ВАШИНГТОН. /ВВС/. Цахим худалдааны “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос орон гэргүй хүмүүст тусалж, сургуулийн шинэ сүлжээг бий болгох зорилгоор буяны сан байгуулж,  2 тэрбум ам.доллар өөрөөсөө оруулах шийдвэр гаргалаа.
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр энэ сангаа “Day One Fund” гэж нэрлэжээ.
Жефф Безос нь 164 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд олон нийт түүнийг ийм их хөрөнгөтэй мөртлөө сайн үйлсийн ажил хийдэггүй хэмээн шүүмжилдэг билээ. Үүний зэрэгцээ АНУ-ын сенатч Берни Сандерс “Amazon” компанийн агуулахын ажлын байрны нөхцөл байдлыг шүүмжилж байсан удаатай.
Өнгөрсөн жил Жефф Безос өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хөрөнгөө юунд зарцуулах талаар санал асуулга явуулж байжээ. Энэ жил “Amazon” компанийн хувьцааны үнэ өсч, АНУ-ын татвар багассантай холбоотойгоор түүний хөрөнгө багагүй хэмжээгээр өссөн байна.
Тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ, “Day One Fund” сан нь орон гэргүй хүмүүст тусладаг ашгийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бага орлоготой иргэдэд зориулсан шинэ, ашгийн бус, сургуулийн өмнөх бэлтгэл сургалтын сүлжээг бий болгох ажлыг санхүүжүүлнэ гэж хэлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг