sonin.mn
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийх алхам
 
Нийслэлийн засаг дарга С.Батболдын санаачилсан “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-д шүүмжилмээр юм ганц нэг байна. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүс буюу захын хорооллын оршин суугчид өөрийн хашааны газраа үнэлүүлэн Нийслэлийн газрын санд шилжүүлээд, оронд нь ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бөөнд нь авч болох тухай энгийн шийдлийг энэ сан санал болдог. Гэхдээ заавал захын гэр хорооллынх байх ёстой, газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна, банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 гэсэн хатуу шаардлагууд бас бий.
 
Чухам эндээс л эргэлзээтэй хэд хэдэн зүйл бодогдоод, сэжиг төрөөд ер болохгүй байгаа юм?
 
Эргэлзээ 1: Иргэдийн газрыг төр хямдхан зальдаж авах гээд байна уу?
 
Анх “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн тухай дуулмагц л ийм хар төрнө. Ялгаварлан гадуурхсан маягтай, газрын хэмжээ энэ тэр заасан ч байх шиг. Гэхдээ ахиулаад бодвол энд бас зөвшөөрөхөөс аргагүй хэд хэдэн шалтгаан байна аа...
Нэгдүгээрт, агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүс буюу хотын төвөөс чамгүй хол, төв зам, автобусны буудлаас зайтай айлуудын, гол нь Нийслэлийн агаарын чанар хамгийн муу үзүүлэлттэй газрын зах зээлийн үнэлгээ үнэндээ мөддөө өсөхгүй. Хоёрдугаарт, хашаа байшингаа зарах гэхээр ханасан үнэд хүрэх байтугай, бодсон бодлын хагаст ч хүрч чадахгүй байгаа нь үнэн. Ийм тодорхойгүй нөхцөлд өөрийн болоод хүүхдийнхээ ирээдүйг уяж, зун нь хөрсний бохирдол, тоос шороо, өвөл нь агаарын утаанд хордож сууснаас илүү тохитой, төвд, ойр байр сонгож, амьдралдаа өөрчлөлт хийх БОЛОМЖ нь “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн тавьж буй санал ч юм шиг санагдана. 
 
Эргэлзээ 2: Миний зарсан газрыг нугалж зарах гээд байна уу?
 
Газраа зарсны дараа тэнд илүү ашигтай зүйл хийж, хэн нэгэн ашиглаад дэгийж өгөх юм биш байгаа гэсэн хар эрхгүй төрнө. Гэтэл албаныхан өөр юм ярьж байна. Чөлөөлсөн газар дээр юун түрүүн, цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөжээ. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барих БОЛОМЖ ч бий болох аж. 
 
Эргэлзээ 3: Яагаад зөвхөн захын хороолол гэж. Сүрхий юм бол энэ төслөө нийтэд нь хэрэгжүүлэхгүй яасан юм?
 
Гэр хорооллынхныг ёозлоод, ялгаварлаад байгаа юм шиг санагдаад ер болохгүй байгаа юм. Тийм л биш юм бол төв рүү ойрхон айлуудыг ч бас хамруулахгүй яасан юм? Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн ярьснаар бол Агаарын чанарыг сайжруулах 3, 4-р бүс бол байшин хорооллын бүс нутаг аж. Тэнд амьдралын чанар ч илүү сайн, агаар, хөрсний бохирдол бага байгаа юм. 
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр ер нь бол хашааны газраа зараад арай дотогш нүүж, өөрийгөө биш юмаа гэхэд үр хүүхдээ бодох БОЛОМЖийг л төр санал болгоод байгаа юм биш үү?
 
Эргэлзээ 4: Бид өөрсдөө урьдчилгаа 30 хувиа олчих боломжтой байхад төр мунхруулаад байна уу?
 
Хэдийгээр ингэж бодож болох ч газар дээрээ бодит байдал тийм ч сайнгүй байгаа нь үнэн. Судалгаанаас харахад тогтмол ажилтай иргэдийн дийлэнх нь ипотекийн зээлд хамрагдсан тохиолдолд сар бүрийн зээлийн төлбөрөө бүрэн төлөх боломжтой боловч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй байна. Хуримтлал үүсгэх гэсээр байтал хашаандаа өтлөх гашуун үнэн биднийг тосож байгаа. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” тэгэхээр энэ зэлтэрийн гацаанаас гарах нэг арга, амьдралд ойр БОЛОМЖ юм биш үү?
 
Ямарваа нэг шийдэл, санаа оноог ямагт дээрх шиг эргэлзээ дагаж явдаг. Тэр олон эргэлзээнээс болж олон хүн илүү сайхан амьдрах, ирээдүйдээ итгэж, ихийг бүтээх БОЛОМЖоо алддаг. Эргэлзээг нь улам лавшруулж, элдэв янзаар муулсаар улам төөрөгдүүлж, тэндээсээ улс төрийн ашиг хонжоо олохыг хүсэгчид ч захаас аван бий. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” бол Нийслэлийн засаг захиргаанаас агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдэд санал болгож буй олон БОЛОМЖийн нэг. Гэхдээ амьдралд арай ойр, гол хэнийг ч албадаагүй, хүчилж, шахамдуулаагүй БОЛОМЖ юм даа. Нэмж хэлхэд Агаарын чанарыг сайжруулах 1,2-р бүст амьдардаг иргэн та одоо ч энэ санд хамрагдаж, байранд орох боломж байгаа юм билээ. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар таны өргөдлийн хүлээн авч шийдвэрлэж байна.