Буурал түүхийг нэхэн үзэхүл Монголын их гүрний гутгаар их хаан Гүюгийг хаан суулгах их ёслол - Хурилдай 1246 онд нийслэл Хархорумд болж, энэ ёслолд хол ойрын есөн хэлтэн, арвин олон улсын хаад ноёд, шадар бараа бологсдын хамт Монголын их гүрний нийслэл Хархорум хотноо бараалан ирж оролцсоны дунд мөнөөхөн Бат хааны өргөмөл хүү Оросын их ван Невийн Александрын төрсөн эцэг Владимирын Ярослав ван бусад улс орны хаад ноёд, ван гүнгүүдийн хамтаар эрхэм зочны асарт заларч асан нь өнгөрсөн түүхийн их хэрэг явдлын үнэн угийг чухам л эндээс эхлэн хөвөрдөж, бодит түүхийн улбаагаар замнахаар хөтлөх бүлгээ. 
Тэр явдлаас хожуухан 1237-1242 оны хооронд Бат хаан Дорнод Европыг байлдан дагуулж Алтан ордны улсыг байгуулсан агаад энэ улсын гол цөм нь Их Орос орон болов. Оросын их түүхч Лев Гумилев энэ талаар ултай судалж урьд өмнийн судлаачдын үзэл бодол, дүгнэлт хандлагыг үндсээр нь өөрчилсөн цоо шинэ ойлголтод хүрсэн юм. Тэрбээр бичихдээ: “Энэ бол ердөө л томоохон довтолгоон байснаас бус урьдаас төлөвлөсөн байлдан дагуулал биш байсан юм. Орост ч тэр, Польшид ч тэр, Балти орчмын болоод бас бус зах хязгаар нутагт ч монголчууд цэрэг суулгаагүй, хүн амыг нь байнгын алба гувчуураар дарамтлаагүй, ван гүнгүүдтэй тэгш бус гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Тийм болохоор “Харийн түрэмгийлэлд автсан боловч дийлдэшгүй Орос орон” хэмээх ойлголт үнэнд нийцэхгүй” гэсэн байдаг. Түүний үзсэнээр бол эртний Орос орныг хуваан салгасан нь Монголын язгууртнуудын засгийн эрхийг авсантай холбоотой агаад үүнд тухайн үеийн Орос орны нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна. Тухайлбал: Невийн Александр ван Зүүн хойд Оросын ноён болж, харин түүний дүү нь Галицын (одоогийн Украйн Я.Г) ноён Данилтай хамсаатан болсон бөгөөд тэрээр Европтой холбоо тогтоон Монголыг эсэргүүцэхээр төлөвлөж байсан гэдэг. 
Оросын хувьд чингэх нь бараг үлгэр мэт байсан монголчуудыг ялсан тохиолдолд ч үгүйрэл хоосрол л нүүрлэх байсан бөгөөд Оросын газар нутаг дамнан их дайн дэгдэж, католик шашинд автан уусч, үндэсний соёл уусах байсан төдийгүй Балтийн хавь газар нутгийн адилаар Новгород, Владимирийн нутаг рыцарийн загалмайтнуудын эзэмшил болох байжээ. 
Новгородын их ван, Невийн хэмээн алдаршсан Александр эл бүх нөхцөл байдлыг ухаалгаар шийдэж, Орос дахь Алтан ордны улстай холбоо тогтоох замаар Орос орныг дээрх болзошгүй аюулаас аварсан байна. 1251 онд Александр ван, Бат хааны ордонд бараалхаж нөхөрлөн, хааны хүү Сартагтай ах дүү бололцон хүж барилцаж, улмаар Бат хааны өргөмөл хүү гэгдэх болсон түүхтэй. Чухам яг энэ үед буюу 1251 оны өвөл Ладог нуурын дэргэд болсон их тулалдаан Орос орны цаашдын хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Герман, Швед, Норвег, Литов зэрэг Европын холбоотон улсуудын загалмайтны их цэрэг Оросыг эзлэхээр ээлжит удаагаа довтолж ирэхэд Невийн Александр, Бат хааны жанжин Неврюйн хамт Ладог нуурын хөвөөнд угтан байлдаж, хиар цохисныг өдгөө түүхнээ агуу их тулалдааны зэрэгт тооцон хэлэлцдэг, түүнээс хойш Александр ванг Невийн (Невскийн) хэмээн алдаршуулсан болой.
 
 
Орос нутгийн тэсгим хүйтэн өвөл хотонд гэтсэн чоно мэт довтолсон үй түмэн загалмайтан цэрэг хүч түрэн уулгалан ахуйд хур дэлтэй, намхан чийрэг морьд унаж, махир сэлэм далайн, өдөт сумаа шившин уухайлсаар, живэр сахалтай, үнэгэн малгайтай, бүргэдийн нүдэт татар монголчууд хуй салхи мэт, тэнгэрийн элч мэт довтолгон орж харийн дайсныг хиар цохин, нуурын цэл хүйтэн усанд үй олноор нь живүүлж буй тухай “Александр Невский” гэдэг түүхэн баримтат киног чухам яг Германчууд Оросыг довтолсон 1941 онд Зөвлөлтөд бүтээсэн нь тохиолдлын төдий хэрэг биш ээ. 
Учир юун хэмээвээс 1251 оны тэр түүхт тулалдаанаас найман зууны хойно монголчууд Оросын ард түмэнд дахин гар сунган тусалсан билээ. Харин энэ үед Евразийг дамнан оршсон Монголын их гүрэн хэдийн үгүй болж, Монгол орон туйлдан доройтсон байлаа. Гэвч яс махаараа нийлж, зүрх сэтгэлээрээ нөхөрлөсөн монголчууд хамгийн түрүүн Орос ах нартаа хүч хавсран тусалсан юм. Энэ удаа “Богатырь” хэмээгдсэн талын баатар эрэлхэг дайчид очсонгүй, харин эсгий гутал, нэхий бээлий, дээл дах, хоол хүнс, алтан бөгж, сувдан ээмэг… богоон богооноор умрыг чиглэн “Ах дүү зөвлөлтийн улаан армид“ гэсэн хаягтайгаар довтолгож байлаа. Бас гайхамшигтай нь найман зууны тэртээд Евразийн уудам тал нутгийг хэдхэн сарын дотор Хан Хэнтийн сугаас Хар тэнгисийн хөвөөнд хүртэл довтолгон туулж асан хур дэлтэй, чийрэг биетэй намхан монгол морьд сүрэг сүргээрээ богоон богооноор ачигдаж… домогт Будённийн морин хороонд гологдон шилэгдэн давхилдаж, дорнод Европын их балчиг намагт их буу чирэн унгалдаж, бас цэргийн гал тогоонд … сүүлчийн амьсгалаа хурааж байсан юм.
Нэхэн санахул, Аугаа эх орны дайнд мөнөөхөн “богатырь” хэмээгдсэн баатар татар монголчуудын үр хойчоос олон олон жинхэнэ богатырууд эрэлхэг дайчин дээдсийн, яс маханд шингэсэн халуун сэтгэлээр амиа зориулж зориулж байсан нь тэд бол мөнөөх 13 дугаар зууны монголчууд, бас татар хэмээх нэрийг маань өвлөн авсан халимаг, балкар, башкир, кабардин, чечень, ингуш, киркиз, казах, узбек, буриад, авар,… “герой” нар байсныг хэн ч эс маргах буй заа. Өрнө дахинд монголчуудыг татар нэрээр нь түлхүү хүлээж авсан юм. Харин цагийн уртад татар нэрээр Алтан ордны улсын ази гаралтай, лалын шашинт хүн амыг нэрлэх болсон билээ. Бидний өвөг дээдэс бусдад алдар нэрээ үлдээн, өөрсдөө тэдэнд уусч цусыг нь сэлбэсэн түүх цөөнгүй. Гэвч энэ тухай жич өгүүлэх болно.  
Төр улсын болон гэр бүлийн элдэв учир шалтгаанаар татар монголын дээдэс язгууртнууд бүр Невийн Александрын үеэс Орос оронд тархан суурьшиж эхэлжээ. Тэд үнэн алдартны шашинд орж, орос эхнэр аван Шинэ Орос эх орондоо үнэнч тахимдуу зүтгэсэн юм. Тэд ганц хоёроороо биш олуулаа, зарим нь бүр нөхөр цэрэг, хүлэг баатдынхаа хамт очиж сууцгааснаас монгол, оросынхон зөвхөн дээдсийн хүрээнд төдийгүй эгэл доодсын зиндаанд ч цус холилдон нийлсэн гэсэн үг ээ. Оросын их түүхч Лев Гумилев энэ тухайд гүнзгийлэн судлалгүйгээр сонирхон шүүрдэж, монгол гаралтай вангийн 92 удам, бояр ноёны 50 удам, гүнгийн 13 удам болоод 300 гаруй эртний язгууртан удмын бүртгэл гаргаснаа чинагш бас олон үлдсэн, харин язгуур угсаагүй эгэл татаарын удам бол хэдэн мянгаар тоологдоно гэж бичсэн байдаг. 
Монгол язгуурт энэ олон удам угсааныхан хоёр гурав дахь үеэсээ л жинхэнэ орос үндэстэн болон өсч хүмүүжиж, олон зууныг элээх Орос эх орондоо төдийгүй дэлхий дахинд суурьшсан суутныг цөөнгүй төрүүлжээ. Тэдний дотор шинжлэх ухааны салбарт л гэхэд алдарт эрдэмтэн Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир (Гантөмөр), Карамзин, туйл судлаач Челюскин, Чириков, утга зохиолын ертөнцөд Достоевский, Тургенев, Державин, Языков, Давыдов, Куприн, Булгаков, тэр ч бүү хэл Лев Гумилевын төрсөн эх Оросын суут яруу найрагч Анна Ахматова хийгээд бас бус олон нэрт зохиолч яруу найрагч байдаг ажээ. Ертөнцийг донсолгогч Улъянов-Ленин ч татар угсааных бөлгөө. Цаашлаад урлагийн тэнгэрт алдарт бүжигчин Анна Павлова, Уланова, алдарт жүжигчин Ермолов, Каратыгин, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, зураач Шишкин нарыг дурдсу. 
Татар монголын удмаас Орос оронд хоёр хаан Борис ба Федор Годунов заяаж, таван хатан хаан, тэдний дотор Их Петрийн эх Наталъя Нарышкина мэндэлжээ. Авъяаслаг баатад, жанжид болоод эх орны дайны эрэлхэг дайчид, генерал маршалуудыг тоочихын эцэсгүй олон тул үүгээр цэглэсү. Тэгэхлээр Орос орныг хүчирхэг гүрэн болох үндсийг тавьсан агуу их нэгдүгээр Петр хаан ч татар цустай байх нь. Дорно дахины анагаах ухаанд “Хүний ясыг эцэг бүрдүүлж, цусыг эх өгдөг” гэж үздэг. Үнэхээр ч Орос хэлэнд “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна” гэж нийтэд түгсэн хэлц үг байдаг нь санаанд орсон санамсаргүй үг ч биш ажээ! Хамт суралцаж байсан оросуудтай нийлэн ярилцаж суухад тэд “Бидний удамд монгол цус бий. Өвөг дээдсийнхээ удам угшлыг хөөн үзэхэд заавал монголтой холбогддог” гэж ярьдаг байж билээ. Орос үндэстний тухай энэ хэмжээнд авч үзэж болох бол Хятад үндэстний хувьд ч үүнээс дутуугүй түвшинд авч үзэх боломжтой, арвин их судлагдахуун бий. 
 
    
XIII-XIV зууны үеийн Монголын байлдан дагуулал, цаашдын ноёрхол нь олон улсын нийгмийн хөгжил төлөвшил, угсаатан үндэстнүүдийн төвлөрөл хувьсалд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. Энэ үед тогтсон “Рах Mongolica” буюу Монгол маягийн энх тайвны үр дүнд ази, европын олон улс орон нийгмийн харьцангуй шинэ түвшинд хүрч, өрнө дорнын соёл иргэншлийн аль алинаас нь өвлөн хүртэж, эв нэгдэлгүй, тархай бутархай байсан аймаг ханлигууд эвлэлдэн нэгдэж, чингэснээрээ угсаатны томоохон нийтлэг хэлбэрүүд төрөн гарахад хүргэсэн юм. Тухайлбал Хубилай хаан Хятадад ноёрхон суугаад олон шинэчлэл, хөгжилд хөтөлсний дотор засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийснээр Хятадын өнөөгийн муж аймгийн бүтэц үндсэндээ бий болсон бол Л.Н.Гумилёвын дүгнэснээр “Алтан ордны улсын нөлөөгөөр Орос орон, Византийн өндөр соёл, татарын гарамгай эр зоригийг өвлөн авч агуу их гүрний зэрэгт хүрсэн” авай.
Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж үзэхэд монгол үндэстний оршин тогтносоор ирсэн амин чухал, хамгийн гол нэгэн хүчин зүйлийн тухай ойлголт гарч ирж буй нь “Төв Азийн эртний нүүдэлчин угсаатнууд, түүний дотор Монгол бол эрчимт үндэстэн мөн” гэсэн дүгнэлт. Тиймээ, Монгол бол эрчимт үндэстэн ажгуу. Эрчимт үндэстний нэг шинж бол эрчимт хүчээ бусдад өгөх, бусдад алдах үйл явц явагдаж байдаг байна. Үүнийг уусах, уусгах, цус холилдох, эрлийзжих, цус сэлбэлт гэж нэрлэдэг. Өөрөөр бас эрчимт хүчээ бусдад шимүүлэх, бусдын эрчимт хүчийг шимэх явдал гэж нэрлэж болно. Энэ үйл явцтай холбоотой ойлголтоос цааш ургуулан өөр нэг ойлголт гарч ирэх нь Шимэгч үндэстэн хэмээх ойлголт болой. Тийм ээ, шимэгч үндэстэн. Түүхээс үзэхүл Төв Азийн нүүдэлчин угсаатнууд, тэдний нэг болсон Монгол нь эрчимт үндэстэн, харин Орос, бас Хятад бол шимэгч үндэстнүүд юм. Энэ ойлголтыг мөхөс миний бие ерээд оны дунд үеэс хойш судалж, томьёолж ирсэн агаад өдгөө энд анхлан уншигчдад хүргэж байна. Эрчимт үндэстэн гэж байдаг бол Шимэгч үндэстэн байж таарна. Гэвч энэ тухай дараагийн удаад дэлгэрэнгүй өгүүлсү. 
Түүхийг түүхчид бичдэггүй, хүн төрөлхтөн өөрөө туурвидаг. Харин, түүхчид түүхийг судлан “цэцэрхдэг” болой. Тэгэхдээ өнгөрсөн түүхийг хэрхэн буй аснаар нь, бодит үнэнээр нь судлан тодотгож, үнэлэн дүгнэснээр нь тухайн түүхчийн, түүхийн өмнө хүлээх нүгэл буяны дэнс нь хөдөлдөг буй заа. Чөлөөт сэтгэлгээ, олон эшт үзэл хөгжсөн өнөө үед Монголын түүхийг үгүйсгэх, голж чамлах, хоцрогдсон дорой буурайгаар нь онцгойлон муулах үзэлтэн бодлоготон гадаадад ч, дотоодод ч байсаар байна. Тэд “Нүүдлийн соёл иргэншил гэж юу байсан юм, Чингисийн Монгол гэж юу юм? хэмээн элдвээр үгүйсгэн цэцэрхэж байгаа нь харамсалтай. Түүх бол өөр юу ч биш, түүх л билээ. Түүхээр өнөөдөр хүн амьдрахгүй, гүрэн хөгжихгүй. Харин түүнийг бодит үнэнээр нь сэргээн тодотгож, чин шударгаар үнэлэн цэгнэж, хойч ирээдүйн үе үеийнхэнд сайтар ухаж мэдүүлэх учиртай. Нэн ялангуяа өнөөгийн Монгол мэтийн бууран доройтсон бага жижиг улс үндэстэнд үндэсний бахархал, үндэсний үзэл хүчтэй байж гэмээнэ хүчирхэг олон улсын хүрээлэлд оршин тогтнож чадах болно. Үүнд өвөг дээдсийн баатарлаг түүхийн бахархал, мэдлэг л тус болно. Тиймээс, түүх түүхээрээ л үлдэнэ ээ.  
Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос... гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ.       
Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай. 
Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч дам утгаар нь авч үзвэл монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна.  
 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар.
1998, 2018 он.