РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Энэ сарын эхээр их хэмжээний гал түймэрт өртөж, олон сая үзмэр нь сүйдсэн Бразилийн Үндэсний музейг сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардана гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
Рио-Де-Жанейро хотноо байрладаг, 200 жилийн настай уг музейг түймэрт сүйдсэнээс хойш мэргэжилтнүүдийн баг ЮНЕСКО-той хамтран судалгаа шинжилгээ хийсээр байсан бөгөөд гал түймэрт сүйдсэн үзмэрүүдийг сэргээж, олон нийтэд буцаан үзүүлэхэд маш олон жил шаардлагатай гэж үзжээ.
Нэгэн мэргэжилтний мэдээлснээр, музейн цуглуулгын дөнгөж 20 хувийг л сэргээн засварлахад 10 жилийн хугацаа орох аж. Үндэсний музейг засварлах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа боловч 2016 онд Рио-Де-Жанейро хотод зохион байгуулсан Олимпийн болон Паралимпийн наадмын дараа төсвийг танах хэрэгтэй болсон тул энэхүү ажиллагаа хараахан эхлээгүй байгаа юм.
Бразилийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гал түймрийн шалтгаан цахилгааны богино холболтоос үүдэлтэй байж магадгүй аж. Энэ хэргийн дараа засгийн газрыг шүүмжлэгчдийн тоо ихээхэн нэмэгдсэн бөгөөд музейн алдагдлыг эсэргүүцсэн олон хүн гудамжинд жагссан байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг