sonin.mn
КИШИНЕВ./РИА Новости/. Румын улсад ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглох талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга явуулна. Санал асуулгыг аравдугаар сарын 6, 7-нд зохион байгуулна гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлжээ.
“Гэр бүлийн төлөөх эвсэл”-ийн бүрэлдэхүүнд багтдаг иргэний идэвхтнүүдийн бүлэг ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглох талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Румыны парламентад 2016 оны тавдугаар сард хүргүүлсэн байна. Уг төслийг дэмжсэн гурван сая гаруй хүний гарын үсгийг цуглуулжээ.  “Гэр бүл бол эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт юм” гэж Үндсэн хуульд бичихийг иргэний идэвхтнүүд санал болгож байгаа аж.
“Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар бүх нийтийн дунд санал асуулга явуулахад шаардлагатай баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталлаа. Бүх нийтийн санал асуулгыг энэ оны аравдугаар сарын 6, 7-нд 7:00 цагаас 21:00 цагийн хооронд явуулна” гэж Румыны Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Налу Барбу сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний хэлснээр, уг санал асуулгыг явуулахад 163,7 сая лей /41 орчим ам.доллар/ шаардлагатай аж.
Румынд 2000 он хүртэл ижил хүйстэнтэйгээ явалдахыг гэмт хэрэг гэж үздэг байсан бөгөөд Европын Зөвлөл, Европын Холбооны шахалтаар хуулиар зөвшөөрдөг болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг