХУВЬ, ГАДААД ХЭЛЭЭР НЭРЛЭСЭН НЬ  46.4 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
 
Харин МУИС-ийн тэнхимийн эрхлэгч,  түүхийн шинжлэх  ухааны доктор (Sc.D), профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль “Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд телевизийн үүрэг” илтгэлдээ  дэлхий дахинд телевиз эх сууриа тавьснаас 60 орчим жилийн дараа 1967 онд манай оронд телевизийн эх үүсвэр тавигдсанаар телесэтгүүл зүй хэмээх мэдээллийн цоо шинэ үзэгдэл Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн байрыг эзэлж, эрчимтэй хөгжих эхлэл тавигдсан онцлогтойг дурдав. Тэрээр “Олон телевиз бий болох нь ард түмний мэдээлэл олж авах, танин мэдүүлэх, зугаацуулах боломжийг нэмэгдүүлэх, реклам олгогчдод шинэ боломж нээж, залуу сэтгүүлчдийг ажлын байраар хангах, чанартай нэвтрүүлгийн төлөө өрсөлдөөн бий болох сайн талтай. Мөн дижитал телевизийн эх үүсвэр тавигдаж, телемэдээллийн шуурхай чанар дээшилж, манай орныг дэлхий дахинд таниулах, сурталчлах талаар идэвхтэй алхам хийх болсон нь телесэтгүүл зүйд ажиглагдаж буй шинэлэг алхам. Телевиз зөвхөн мэдээллийн хэрэгсэл төдийгүй урлагийн чухал хэрэгсэл гэдгийг ухамсарлаж, дэлхийн сонгодгоос эхлээд үндэсний урлагийн ололт амжилтыг сурталчилж, үзэгч олонд гоо зүйн хүмүүжил олгоход  хувь нэмэр оруулж байгаа нь эерэг үзэгдэл юм. Манай телесэтгүүл зүйд  ололт амжилт, шинэлэг хандлага, эрэл хайгуул байгаа боловч цаашид  анхаарч засаж залруулмаар алдаа дутагдал цөөнгүй байна. Энэ бол  тухайн телевизийн эзэмшил, удирдлага менежмент, уран бүтээлчдийн авьяас чадвар, идэвх санаачлагатай холбоотой.Телевиз болгон улиг болсон сэдвийн хүрээнд эргэлддэг, нэг нь нөгөөгөө давтаж, шинэ зүйл сэтгэж, өөрийн гэсэн өнгө аястай  бус гадаад, дотоодын теленэвтрүүлгийг даган дуурайж, хуулбарладаг. Сүүлийн жилүүдэд бизнес мэдээ хэмээх далд сурталчилгаа газар авлаа. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийн багтаамж эрс муудаж, ашигтай, идэвхтэй мэдээллийн тоо багассан. Ямар хэлээр телевиз үзэж, сонин уншиж, радио сонсож буйгаа  мэдэхээ больсон. “City news” үзэж, “ТВ коктейль” ууж, Реалити шоугоор сэтгэлээ баясгаж, “Home shop”-ooр аялж, “Hello music” сонсож, “Total sport”-ыг сонирхож, “Day time”-аар амарч, “Maximum Bisness” хийж, бас Вакцин тариулж, Yes&No… гэж суудаг боллоо. Энэ бол манай телевизүүдийн гадаад нэртэй нэвтрүүлгүүдийн өчүүхэн хэсэг нь. Харин ТВ9 телевизэд гадаад нэртэй нэвтрүүлэг харьцангуй цөөн юм. Телевизүүдийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж үзэхэд Монгол хэлээр нэрлэсэн нэвтрүүлэг 53.6 хувь, гадаад хэлээр нэрлэсэн нь  46.4 хувийг эзэлж байгаа нь гадаад хэлийг хэт их шохоорхож, эх хэлээ үл хүндэтгэж буйн илрэл мөн. Телевизүүдийн титрээр өгч байгаа бичвэр  алдаатай. Үүн дээр телесэтгүүлчдийн ярианы соёл, нэвтрүүлэг хөтлөх ур чадвар, ёс зүй дутмаг. “Уруугаа харсан пирамид”, “эрчимт хөдөлгөөн”-ий нэгдэл зэрэг бүтэц зохиомжийг ашигласан мэдээ, мэдээлэл, амьд сурвалжлага, эсвэл теленийтлэл өдрийн од шиг ховор байна.  Телевизүүдэд ажиглагдаж буй нэг ноцтой дутагдал бол жүжигчин, дуучин, тамирчин зөвхөн энтертайнмент шинжтэй нэвтрүүлэг төдийгүй томоохон ярилцлага, хэлэлцүүлэг, хөрөг нэвтрүүлэг хөтөлдөг болсон нь телесэтгүүл зүй хэмээх гайхамшигтай хэрэгслийн гутааж, мэргэжлийн үнэ цэнийг үгүй хийх болсон. Бодлого алдагдаж, чанаргүй үлбэгэр нэвтрүүлэг олширсон нь  мэргэжлийн найруулагч, сайн менежер уран сайхны зөвлөл байхгүйтэй холбоотой. Уран сайхны зөвлөл гэдэг бол аливаа телевизийн нэвтрүүлгийн бодлогыг тодорхойлогч, чиглүүлэн заалдаг луужин, нэвтрүүлгийн чанарын барометр байх ёстой хамгийн гол нэгж байдаг. Телевиз болгон бусдаас ялгарах өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж чадахуйц нэвтрүүлгийн бодлого, менежменттэй байж эрэл хайгуул хийх ёстой. Үүнийг хийх гол нэгж  нь чадварлаг багаас бүрдсэн Мэргэжлийн уран сайхны зөвлөл байх ёстой. Мөн боловсон хүчний бодлогод онцгой анхаарч, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, гадаад орнуудад туршлага судлуулах шаардлага тулгарч байна. Сэтгүүл зүйн судалгааг хөгжүүлэх, түүний дотор телесэтгүүл зүйн судлалыг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Ялангуяа үзэгчдийн дунд социологийн судалгааг тогтмол явуулж ололт амжилт, алдаа дутагдлыг тодорхойлж, теленэвтрүүлгийн бодлогыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, нэвтрүүлгийн агуулгад дүн шинжилгээ хийх аргаар сэтгүүлчдийн ур чадвар, ажлын чанарыг сайжруулах шаардлагатай. Телевизүүд судалгааны байгууллагад захиалга өгч судалгаа хийх системд шилжих нь теленэвтрүүлгийг сайжруулах хамгийн зөв арга мөн. Телевизийн дотоод хяналт, сэтгүүлчийн өөрийн хяналтыг эрс сайжруулах хэрэгтэй” гэлээ.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин