sonin.mn
МАНИЛА. /Эн-Эйч-Кэй/. Асар хүчтэй “Манхут” хар салхи Филиппинд дэгдсэний улмаас тус улсын Бэнгуэт мужийн Лузонь арал дээр 65 хүн амь үрэгдсэний зэрэгцээ 43 хүн сураггүй алга болсон тухай цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.
Уг байгалийн гамшгийн улмаас 2800 байшин барилга сүйдсэн ба даваа гарагийн өглөөний байдлаар 155 мянган хүнийг түр хоргодох байр руу шилжүүлсэн байна.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ням гарагт Кагаяан муж зэрэг шуургад нэрвэгдсэн бүс нутгуудад очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Уулархаг бүс нутгуудын олон оршин суугч гамшигт өртөөд байгаа бөгөөд хөрсний гулгалтын улмаас замууд болон харилцаа холбооны сүлжээ тасалдаад байгаа юм. Энэ нь цагдаагийн газрын ажилтнууд болон аврагчдыг дээрх бүс нутагт хүрч очиход ихээхэн бэрхшээл учруулаад байгаа ажээ.
 
 
Хятадын өмнөд нутагт хөрсний гулгалт үүсгэсний дараа "Манхут" шуурганы хүч суларсан ба цаашид баруун зүгийг чиглэн урагшилсан байна.
Шуурганы улмаас Гуаньдун мужид хоёр хүн амь үрэгдсэн бол Хонг Конгод  300 орчим хүн гэмтэж бэртжээ.
Хятадын цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Манхут шуурга Филиппиний Лузонь арлыг дайран өнгөрсний дараа Хонг Конгод дэгдсэн аж.
Үүний зэрэгцээ Гуанси-Жуанийн өөртөө засах оронд 250 мянга орчим хүн орон гэрээсээ дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Шуурганы урагшилж буй чиглэлд амьдарч буй хүмүүсийг үер усны аюул болон хүчтэй салхинаас сэрэмжилж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Хятадын цаг уурын газраас анхааруулжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг