sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор СУИС-ийн Радио телевиз, Медиа урлагийн сургуулийн багш, МЗЭ-ийн “Алтан өд”-шагналын эзэн, сэтгүүлч, яруу найрагч, судлаач О.Содномпилийг урилаа. Түүний “Утга зохиолын судлал, шинжлэл” цувралын дараагийн боть уншигчдад хүрэхэд бэлэн болжээ.
 
–Та номын хур буулгах гээд зав муутай яваа бололтой. Өнөөдөр нээлтээ хийнэ гэсэн үү?
 
-“Утга зохиолын судлал шинжлэл” номынхоо 16-25 дахь ботийг танилцуулахад бэлэн боллоо. Номын нээлт өнөөдөр СУИС-ийн Радио телевиз, Медиа урлагийн сургууль дээр болно.
 
–Сүүлийн жилүүдэд та ихэвчлэн орчуулгын бүтээл дээр ажилласан. Энэ удаагийн цувралууд арай өөр онцлогтой гэж сонслоо?
 
-Эхний зургаан цуврал Набоковын лекцүүдээр эхэлсэн. Түүний дараагаас монгол бүтээл рүү чиглэх болсон. Өнөөдөр Монгол Улсад сэтгүүлзүйн шинжлэл, хүүхдийн зохиолын шинжлэл их дутмаг байна. Шинэ бүтээл гарахад шинжлэл бус танилцуулга төдий мэдээллүүд цуварч байна. Тиймээс энэ удаад шүүмжийн бус шинжлэлийн бүтээл рүү голлохоор зорьсон юм. Энэ ботиуд өөрийн онцлогтой. Жишээлбэл, С.Хөвсгөл багш “Монгол жүжиг”, Г.Билгүүдэй “Өрнө дахины уран сайхны шинжлэлт сэтгэлгээний тойм”, орчуулагч Б.Маралгуа Майкл Райанийн “Кино шинжлэл” номыг хөрвүүлсэн гээд л.
 
–Сонирхолтой санагдчихлаа. Манайхан утга зохиол сайн, муу байна гээд л ярьдаг мөртлөө утга зохиолын шинжлэл гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааныг гээчихсэн юм биш үү?
 
-Утга зохиол хэрхэн хөгжих нь судлал, шинжлэлтэй шууд холбоотой. Үүнд бидний оруулж ирж буй шинэ ухагдахуун нь шинжлэл, судлал юм. Манайхан нэг бүтээл төрөхөд шүүмжлэх л ёстой гэж ойлгодог. Харин шинжлэл гэдэг сайн, мууг нь ялгаагүй ярихын нэр юм. Бидний өмнөх үеийн утга зохиол нэг чиг шугамтай байлаа. Харин өнөө үед модернист, пост модернист гээд олон шинэ урсгал гарч байна. Манай зохиолчид түүнийг ойлгодог, цаашлаад бичдэг байх шаардлага тулгараад байна. Нуулгүй хэлэхэд бид дэлхийн уран зохиолын хурдаас хоцорчихсон яваа. Шинжлэлийн ухааныг нэвтрүүлснээр хөгжил рүү алхам дөхнө.
 
–Цуврал хийх санаа анх хаанаас эхтэй юм бэ?
 
-Би дөрөвдүгээр ангиасаа л утга зохиолын ертөнцтэй холбогдсон. Одоо 70 нас руу дөхөж явна. Эргээд бодоход энэ хугацаанд унших ажлыг л хичээнгүйлэн хийжээ. Тиймээс уншсанаа бусадтай хуваалцахсан гэсэн бодол эртнээс тээсэн хэрэг. Надад Набоковын лекцүүд байдаг юм. Гэтэл орчуулагч Б.Цэнгэлд бас байдаг юм байна. Минийхийг бодвол хавтас нь арай өөр. Эндээс л цувралын санаа төрсөн.
 
–Жойсын “Уилсс” үнэхээр гайхалтай. Гэхдээ нэг уншаад ойлгоход бэрх санагдсан?
 
-Набоковын эхний лекц нь Жойсын “Уилсс”-ын тухай байсан юм. Энэ роман хэвлэгдсэний дараа дэлхий нийт шуугисан. Зарим нь ойлгомжгүй байна гэсэн юм билээ. Жойсоос найз нь романыг уншихаар гуйж л дээ. Гэтэл нэг уншаад ойлгосонгүй. Тэгэхээр нь Жойсыг тайлбарлаад өг гэж. Жойс найздаа тайлбар схем хийж өгсөн байдаг. Таны хэлдгээр нэг уншаад ойлгоход хэцүү. Дахин уншсаны дараа толгойд нэг зүйл бууна даа.
 
-“Уилсс”-аас барууны утга зохиолын шинэ хэв маяг үнэртээд байсан. Үйл явдал, эхлэл, өрнөлөөс эхлээд л ?
 
-Барууны орнуудад алдартай хүмүүсийн амьдралын намтрыг судалдаг хүмүүс байдаг юм байна. Гэхдээ бүхий л амьдралынх нь туршид. Манайхан нэг хүнтэй уулзаад, өөрийнх нь тухай өөрөөр нь яриулаад хөрөг биччихдэг. “Уилсс”-д гол дүрийн баатруудын ганцхан өдрийн амьдралын тухай өгүүлдэг хэрнээ романд байх ёстой бүхий л шинжийг төгс агуулсан. Цаг хугацааны хувьд урт, үйл явдлын хувьд өргөн гээд. Энэ бол барууны орны утга зохиолын хурдтай хөгжил, хувьслын бодит жишээ юм.
 
–Энэ роман аялал жуулч­лалын брэнд болчих­сон юм билээ. Жуулчид зохиолын үйл явдал өрнөдөг Ирландад, хосуудын очдог кафед сууж кофе уух гэж очдог гэсэн?
 
-Дурлалт бүсгүй нь их азтай. Тэдний хайр сэтгэлийг дэлхий нийт мэддэг болчихсон. Жил бүр хосуудын анх учирсан өдрийг тэмдэглэж байна гэсэн үг.  Ингэтлээ брэнд болчихлоо. Энэ чинь гайхамшиг шүү дээ. Монголын орчин үеийн зохиолын давалгаанд энэ хэмжээний зохиол хэрэгтэй байна.
 
–Жойс гэдэг ертөнцийг та хэрхэн ойлгосон бэ. Бүтээлүүдийг нь уншихад сэтгэлгээний хувьд их өндөр мөртлөө өвөрмөц санагдсан?
 
-Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан зохиолчдыг харахад жаахан хэвийн биш байдаг юм билээ. Юмыг арай өөр өнцгөөс хардаг. Уран бүтээлч хүн авьяасаас гадна аливааг аль өнцгөөс харж, хүлээж авах нь их чухал.
 
–Жойс өөрөө хүнийг их судалдаг юм шигээ. Уншигчийн хувьд дүрийн өгөгдөл, онцлогийг харахад тэгж санагдсан?
 
-Хүн, хүнээ судална гэдэг том шинжлэх ухаан юм байна.Бид өөрсдийгөө ерөөсөө мэддэггүй. Тиймээс нэгнээ гомдоох, уурлуулах үйлдэл байнга гаргадаг. Монгол хүнээс та юуг сайн мэдэх вэ гэж асуувал магадгүй таван хошуу мал гэж хариулах байх. Гэтэл бид эхлээд хүнээ л судалж, мэдэх ёстой. Үүнийг Жойсын “Уилсс”-аас харж болох юм шүү. Гэтэл манай зохиолчдын бүтээл нэг хүн төрөхөөс эхлээд зүгээр л амьдралынх нь үйл явдлыг биччихдэг. Дэлхийн уран зохиол тийм биш. Хүмүүс ч өсч өндийх, өгсөж уруудах нь зохиол шиг явахгүй. Жишээ нь нэг хүн эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрүүлсэн амьдралаа бодож болно. Би 16 настай байхдаа Туул голд усанд орлоо. Тэр жил их үертэй байсан юм. Үерээс болоод хөл алдсан. Гар хөлөө хөдөлгөж болдоггүй. Тухайн үед амьдрал минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрч билээ.
 
–Та өөрийнхөө энэ түүхээр Монголын утга зохиол нэгэн хэвд баригдчихаад байна гэж хэлэх гээд байна уу?
 
-Манайхан зохиол эхлэл, өрнөл, төгсгөлтэй байна гэж ярьдаг. Зохиол төгсгөлөөсөө ч эхэлж болно. Гэтэл нэг урсгалаар л хөврөөд байх юм. Үнэнийг хэлэхэд зарим зохиолын эхний хуудсыг нээхэд л төгсгөл нь тодорхой. Цаг, заваа үрж байхаар эхний хуудсыг эргүүлээд, дундаас нь нэг хуудас уншаад, төгсгөлийг нь ойлгочихмоор ч юм шиг. Харин ойрын жилүүдэд нэг сайшаалтай нь баримтат зохиол үнэд орж байна. Дэлхийн утга зохиол үнэнийг эрхэмлэдэг болж. Бодит, хажууд нь амьдарч байгаа хүний тухай бичнэ гэдэг үнэний дээд юм л даа.
 
–Манайд орчуулгын зохиол их байна. Зарим хүн эхлээд монгол зохиолоо унших ёстой гэж шүүмжлэх юм. Та ямар бодолтой байна?
 
-Дэлхийд шуугиан тарьсан бүтээлүүдийг манайхан хоцрохгүй орчуулж байгаа нь сайхан. Орчуулгын зохиол их байгаа нь зохиолчид өөрсдөө муу байна гэсэн үг. Тэр тусмаа л манайхан зохиол бүтээлээ их бичих хэрэгтэй. Бичихдээ арай өөрөөр сэтгэмээр байна. Туркийн зохиолууд яагаад хүмүүсийн сонирхлыг татаад байна вэ. Тэд уламжлалаа орчин үетэйгээ хослуулж чадаж байна. Зохиолууд нь хүний сонирх­лыг татахуйц. Хошин зохиолууд нь хүртэл цаанаа хэлэх санаатай. Гэтэл бид зүгээр л марзганасан, хэнд ч хэрэггүй шоу үзээд л инээгээд байгаа нь дэндүү эмгэнэлтэй.
 
–Дэлхийн сонгодог бүтээлийн ихэнх нь 1960-аад оны үед орчуулагдсан байдаг юм билээ?
 
-Манай орчуулгын алтан үе нь 1960-аад он юм. Нэг сонин гаргалгаа хэлэхэд хэлмэгдүүлэлт хүмүүст сайнаар нөлөөлсөн гэж ярих нь хаашаа юм. Гэхдээ тухайн үед орчуулга хийж байсан уран бүтээлчдийн дунд хэлмэгдсэн хүн их байсан юм билээ. Тэд өөрсдөө зохиол бичихэд хэвлүүлэх боломжгүй. Тиймээс амьдрахын эрхэнд орчуулга хийдэг байсан гэхээр их сонин юм шүү.
 
–Тухайн үеийн ор­чуулгын бүтээлийг унши­хад гадаад зохиол уншиж байна гэсэн бодол ерөөсөө төр­дөггүй юм. Энэ л орчуу­лагчийн мэдлэг, торгон мэд­рэм­жийн гайхамшиг байх даа?
 
-Монгол хэлний найруулга зүйгээ мэдэхгүйн улмаас л орчуулга муу болоод байна. Бидний дээд үеийнхэн босоо монгол бичигтэй байлаа. Ямар ч эгшиг гээдэггүй учир найруулга нь ганган шүү дээ. Би өөрөө монгол хүн учир эх хэлээ магтаж байгаа юм биш. Дэлхий дахин шүтэж байна. Гурван жилийн өмнө дэлхийн яруу найрагчдын их хуралд оролцлоо. Манайхаас Уянсүх, Г.Мөнхцэцэг тэргүүтэй найрагч явсан юм. Улс бүрийн найрагч гараад шүлгээ уншиж байна. Зарим нь ч хэрэлдэж байгаа юм шиг яасан эвгүй гээч. Аргагүй л дээ эгшиг хэрэглэдэггүй юм чинь. Гэтэл манайх усны долгио шиг уянгалаг, сонсголонтой байдаг.
 
–Гадаад хэл сайн сурсан л бол  орчуулга хийнэ гэж ойлгож болохгүй байх ?
 
-Гадаад хэлэндээ сайн хүн орчуулга хийхгүй ээ. Тухайн орчуулагч сурсан хэлнээсээ илүү монгол хэлээ төгс эзэмшсэн байх учиртай. Эх хэлээ мэддэггүй учир монгол хөрсөнд буухгүй байна. Уран яруу хэллэг багатай орны зохиолчийн бүтээлийг муу орчуулагч орчуулахад л утга агуулгын хувьд ойлгомжгүй болчихдог. Эсрэгээрээ муу зохиолыг сайн орчуулагч өргөөд өгөх тохиолдол ч бий. Тэгэхээр орчуулагчид эхлээд эх хэлээ сайн судлах, сурах шаардлагатай.
 
–Та сурган хүмүү­жүүлэгч, багш хүн. Оюутнуудаа номонд дурлуулаад амжсан байх?
 
-Би анх “Бавари хатагтай”-г уншиж, уран зохиолд дурлаж байснаа мартддаггүй юм. Тиймээс хичээлээ эхлэхдээ л хүүхдүүддээ ном уншаарай гэж захидаг. Одооны хүүхдүүдийг ном уншихгүй байна гэдэгтэй би санал нийлдэггүй. Харин ч нэг үеийг бодвол хүүхдүүд ном уншихын сайхныг, ач тусыг мэддэг болсон. Бүр ямар ном уншихаа ч мэддэг болчихож.
 
–Та яруу найрагч мөртлөө найргийн ном гаргалгүй удлаа. Таны уран яруу хэллэггүй, энгийн шүлгүүдийг хүлээсэн уншигч олон байгаа даа?
 
-“Өөр шүлгүүд” номны бүтээлүүдийг одоо ч хүмүүсч уншдагт их баярладаг юм. Энэ жил найргийн ном гаргахаар төлөвлөсөн ч хараахан амжсангүй. Гэхдээ удахгүй шинэ бүтээлээр уншигчидтайгаа уулзана.
 
-“Найзынхаа царайг харалгүй уджээ
Анд минь гялалзаж яваа сурагтай
Хайж уулзаад ч яахав
Харин учрах газар ганцхан
 
Хэн түрүүлж нулимс дусаах бол”  гэж та тэрлэсэн байдаг.  Энэ шүлгийг эзэнтэй гэж сонссон юм байна?
 
-Би найзуудтайгаа байнга уулзаад, яриад байж чаддаггүй. Харин зовсон шаналсан үед нь дэргэд нь байхсан л гэж хүсдэг хүн. Энэ шүлгийг бичих үед би жаахан гундуухан явлаа. Харин нэг найз минь овоо өнгөтэй яваа сурагтай. Хэрэг болгож найзтайгаа уулзахаар очтол надтай уулзаагүй. Тэр үеийн бодол, сэтгэл хөдлөлөөрөө л бичсэн хэрэг. Харамсалтай нь би азгүй болохоор найзынхаа оршуулган дээр очиж, түрүүлж нулимс унагасан юм даа. Энэ шүлэг одоо ч цахим ертөнцөөр их явдаг юм билээ. 23 жилийн өмнө бичсэн гэхэд сэдэв, агуулгын хувьд хуучирч, мартагдаагүй байна гэдэг сайхан.
 
–Та шүлгийн ном их цөөхөн гаргасан. Уг нь баялаг архивтай л хүн дээ?
 
-Хэдэн мөр холбодог л бол ном гаргаад байгааг би ойлгодоггүй юм. Би өөрийнхөө бүтээлийг их цэгнэдэг. Цаасыг би модны үхэл гэж боддог юм. Бид амийг нь таслаж байж цаас болгодог учир дэмий зүйл бичээд яахав. Хайрлах хэрэгтэй.
 
–Он цагийн хувьсалд таны шүлгийн сэдэв, санаа хэрхэн өөрчлөгдөж байна. Сүүлийн үед та ямар ухаарлыг барьж авах болов?
 
-Эргээд бодоход амьдралын минь нэгээхэн түших багана, эрч хүч нь найз нөхөд минь байж. Нөхөрлөл гэдэг хүн чанартай холбоотой. Цаг хугацаа өнгөрөх тусам ертөнцийн жамаар найзууд цөөрсөөр л байх юм. Тиймээс нөхөрлөлийн сэдэв рүү түлхүү орж байна.
 
–Таны амьдралын багагүй хугацаа сонин хэвлэлтэй салшгүй холбоотой. Энэ салбарт олон жил ажилласан сэтгүүлчийн хувьд цаасан сонины ирээдүйг хэрхэн харж байна?
 
-Өнөөдөр цахим сүлжээ, телевизийн мэдээ тэр дороо урсаад л мартагддаг. Харин сонины сэтгүүлчид түүх бичиж байна гэж би бахархдаг. 1921 оны сонин уншмаар байвал архивт очиход л хангалттай. Сэтгүүлчийн бичсэн үг бүр тухайн он цагийн гэрч болж үлдэх юм. Тиймээс цаасан сонины зах зээлд хэзээ ч хумигдахгүй. Харин цөөрч л магадгүй юм.
 
–Та олон жил хариуц­лагатай нарийн бичгийн дарга хийсэн туршлагатай. Сэтгүүлч хүн ямар ёс зүйтэй байх ёстой гэж боддог вэ?
 
-Сэтгүүлч нэгдүгээрт аливаа асуудлыг төвхнүү­лэх үүрэгтэй гэж хэлмээр байна. Энэ цагийн залуу сэтгүүлчид үүнийг умартаад байна. Учрыг нь олохоос илүү сенсаци хөөгөөд байх юм. Амьдрал сайнтай, муутай байдаг шиг сэтгүүлчид учрыг нь олж, хужрыг нь тунгааж, ард түмэнд зөвийг ойлгуулах ёстой. Гэтэл нэг суулт зарлангуут л улам дэвэргээд байгаа нь ажиглагддаг.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин