ХАРАРЕ. /Синьхуа/. Зимбабве улсын нийслэл Хараре хотод булчин задрах тахал буюу холерын тархалт эрчимтэй нэмэгдсэний улмаас онцгой байдал зарласан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Нийслэл хотын зах хэсгийн хүн амын нягтшил ихтэй Глен-Вью болон Будириро дүүрэгт уг өвчний тархалт хамгийн өндөр байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт уг өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш 20 хүн нас барж, 2000 гаруй хүн өвчлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ тус улсын бусад бүс нутгуудад ч мөн тархаад байна.
Зимбабве улсын шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Овадия Мойогийн сэтгүүлчдэд мэдээлснээр, уг өвчний тархалтыг зогсоохын тулд мах болон загасны худалдааг хориглож, өвчинд нэрвэгдсэн бүс нутгийн сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
“Бид Хараре хотод онцгой байдал зарласан. Ингэснээр булчин задрах тахал, гэдэсний хижиг болон бусад төрлийн халдварт өвчин цаашид тархахаас сэргийлэх юм. Дахин хүний амь нас үрэгдэхээс бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэж О.Мойо нийслэл хотын эмнэлгээр зочилсныхоо дараа мэдэгдлээ.
Өвчний тархалтын гол шалтгаан нь бохирдсон худгийн уснаас үүдэлтэй ажээ. Өвчин тархсан бүс нутгийн нэрвэгдсэн иргэдийг цэвэр усаар хангахад тусламж үзүүлэхийг НҮБ болон бусад хувийн компаниудаас хүссэн гэж О.Мойо мэдээлсэн байна.
 
 
Хамгийн сүүлд 2008 онд Зимбабве улсад булчин задрах тахал хүчтэй дэгдэж байсан ба тухайн үед ийм өвчин туссан 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас барж байжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг