sonin.mn
МАНИЛА. /VOA/. АНУ-ын эргийг чиглэн урагшилж буй “Флоренс” хар салхинаас хүчтэй “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн ирж байна.
“Манхут” далайн шуурга нь 250 км/ц хурдтайгаар Номхон далайг хөндлөн туулж байгаа бөгөөд АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг “Гуам” арлыг хэдийнээ дайран өнгөрч, үерийн гамшиг үүсгэсний зэрэгцээ цахилгаан хангамжийг тасалдуулаад байгаа ажээ.
Уг шуурга нь баасан гарагт Филиппинийн хойд хэсэгт хүрэх төлөвтэй байгаа ба цаашид Хонг Конг болон Хятадын өмнөд хэсгийг чиглэн урагшлахын өмнө Тайваниар дайран өнгөрөх юм байна.
Филиппинийн Кагаян арлын захирагч Мануэль Мамба пүрэв гарагт арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан ба сургуулиуд болон засгийн газрын байруудыг хаахыг тушаагаад байгаа ажээ. “Манхут” далайн шуурга нь Филиппин улсад энэ онд дэгдэж буй 15 дахь шуурга болох юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг