sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад амьдарч буй иргэдэд чиглэсэн бодлого, тэдэндээ анхаарал тавих шаардлагатай байгааг өнөөдөр болсон “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо.
Хилийн чанад дахь монгол  иргэдийнхээ дуу хоолой, санаа бодлыг сонсох, Монгол Улсын цаашдын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготой тус чуулга уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй зочид, төлөөлөгч оролцов.
Уулзалтаар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаас эх орныхоо хөгжил дэвшилд  оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн юм.
 
 
БНСУ-д 33 мянга орчим монголчууд буюу бусад оронтой харьцуулахад хамгийн олон иргэн амьдарч байна. АНУ-ын хувьд 25 мянга орчим монголчууд ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа бий. Хилийн чанадад 130 мянга орчим монголчуд ажиллаж амьдарч буй гэсэн тооноос үзэхэд нийт иргэдийн 4 орчим хувь хамаарч буй юм. Тиймээс тэдэнд чиглэсэн бодлого, тэдэндээ анхаарал тавих шаардлагатай байна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Мөн тэрбээр, “Гадаад улсад удаан хугацаагаар амьдрахад тэдгээр монгол иргэдэд маш олон саад бэрхшээл тулгардаг. Тэднийг хүндрэл бэрхшээлүүдээс хэрхэн хамгаалах, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг зөв зүйтэй сахин хамгаалахад анхаарах цаг нэгэнт болжээ. Гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол эрүүл мэнд, нийгмийн даатгал, хууль, эрх зүйн туслалцаа, давхар иргэншлийн асуудал байдаг. Тиймээс гадаадад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудынхаа эрүүл мэндийн асуудал, цаашлаад төрийн үйлчилгээ халамжийг хүргэж эрүүл мэнд нийгмийн даатгалын үйлчилгээнд тогтмол хамруулах зайлшгүй шаардлагатай юм” гэв.  
АНУ-ын Вашингтон хотын Монгол-Америкийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Оюунгэрэл ярихдаа, “АНУ-д амьдарч буй монгол иргэдийн хувьд Азийн оронд амьдарч буй иргэдийг бодвол бэлгийн дарамтад орох, ажилласан цалингаа авч чадахгүй байх тохиолдол ховор. Америкт хамгийн хүнд асуудал бол эрүүл мэндийн даатгал асар үнэтэй учраас эмнэлгийн асуудал хүндрэлтэй байдаг.  Энэ удаагийн чуулга уулзалтад гадаадад амьдарч буй эхчүүдэд “Алдарт эх”-ийн одонг олгох талаар санал тавих гэж байна. АНУ-д 20 гаруй настай байхдаа очиж байсан охид гэр бүл болоод “Алдарт эх”-ийн II одонгийн болзол хангасан эхчүүд олон бий. 2011 оны Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журамд “Гадаадад амьдарч буй эмэгтэйчүүдэд хэрхэн олгох талаар заагдаагүй. Тиймээс би өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Ундармаатай уулзаж, хуулинд өөрчлөлт оруулах талаар ярилцана. Хүмүүс маш их дэмжиж байгаа” гэв.
Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” сэдэвт нээлттэй өдөрлөг болох юм байна.    
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг