Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын холбооны /ВАГГГС/ Ази Номхон далайн Андуудын хандивын үйл ажиллагаа өчигдөр "Блью скай” зочид буудалд боллоо.
Энэхүү үйл ажиллагаа нь Монголд анх удаа болж байгаа бөгөөд зорилго нь Монголын охид, залуу эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө хөдөлгөөнийг удирдахад туслах,  Монголын Эмэгтэй Скаутын холбоо /МЭСХ/-ны санал санаачилгыг дэмжих юм.
Хандивын үйл ажиллагаанд Дэлхийн эмэгтэй Гайд, эмэгтэй скаутын холбооны /ВАГГГС/ Ази Номхон далайн Австрали, Гонконг, Майлаз, Солонгос, Япон, Тайван, Тайланд зэрэг улс орны Андуудын төлөөлөгчид оролцсон юм. Тодруулбал, Ази Номхон далайн андуудын бүлгийн санаачлагч Солонгос улсын Жу Сеон Буюн, Малайз улсын гүнж Азизах Искандар, Андуудын ажлын албаны дарга Чин Чин Ви-Он  нарын албаны хүмүүс хүрэлцэн иржээ. 
Андуудын ажлын албаны дарга Чин Чин Ви-Он, “МЭСХ-г хөгжүүлэхийн тулд өнөөдрийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улс бүрийн скаутын холбооны төлөөлөгчид эх орныхоо онцлогыг таниулсан бүтээлүүдийг энд худалдаалж байна. Худалдаанаас олсон ашгаа МЭСХ-д хандивлаж өөрийн гэсэн байртай болоход тусална. Ингэснээр МЭСХ улам өргөжиж, цар хүрээ нь тэлж, үйл ажиллагаагаа явуулахад илүү хялбар болох болов уу” гэлээ.
Цаашид Дэлхийн энэхүү томоохон хөдөлгөөнөөс боловсруулсан зааварчилгаа, хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх үйлсэд ЕБС-иуд, ААН байгууллага, Олон улсын байгууллага, хувь хүмүүстэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид энэ сарын 9-10 ны хооронд ЕБС-ийн охидын скаутын үйл ажиллагаа, Монгол зан заншилтай танилцаж, өртөөгөөр аялан, УИХ-ын Эмэгтэй гишүүдтэй уулзжээ. 
МЭСХ ТББ нь Дэлхийн эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын холбооны гишүүн байгууллага бөгөөд ЕБС-ийн 8-17 насны охид болон 18-30 насны залуу эмэгтэйчүүдийг манлайлагч, багаар шийдвэр гаргах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, бусдад эерэг нөлөөлж өөрчлөлт хийдэг, нийгэмд тустай, хариуцлагатай зөв хүн болж төлөвших бүхий л чадвараа хөгжүүлэхэд нь туслах юм байна.
 
Б.Янжиндулам
Эх сурвалж: Монцамэ агентлаг