sonin.mn
БАНГКОК. Тайландад “Манхут” шуургаас үүдсэн хөрсний гулгалтын улмаас хоёр настай охин амь үрэгдэж, 7 хүн сураггүй алга болсон тухай тус улсын хойд нутгийн Мае Хун Сунь мужийн захирагч Сирират Чумуппакан албан ёсоор мэдээлэв.
“Түүнээс гадна 11 хүн гэмтэж бэртсэний зэрэгцээ 7 байшин барилга бүр мөсөн сүйдсэн” гэж Дотоод хэргийн яаманд хүргүүлсэн С. Чумуппаканын тайланд тэмдэглэсэн байна.
Тайландын хилийн дагуух Мьянмарын дүрвэгчдэд туслах засгийн газрын бус байгууллагын мэдээлснээр, түр хоргодох байруудад Мьянмарын 9000 орчим иргэн амьдарч байгаа ба тэдгээрийн олонхи нь үндэсний цөөнх бүлэг болох Карен иргэд байгаа аж.
Асар хүчтэй “Манхут” шуурга өнгөрсөн долоо хоногт Филиппин болон Хятадын өмнөд хэсгийг дайран өнгөрч, аадар бороо болон хүчтэй салхи үүсгэсний улмаас ихээхэн хохирол учруулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг