sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсын нийслэл Прага хотноо 2019 онд болох “PQ” орчин үеийн театрын тайз, хувцас, архитекторын наадамд Монгол Улс гурав дахь удаагаа оролцоно.
Тус наадамд оролцох уран бүтээлчдийн “Азиопа” бүтээлийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцуулав. Уг бүтээл нь Ази Европыг холбосон эртний цайны замаар дамжин Орос, Монгол, Хятад гүрэнд соёл, театр нэвтэрсэн тухай, эх байгалиа хайрлах сэдэвтэй 50 метр урт эсгий, ургамал, уран зураг, бүжиг, хөгжим хосолсон инстоляци /өрөг урлаг/ юм.
Энэхүү бүтээлийг “Хатан шонхор” тайз дэлгэцийн холбооны тэргүүн, зураач С.Ариунболд залуу уран бүтээлчдийн хамт жилийн хугацаанд бүтээжээ.
Тэрбээр хэлэхдээ, “Уран зохиолыг хэрхэн концепц болгох, оюун санааны тэсрэлт хэрхэн хийх вэ гэсэн наадам юм. Театр урлагийн хөгжилд онцгой гавьяа байгуулсан зам бол цайны зам юм. 200 жил үргэлжилсэн  цайны замаар дамжин өрнийн театрын хувилбарууд  Монголд орж ирсэн байдаг. Тиймээс цайны зам бол театр урлагтай уялдаатай гэсэн санаагаар зохиомжоо бодож хийсэн. Үлдсэн долоон сарын хугацаанд улам боловсруулна” гэв.
 
 
Олон улсын наадамд дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн оролцсоноор манай тайз, киноны зураач, уран бүтээлчдийн ур чадвар, чанар чансаа, улам нэмэгдэж соёлын үйлдвэрлэл, соёлын менежментэд хувь нэмэр оруулна. Өмнөх удаагийн туршлагаас харахад манай уран бүтээлчид өөрсдийн бүтээлээр шагналт номинацид нэр дэвшин олон улсын нэр хүндтэй наадмын шагнал хүртэх боломж өндөр байсан. Аливаа урлагийн томоохон наадам бол уран бүтээлчдийн өөрсдийгөө сорих том сорилт байдаг. Залуу уран бүтээлчдээ дэмжих, дэлхийн урлагийн чиг хандлагатай танилцах, эх орноо сурталчлах боломж юм хэмээн зохион байгуулагчид хэлж байна.
Тус наадамд 2011 онд Монгол Улсаас анх удаа оролцохдоо театрын салбарт сценограф /тайзны урлаг/-ын урлаг хэрхэн хөгжиж байгаа талаар танилцуулсан бол 2015 онд залуу уран бүтээлч, тайзны зураач З.Цэрэндулам “Ус амьдрал” сэдэвтэй перформанс бүтээл, тайзны зураач С.Ариунболд “Нүүдэлчин театр” сэдвээр инстоляци, медиа арт бүтээлээр тус тус амжилттай оролцож, шилдэг бүтээлийн жагсаалтад орсон байна. 2019 оны наадам зохион бүтээлт, өөрчлөлт, санах ой гэсэн агуулгын хүрээнд болох аж.
 
 
Дашрамд дурдахад, “PQ” наадмыг ЮНЕСКО, Прага хотын захиргаа, Чех улсын Театрын дээд сургууль хамтран зохион байгуулдаг бөгөөд дэлхийн 80 гаруй орны шилдэг уран бүтээлчид, сценогафчид, загвар зохион бүтээгчид, архитекторууд уран бүтээлээрээ оролцдог. Тус наадам нь ирэх онд 70 жилийн ойн баяр нь тохиож буйгаараа онцлогтой. Прага хотын гудамж талбай, барилга байгууламж тэр даяараа асар том театрын ертөнц болж хувиран 10 хоногийн турш үргэлжилдэг. Орчин үеийн чиглэлийн үзэсгэлэн, өрөг урлаг, инстоляци /эвлүүлэх, суурилуулах/, перформанс /тоглолт, үйлдэл/, мастер класс, концерт, лекц, зэрэг мэргэжлийн уран бүтээлчдийн уран зөгнөлт тайз, өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүд, сонин этгээд хувцас өмссөн хөгжилтэй хүмүүсээр дүүрсэн гайхамшигтай бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, түүгээрээ Прага хотын ард түмэн, уран бүтээлчдийг гайхшруулж чаддагаараа тэдний хүсэн хүлээсэн наадам болдог аж.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг