sonin.mn
МОСКВА. /Коммерсант/. “Амазон” компани 2021 он гэхэд кассгүй, худалдагчгүй 3000 дэлгүүр нээж магадгүй байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Ийм дэлгүүрүүдэд жолоочгүй автомашины адил технологийг ашигладаг аж. Худалдан авагч дэлгүүрт орохдоо “Amazon Go” аппликейшнийг ухаалаг гар утсандаа суулгасан байх шаардлагатай бөгөөд үүдэнд гар утсаа уншуулах ёстой юм. Тийнхүү дэлгүүрт ороод худалдан авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнээ шууд цүнхэндээ хийх боломжтой юм. Бэлнээр болон бэлэн бусаар тооцоо хийх худалдагч байхгүй учир заавал сагс эсвэл тэрэг авч орох шаардлагагүй гэнэ.  
Харин тавиурт байрлуулсан мэдрэгчүүд тухайн худалдан авагчийн сонгосон барааны үнийг нийт үнийн дүн дээр нь шууд нэмж тооцох бөгөөд тавиурт барааг буцааж тавьсан тохиолдолд нийт худалдан авсан барааны үнийн дүнгээс нь буцаан хасдаг байна.
Ийм дэлгүүр өнгөрсөн 1 дүгээр сард Сиэтл хотод анх нээгдсэн юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг