sonin.mn
СӨҮЛ./РИА Новости/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтад болон Умард Солонгосын удирдагч, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтад зориулан гаргасан дурсгалын медалийг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд лхагва гарагт бэлэглэсэн байна.
Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын "Оннюгван" зоогийн газарт үдийн зоог барих үеэрээ Мүн Жэ Ин хөх өнгийн хоёр хайрцгийг Ким Жөн Унд өгчээ. Нэг хайрцаганд нь Солонгосын хойгийн өмнө гар гараа барилцан зогсч буй хоёр удирдагчийг дүрсэлсэн мөнгө, алтан медаль байсан байна. Харин нөгөө хайрцаганд Америк, Умард Солонгосын далбаа бүхий дэвсгэр дээр Ким Жөн Ун болон Дональд Трампын өөд өөдөөсөө харан зогсч буй олон өнгийн медаль байжээ. Уг медальд мөн хоёр орны сүлдийг дүрсэлж, доод талд нь англи, солонгос хэлээр “Энхийн хэлэлцээ” гэж бичсэн байна. 
Трамп болон Ким Жөн Уны Сингапурт хийсэн уулзалт Америк-Умард Солонгосын харилцааны түүхэнд анхных нь болсон бол Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд цэрэггүй бүсэд анх удаагаа уулзсан билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг