sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нар энэ сарын 10-наас Сүхбаатарын талбайд цалин нэмэхийг шаардан, жагсаал хийж эхэлсэн. Жагсаалд 10 мянга гаруй  багш нар нэгдсэн бөгөөд Нийслэлийн 66 сургууль, 10 цэцэрлэг, орон нутагт 21 сургууль, 18 цэцэрлэг  ажил хаяад байгаа юм.
87-р сургуулийн ҮЭХ-ны дарга Н.Оюунбилэг хэлэхдээ,“Бид өмнөх оны наймдугаар сараас Засгийн газарт цалин нэмэх тухай хандаж эхэлсэн. Улмаар Засгийн газраас энэ хичээлийн жилд бидний цалинг 8 хувиар нэмэн 300 мянган төгрөгийг олгоно гэсэн. Гэтэл 300 мянган төгрөгөө хувьд шилжүүлсэн нь цалин нэмэгдээгүйтэй адил болсон. Миний 480 мянган төгрөгийн цалин дээр 48 мянган төгрөг нэмснээс 10 мянга гаруй төгрөгийг суутгалд авч, 30 гаруй мянган төгрөг нэмэгдсэн.
 
 
Энэ цалингийн нэмэгдлийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Хүмүүст багш нарын цалинг 8-30 хувиар нэмсэн гэх худал мэдээлэл тарааж буй нь бидний эгдүүцлийг хүргэж байна. Манай Засгийн газар Боловсролын салбарыг тэргүүлэх салбар гээд зарлачихсан.  Гэтэл тэргүүлэх салбарын ажилчид нь томоохон компанийн үйлчлэгчийн цалингаар цалинжиж байгааг Засгийн газар юу гэж хардаг юм бол. Цаашид ажил хаялт Засгийн газар, багш нар зөвшилцөлд хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн суултын дараа Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авбал ажил хаялтыг зогсооход бэлэн” гэлээ.
 
Багш нарын ажил хаялтаас үүдэн сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа тухай 14-р сургуулийн багш Д.Нэргүй тайлбар өглөө.
 
Тэрбээр “Биднийг ажил хаяснаас болж хүүхдүүдийн хичээл завсардаж байгаад маш их эмзэглэж, санаа зовж байгаа. Гэхдээ сурагчдын эрх ашгийг багш нар эсвэл нийгэм, Засгийн газар зөрчөөд байна уу гэдгийг эцэг эхчүүд ялгах хэрэгтэй. Сурагчдын сурч боловсрох эрхийг Засгийн газар зөрчсөөр ирсэн. Яамнаас нэг багш 25-30 хүүхэдтэй ажиллах ёстой гэж заасан байхад 50-60 хүүхэдтэй ажилладаг нь Засгийн газар сурагчдын төдийгүй багшийн эрхийг зөрчсөн хэрэг.
 
 
Бид нормоос хэтэрсэн ажлын ачааллыг үүрсээр ирсэн. Ямар нэгэн хөл хорио тогтооход багш нар хичээлээ нөхдөг л байсан. Үүний адилаар багш нар цагаа зохицуулаад, сурагчиддаа аль болох ачаалал өгөхгүйгээр хичээлээ нөхөх боломжтой. Засгийн газар бидний хүсэлтийг шуурхай анхааралдаа авч, хичээлээ хэвийн явуулах боломжийг олгоосой гэж хүсч байна” гэв.
 
Багш нар Засгийн газарт дараах шаардлагыг тавьж байгаа юм.
 
2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсдын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,
 2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох
 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
Ажил хаялтад оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.
 
 
Багш нарын ажил хаяхтай холбогдуулан иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
 
Иргэн Д.Гунгааням: “Багш нар, Засгийн газар  хоорондоо зөвшилцөж байгаа гэж зурагтаар гараад л байх юм. Гэвч бодит амьдрал дээр дорвитой шийдвэрлэсэн зүйл алга. Багш нарыг ажил хаяснаас болж олон хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй гэртээ байна. Багш нар ажил хаяж байгаа нь төр ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой. Ажил хаялтаас үүдэн олон түмний сэтгэл санаа үймж байна”.
 
Иргэн Б.Лхагвадулам: “Багш нарын ажил хаях нь буруу. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Тэд маань хичээлдээ явж чадахгүй гэртээ эсвэл ажил руугаа авч явж байна. Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагатай байгааг ойлгоно. Гэхдээ буруу тэмцлийн арга сонгон хүүхдүүдийг хохироогоод байна” гэлээ.
 
Б.Янжиндулам
Эх сурвалж: Монцамэ агентлаг