sonin.mn
Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноор “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ–ыг үүсгэн байгуулагч “Англофрейт” компанийн захирал Д.Оюунбилэгийг урьлаа.
 
–Танай байгууллагын  ТУЗ–ийг найман компанийн төлөөлөл бүрдүүлдэг гэсэн. Байгууллагынхаа зорилго, чиглэлээс хуваалцаач?
 
-“Англофрейт” компани 2004 онд байгуулагдсан. Олон улсын худалдаа, тээвэр  зуучлал, ложистикийн  үйлчилгээ эрхэлдэг.Одоогоор  АНУ, Канад, Японд салбар компанитай.
 
2015 онд 10 жилийн ойгоороо Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн ложистикийн нэгдсэн төвийг АНУ-д нээсэн. 10 жилийн ойгоо угтаж Монголын экспортыг өөрийн бааз суурийг үндэслэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг АНУ-ийн зах зээлд гаргахад нь тусалж дэмжих зорилго тавьсан юм. Тухайн үед Аж үйлдвэрийн яам үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлэх бодлого барьж байсан. Энэ бодлогынхоо дагуу экспортыг нэмэгдүүлбэл  бизнес сайжирна гэж харснаар “Экспорт олон улсын худалдааны  төв”-ийг 2018 онд байгуулж үндэсний үйлдвэрлэгчдэд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавьсан.
 
–Ямар бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байдаг вэ?
 
-Ноолуур, арьс шир, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байдаг.  2015 оны 11 дүгээр сард манай байгууллагаас АНУ-д үзэсгэлэн зохион байгуулах санаачлагыг яаманд тавьсан. Мөн үйлдвэрлэгчдийг үзэсгэлэнд нэгдэж оролцохыг уриалж АНУ-ын Элчин сайдын яам, Гадаад худалдааны яаманд санал хүргүүлж энэ ажлыг амжилттай зохион байгуулсан юм.Гэхдээ анх удаа зохион байгуулсан учраас туршлага дутсан. Монгол бараа бүтээгдэхүүн чанартай учраас шууд АНУ зах зээлд гарчихна гэж  бодсон нь алдаа байсан. Бодит байдал дээр манай үйлдвэрлэгчид бэлэн болоогүй байсан.Тодруулбал авч очсон хэдэн цүнхтэй бараагаа хэрхэн борлуулах вэ гэдэгт анхаараад цаашид үйлдвэрлэлээ хэрхэн томруулах вэ гэдэг санааг олж чадаагүй. Бид ч хэдийгээр сайтар төлөвлөсөн ч үр дүнтэй зүйл болоогүй. Гэхдээ энэ арга хэмжээгээ уламжлал болгон гурван жил Америк,Канад, Японд зохион байгуулж бизнес уулзалт, хэлэлцүүлэгээр өргөжүүлсээр байна.
 
–Үр дүн нь хэр мэдрэгдэж байна. Одоогоор хэдэн компани бүтээгдэхүүнээ экспортолж  байна вэ?
 
-Бидний зорьж байсан тээврийн урсгал,гадагшаа экспортлох бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ төдийлөн нэмэгдээгүй.Тиймээс МУИС, Эдийн засаг бизнесийн сургуулийн багш нартай хамтарч  үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүний тоо болон чанарын судалгаа авсан. Төр, засгийн бодлого, хувийн хэвшлийнхний нэгдмэл байдал үгүйлэгдэж байгааг судалгаа харуулсан. Өөрөөр хэлбэл төрөөс экспортыг дэмжих төсөл хөтөлбөр, бодлогын  бичиг баримт хангалттай байдаг боловч түүнийгээ үйлдвэрлэгчдэд таниул­даггүй. Санхүүгийн хувьд Дэлхийн банк, Европын Сэргээн босголтын банк, Жайка, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хөнгөлттэй зээл авах боломж нээлттэй. Гэвч үйлдвэрлэгчдийн  нэгдмэл байдал, гадаад зах зээлд гаргах, холбоо тогтоох аргаа мэдэхгүй байгааг олж харсан. Түүнчлэн төрийн тогтворгүй байдал, үйлдвэрлэгчдээс төрд хандах олон шат дамжлага саад болдог. Мөн үйлдвэрлэгчид тухайн орныхоо зах зээлийг судлаагүй, хэрэглэгч  ямар бүтээгдэхүүн хүсч байгааг мэдэхгүй. Миний бүтээгдэхүүн чанартай тиймээс тэд авна гэсэн нийтлэг ойлголттой байгаа нь  учир дутагдалтай байсан. Судалгааны эцэст Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа л бол төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөрийг,гадаад зах зээлтэй нь холбох нэгдсэн сүлжээ байгуулага хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг сувгаар экспортоо нэмэгдүүлэх боломжтой.
 
–Уг нь Гадаад харил­цааны яам болон Элчин сайдын яаманд энэ ажлыг хийх мэргэжилтэн байдаг биз дээ?
 
– Хариуцсан мэргэ­жилтэн байдаг хэдий ч төсөв нь хүрэлцэхгүй болохоор ганц хоёр хүн нь өдөр тутмын бичиг цаасны ажлаас хэтэрдэггүй.Монголын аж ахуйн нэгжүүдийг гадаад зах зээлд танилцуулаад явах боломжгүй юм билээ.
Хэрэв нэг бүтээгдэхүүнд захилга ирлээ гэж бодоход 10, 20-н үйлдвэр нийлж л үйлдвэрлэнэ. Үйлдвэр дангаараа нийлүүлэх боломжгүй. Тэгэхээр зайлшгүй бодлогоор зангидах байгууллага хэрэгтэй болсон.
 
–Нэг компани дангаараа амжилт олохгүй гэдгийг мэдэрч сонирхол нэгтэй  компаниуд нэгдсэн гэж ойлголоо?
 
-Хамтарч ажилладаг байгууллага болон энэ чиглэлд мэргэшсэн мэргэжилтнүүдэд санал тавьж  “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-ыг байгуул­сан. Одоогоор бид үйлдвэр­лэгчдээ чадавхижуулах, гадаад зах зээлээ судлах аргад сургах бодлого барьж байна. Эхлээд бид дотооддоо хүчирхэгжиж багаа сайн бүрдүүлсний дараа гадаад зах зээлд гарах бэлтгэлээ хангах  ёстой. ХХААХҮЯ, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд манай үйл ажиллагааг дэмжиж байна. Саяхан бид “Япон улсын зах зээлд яаж  амжилттай нэвтрэх вэ” сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан. ХХААХҮЯ-ны дэрэгдэх “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан” 2015 оноос хойш гадаадад болж байгаа үзэсгэлэн худалдаа, сурталчилгааны ажилд хамтран ажиллаж байна. Одоогоор Хөгжлийн банктай тодорхой хөтөлбөрүүд болон Дэлхийн банкны экспортыг дэмжих хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа эхлүүлж эхний сургалтуудаа хийлээ. Манай гадаад дахь салбарт Монголын зах зээлийг мэддэг экспертүүд ажиллаж тухайн орны зах зээлийг судалдаг. Эдгээр сургагч, экспертүүд Монголдоо ирж сургалтыг удирддаг.Цаашид үндсэний үйлдвэрлэгчдийг нэгтгэж гадаад зах зээлтэй холбох ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл, АНУ, Японы жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татах ажил хийнэ. Ингэснээр тухайн хоёр улсын үйлдвэрлэгчдийн мэдээллийн нэгдсэн бааз манайд бий болох учиртай юм.Тэдний эрх ашгийг гадаад зах зээлд хангах, баталгаажуулалт нь болно гэсэн үг. Манай ТББ-ын “Хүний нөөцийн тогтвортой хөгжил”, “Хөгжлийн санаачлага”, “ Ойска Монгол”  ТББ болон “Англофрейт, “Тобамаркет”,”Санаса ассист” компани ТУЗ-ыг бүрдүүлдэг. Түүнчлэн үйлдвэрлэгчид  гишүүнээр элсдэг. Ойрын таван жилд Монголын ноосон бүтээгдэхүүн болон арьс шир, органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд ялангуяа хойд Америк, Японы зах зээлд амжилттай нэвтрүүлэхийг зорьж байна. Японд бизнес форумыг зохион байгуулсан. Ирэх аравдугаар сард Японы арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол төвд Монголын үйлдвэр­лэгчидтэй хамтарсан бизнес уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар “Хос аз”, “Их эргэлт” зэрэг компаниуд технологийн судалгаа хийнэ. Арваннэгдүгээр дүгээр сард Америк, Канадад бизнес уулзалт хийхээр төлөвсөн. Ирэх оны хоёрдугаар сард Японы хүнс үйлдвэрлэгчдийн гол цэг болсон  Шикокү мужид үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Үүнд манай хүнсний үйлдвэрлэгчид түлхүү оролцох боломжтой.Саяхан Шикокү мужийн эдийн засаг хамтын ажиллагааны нийгэм­лэгээс төлөөлөгчид ирж манай үйлдвэрлэгчдэд зах зээлийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн.
 
-2015 онд Америкт ложистикийн төв, өнгөрсөн онд худалдааны цэг байгуулсан гэлээ. Хөрөнгө оруулалтыг нь хаанаас хийж байна вэ?
 
– Манай Америк дахь ложистикийн төвөөр бүх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хийх бүрэн боломжтой. Мөн АНУ-ын Чикагод худалдааны цэгээ байгуулсан.Тэнд  үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ байрлуулж шууд худалдаа хийж болно. Мөн аж ахуйн нэгжүүд салбар төвөө байгуулж борлуулалтаа хийх, цогц үйлчилгээг авах боломж бүрдсэн.Түүнчлэн экспортлогчдод зориулж бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.Зах зээлийн судалгааг хийж байгууллагын маркетинг, менежментийг сайжруулах, стратеги төлөвлөгөөг боловсруулах, Дэлхийн банкны төсөлд хэрхэн хамрагдах зэрэг асуудлын шийдлийг тодорхойлох юм.
Манайх ноолуурын нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог. Гэтэл бүх ноолуураа Хятад улс руу түүхийгээр нь гаргадаг. Хятадууд  боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг. Манай улсад үйлдвэрлэл явуулахад хүний нөөц, гадаад зах зээлд захиалгагүйгээс олон боломжийг алдаж байна. Нөгөөтэйгүүр  түүхий эд бэлтгэлээ хийж чадахгүй, эргэлтийн хөрөнгөгүй зэрэг бэрхшээлүүд байдаг.Үүнийг шийдэх боломж бий.Өөрөөр хэлбэл, түүхий эдийнхээ 20-30  хувийг авч үлддэг болмоор байна. Захиалгагүй учраас түүхий эдээ нөөцөлж эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй зэрэг хүндрэлүүд байсаар л байна.Захиалга авлаа ч үйлдвэрлэх мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцгүй. Тиймээс энэ мэт тулгамдсан асуудлаа шийдвэрлэвэл олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой.Үүний тулд бэлтгэлээ сайн базааж хүчээ нэгтгэвэл бид гадаад зах зээлд амжилт олох боломж ихээ.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин