sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн өмнөх талбайд замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар хор уршиг дагуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэйг орлон тоглогчид жүжигчилж үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХЗДХЯ, БСШУСЯ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба, НБГ хамтран зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх,  осолд орж буй хүүхдийн тоог бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус сургалтыг зохион байгуулав.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан, “Монгол Улсын нийт зам тээврийн ослын 50-60 хувьд хүүхэд өртсөн байдаг. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхэд үйлдлээс болж зам тээврийн осолд өртөж буйг  бодитоор үзүүлэх нь зам тээврийн ослоос сэрэмжлүүлэх, анхаарал болгоомжийг нэмэгдүүлэхэд илүү үр дүнтэй” гэв.
Сургалтад Нэгдүгээр сургуулийн 400 орчим сурагч хамарсан бөгөөд их аварга Асашёорү Д.Дагвадорж, жүжигчин Н.Цолмонбаяр нар үзүүлэх сургалтыг хөтлөн явуулав.
Уг үйл ажиллагаанд ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг, ТЦА-ны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, НЦГ-ын хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг нарын албаны хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгчид,  эцэг эхчүүд  оролцлоо.
 
 
С.Мөнхбаатар
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг