“Залуучуудыг хөгжүүлэх, амьдралд бэлтгэж туслалцаа үзүүлэх ийм төв байгуулсан маань бидний залуучууддаа барьсан 
хамгийн том бэлэг байх” 
 
HUB Инновацийн төвийг санаачлагч, анхны эвентийн зочин 
Улаанбаатар хотын захирагч
С.Батболд
 
Уг нь инноваци хэдэн зуун мянган жилийн өмнөөс, хүн төрөлхтнийг иргэншиж эхлэхтэй л зэрэгцэж гарсан ойлголт юмсанж. Одоо зарим нэг улс төрчид энэ үг, санааг сүржигнүүлэн хэтрүүлэн хэрэглэж, хийсвэр хоосон зүйл болгож орхидог. Чулуун зэвсэг хэрэглэх болсон, түүнийгээ байнга сайжруулсаар нум сум зэрэг холоос ан хийх зэвсэгтэй болсон нь жишээлбэл инноваци байлаа. Монголчуудаас хүн төрөлхтний зэвсгийн инновацид оруулсан хувь нэмрийг композит нум гэж үздэг. Нумны хийцийг олон төрлийн материал, олон бүрдэл хэсгээр нарийн бодож боловсруулсан технологи дарааллаар хийдэг болсноор илүү хол, илүү хүчтэйгээр сумыг харвадаг болсон юм. Тухайн цагтаа байлдааны талбарт давуу тал олох нэг шалтгаан нь энэ байлаа. 
Тэгэхээр инноваци бол ердөө л ямар нэгэн зүйлийг шинээр сэдэж хийх, илүү үр дүнтэй болгохын тулд өөрчлөх, шинэчлэх явц юм.  Шинэ санаа, шинэ багаж хэрэгсэл, шинэ аргачлал - ингээд л ойлгочиход илүү хялбар. Орчин цагт энэ үгийг илүүтэй хэрэглэх болсон нь технологийн үсрэнгүй дэвшилтэй холбоотой юм. Интернет, мэдээллийн технологийн хөгжил нь маш олон зүйлийг хялбарчилж, мэдлэгийг хүртээмжтэйгээр түгээж байгаагаагс инноваци урьд хожид байгаагүй далайцтайгаар хийгдэх боломжийг нээж орхижээ. 
Инновацийг төрөөс дэмжих, бойжуулах аргууд ч инноваци болон гарч ирсэн. Эндээс гарааны бизнес гэх ухагдахуун үүссэн бөгөөд хөгжилд тэмүүлж байгаа улс орон бүр гарааны бизнесийг дэмжих, инновацийг бойжуулах, торниулахад чухалчлан анхаарах болжээ. 
Гарааны бизнесийн амжилтын тод жишээ болсон Инстаграм сүлжээ дундын оффист бойжсон гэдэг. Инстаграмыг үүсгэн байгуулагч Кевин, Майк хоёр Сан Францискогийн DogPatch Labs гэх дундын оффист өөрсдийн санаагаа бодит болгох ажлуудаа хийхээр төвхнөж, ердөө хоёрхон жилийн дотор амжилтад хүрч чадсан юм. Инноваци, гарааны бизнес, дундын оффис гэх мэт үгсийн цаадахь утгыг төдийлөн сайн ойлгодоггүй байсан цаг саяхан. Харин өнөөдөр Монголын гарааны бизнес эрхлэгчид, залуу мэргэжилтнүүд санаа зорилгоороо ижилсэн нэг дор цуглан, өөрийн тааваар чөлөөтэй ажиллах, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, менторуудаас зөвлөгөө авах, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломж олгодог дундын оффисуудыг өөрсдөө нээн, бусдадаа ч боломж олгон хамтран ажилладаг болжээ. 
Гэхдээ гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэхэд төр, академик институтууд, хөрөнгө оруулагчид, авьяастнууд, энтрепренерүүд, олон нийтийн гээд оролцогч талуудын бүгдийнх нь хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг. Тэгвэл үүнд хамгийн чухал оролцоотой, дэмжигч хэсэг болсон төр хэрхэн оролцож байна вэ? Хамгийн сүүлийн жишээг дурдъя. 
 
“Улаанбаатар хотод инновацийн тогтолцоог бүрдүүлэх шинэ санаа, инновацид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих цогц талбар” гэсэн тодорхойлолттойгоор нээгдсэн HUB Инновацийн төвийн нээлт өнгөрсөн 6 дугаар сарын 6-ны өдөр болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар нээгдэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үлгэр жишээг үзүүлж буй.
 
 
HUB Инновацийн төв нь #hubcoworking, #hubincubator, #hubevents, #hublabs-аас бүрдэнэ.
#hubincubator - гарааны бизнес эрхэлж буй залуучууддаа тулгамддаг материаллаг нөөц буюу шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зоригоор дүүргэж өгөх зорилгоор бизнесийн инкубатор болон хурдасгуурыг үүсгэжээ.
#hubcoworking - хотын төвийн таатай байршил, тохилог орчин, хүсэл зорилго нэгтэй залуучуудтай хөршлөн, оюунлаг арга хэмжээ, хөтөлбөрөөр буцалсан боломжийн үнэтэй оффистай байх нь амжилтын эхлэл юм. Энэ бүхний зэрэгцээ Принтер/Канон үнэгүй ашиглах, Хурал/уулзалтын өрөөний хөнгөлөлт, Хувийн шүүгээ зэргийг олон давуу талтай орчинг бүрдүүлжээ.
#hubevents - заавал дундын оффист суухгүй ч гэлээ өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг, шинэ санааны эрэлчдэд зориулж төрөл бүрийн арга хэмжээ, эвентүүд зохиогдсоор байх боломж олгодог.
 
 
Өнгөрөгч долоо хоногт болсон PechaKucha Night, энэ долоо хоногоос эхлэх Social Media Week эвентүүд HUB Инновацийн төвийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. 
HUB Инновацийн төв нээлтээ хийснээс хойш 4000 гаруй хүн хамрагдсан 50 гаруй эвент, арга хэмжээ зохион байгуулжээ. HUB Инновацийн төвийн дундын оффис 300 хүртэл гишүүнтэй болох боломжтой, бизнес инкубатор нь 12 компани бойжуулах хүчин чадалтай. Хагас жил хүрэхгүй хугацаанд тус төвийн дундын оффис 70 гаруй гишүүнтэй болсон гэдэг чамлахааргүй амжилт юм.
“Penta Space” студийн үүсгэн байгуулагч Э.Амартүвшин: Инноваци гэдгийг санаа болон нийгэмд сурталчлах сурталчилгааны үржвэр юм гэсэн тодорхойлолт байдаг. Үржих гэдгийг сайн анхаараарай. Аль нэг нь 0 байвал инноваци байхгүй гэсэн үг юм.
Зөвхөн инновацийн төв, дундын оффис, бизнес инкубатор гэх төдийгөөр тус төвийн үйл ажиллагааг хязгаарлаж бодох биш энд шинэлэг бүхний эхлэл тавигдаж, энд оюутан залуус сайн үйлсийн төлөө, содон сонирхолтой бизнесийн санаагаа олж, улсаа хөгжүүлэх, олон улсад гарч өөрсдийн байр сууриа олж, бэхжүүлэхээс эхлээд хувь хүнийхээ хувьд хөгжиж боловсрох, сурах үйл явцаа эрчимжүүлэх гэхчилэн маш олон зорилгоо бодит болгох боломж дүүрэн бий. 
Нийслэлийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ур чадвартай, мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин улмаар олон улсын зах зээлд нэвтрэх боломжуудыг танилцуулах, мэдлэгт тулгуурласан инновацийн технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, Гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар инновацийн төсөл хөтөлбөр, гарааны бизнесийг санхүүжүүлэх; Инновацийн талаархи бодлогын хүрээнд авч буй арга хэмжээ, хэрэгжүүлж буй төсөл, түүний үр дүнгийн талаар тухай бүрт олон нийтэд сурталчлах гэхчилэн төрийн зүгээс авч хэрэгжүүлэх зүйлс ч HUB Инновациар дамжин иргэдэд хүрэх учир энэ төвийн үүд сонирхсон хэн бүхэнд үргэлж нээлттэй байх болно.
Инновацийн үр дүнд бий болох нэмүү өртөг, үр ашиг нь баялагийн хуваарилалт, дахин хуваарилалтыг зохистой хийх нөхцөлийг бүрдүүлснээр баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн гажуудлыг арилгаж, нийгэмд тэгш эрх, шударга ёс тогтоход нөлөө үзүүлэх юм.
 
Ирээдүйдээ санаа тавьж байгаа бол инновацид анхаар
 
Улс орны хөгжил, ирээдүй үндэсний аюулгүй байдал, дэлхийн зах зээл дээр эзлэх байр суурь бүгд технолги эзэмшилтээс, инновацийг нэвтрүүлж чадсан эсэхээс шууд хамаарах тийм эрин үе рүү бид гулсан орж байна. Монгол мэтийн цөөн хүн амтай улсууд ялангуяа инновацид онцгойлон анхаарахгүй бол хоцрогдон үлдэх эрсдэл бий болжээ.
Энэ тал дээр бидэнд үлгэр жишээ болох улс бол Израиль юм. Үржил шимгүй цөлд, дайсагнасан олон зуун сая хүмүүсийн хүрээлэл дунд орших жижиг улсыг дэлхийн бодлого тодорхойлолцдог, бүс нутгийн асуудлыг шийлвэрлэхэд оролццулахаас өөр аргагүй нөлөө бүхий хүчирхэг улс болгосон зүйл нь инноваци юм. Израилийн төр энтрепренёр сэтгэлгээ, инновацийг хөхүүлэн дэмжихэд онцгой анхаарч ирсний ачаар өнөөдөр тус улсаас хамгийн олон гарааны бизнесүүд төрж, дэлхийн түвшинд хүртлээ томорч байна. 
 
Менежментийн онолч Питер Ф. Друкер инновацийн дараах эх үүсвэрүүдийг дурдсан: 
 
- Үйлдвэрлэл, зах зээлийн хэрэгцээ ба дотоод орчин, бүтцэд өөрчлөлт хийх; 
- Хүн ам зүйн төвлөрөл, өөрчлөлтүүд; 
- Хүмүүсийн хэрэглээний болон амьдралын талаарх ойлголт гарч буй өөрчлөлт; 
- Шинэ мэдлэгийн хуримтлал нь чанарын үсрэлтийг бэлэн болгодог гэх мэт. 
Өнөөдөр Улаанбаатар хот 1,4 сая хүнтэй болж, маш олон асуудал овоорч, тулгамдаж байгаа нь тэдгээрийг шийдэх инновацийг эрэлхийлэхэд хүргэж байгаа юм. Үүнийг олж харж, шийдэж байгаа нь хотын дарга С:Батболдыг үнэлэх, хүндлэх нэгэн сэжүүр болж байна. Улс төрчийн алсын хараа, зоримог шийдлүүд нь өөрөө нийгмийн салбарын инноваци болж байдаг билээ.
 
 
Я.Баяр