sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын нийслэл Анкара хотноо зохион энэ сарын 08-09-н болсон 11 дэх удаагийн "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн, моделист П. Эрхэмбаярын угсарсан байлдааны танк “Хобби 1:72” төрөлд амжилттай өрсөлдөж тусгай байрын шагнал хүртлээ. Ттус уралдаанд Турк, Серби болон Монгол Улсын 100 орчим моделист нийт 10 төрөлд өрсөлджээ. Энэхүү тэмцээн жил бүр зохиогддог бөгөөд Монгол Улсаас ийнхүү анх удаа тамирчин өрсөлдөж анхны олон улсын медалийг эх орондоо авчирч буй нь энэ юм.
Тус тэмцээний үүсгэн байгуулагчдын нэг болох БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар өнгөрөгч 8 дугаар сард "Байлдааны Хуягт Техникийн Пластик Загварын уралдаан"-ыг Монгол Улсад зохион байгуулсан юм. Тус уралдаанд Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн, моделист П. Эрхэмбаярын угсарсан байлдааны танк шалгарч ийнхүү олон улсын тэмжээнд оролцох эрх болон Турк Улсад зорчих тийзээр шагнуулсан билээ.
 
Моделист П. Эрхэмбаярын сэтгэгдлээс хуваалцсан юм.
 
-Монгол Улсаас дууриамал пластик загварын олон улсын тэмцээнд оролцсон анхны тамирчин болж амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Таныг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Их сайхан дотно хүлээж авсан. Миний хувьд энэхүү тэмцээнд оролцсоноор олон улсын туршлагаас судлах, дэлхийн түвшний загварын арга барилд суралцах сайхан боломж олдлоо. Маш их мэдээ, мэдээлэл хуримтлуулсан. Тиймээс 10 дугаар сарын эхээр тэмцээнээс олж авсан туршлага, мэдээллээрээ энэ төрлийн спортоор хичээллэдэг моделистуудад зориулж бяцхан сургалт хийхээр төлөвлөж байна. Монголд энэ чиглэлээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг 1500-аад сонирхогч бий. Үүнээс 50 орчим нь идэвхтэй хичээллэж  байна.
 
-Хоббиг спортын төрөл болтол нь хөгжүүлж чадсан орны нэг бол Турк Улс. Дараа жил энэ тэмцээнд оролцох уу?
 
-Оролцоно гэж хэлээд ирсэн. Бид олон улсын уралдаан тэмцээнд боломж олдвол оролцохыг хичээдэг. Гол зорилго маань шинэ технологийг Монголдоо нутагшуулах юм. Турк Улс бол яах аргагүй спортын төрөл болтол нь хөгжүүлсэн. Туркийн Элчин сайд ч өөрөө ийм хоббитой учир бидэнтэй холбогдож санал тавьсан юм. Би сая яваад ирэхдээ монголчуудын хэрэглэж үзээгүй олон будаг, пигментийн дээжээс авчирсан. Монголд танкны модель, будаг, хэрэгслүүд олдоц муутай байдаг л даа.
 
-Дууриамал пластик загварын спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ?
 
-Сүүлийн үед залуу үеийнхэн их хичээллэх болсон. Жишээ татвал, дайны үед хэрэглэж байсан ямар нэгэн байлдааны танкийг угсрахдаа яг адилхан болгох үүднээс эхлээд түүхээ уншиж судална. Дараа нь шинжлэх ухаан талаас нь судална гэх мэт. Тэгээд ямар материалаар жижиг деталиудыг орлуулахаа бодно, эрэлхийлнэ, хайна. Маш их тэвчээр шаарддаг л даа. Тийм учраас залуу үе хичээллэх нь сууж сурахаас эхлээд олон талын ач холбогдолтой. 
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг