sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор найруулагч, жүжигчин Э.Батхүүг урилаа. Тэрээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Толбо” киногоо амжилттай нээсэн юм.
 
-Таны бүтээл “Толбо” нэрнээсээ л сонирхол татсан. Гэхдээ зарим театраас буучихсан харагдлаа?
 
- “Толбо” киноныхоо нээлтийг энэ сарын 8-нд хийлээ. Зохиолыг нь зохиолч Алтанхадад захиалж бичүүлсэн юм. Одоогоор хоёр кино театрт гарч байна. Хэдийгээр олон кино театрт гаргая гэж бодсон ч нуулгүй хэлэхэд олон бэрхшээлтэй тулгарлаа. Ашиг, зөрчлийн сонирхлоос үүдээд зарим театртай тохиролцож чадсангүй.
 
-Харамсалтай юм. Нийгэмд чиглэсэн энэ бүтээлийг олон хүн үзээсэй гэж хүсч байлаа?
 
-Энэ киногоор бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн сэдвийг хөндсөн. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн нийгэмшүүлэх вэ, тэдэнд ямар хайр хэрэгтэй байна вэ гээд л. Гэхдээ энэ бүтээлд ямар ч цус, аллага, зохисгүй үг, хүчирхийлэл хийж буй дүрс байхгүй. Зөвхөн сэтгэлийн шархыг хайраар эдгээж, эмчилж байгаа тухай л гардаг. Тиймээс хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн эцэг эхчүүдэд үзүүлэхийг хүссэн.
 
-Гэвч хүлээж авах нийгэм, ухамсар байхгүй байна уу?
 
-Манай үзэгчид инээд бэлэглэсэн эсвэл адал явдал хөөсөн бүтээл рүү л хошуурах юм. Кино театрууд ч ялгаагүй орлого л харж байгаа нь харамсалтай. Яагаад нийгэмд, хүмүүст нэгийг бодуулсан бүтээлээ дэмжиж болдоггүй юм бол. Би цахим хуудсаараа киноныхоо тухай бичлэг хийхэд 100 гаруй хүн үзэж байна. Харин хоёр хүнд киноны урилга өгнө гэхээр дөрөв, 5,000 хүн үзэх жишээтэй. Энэ нь манай нийгэм, сэтгэлгээ, хандлага ямар болсныг гэрчилж байна.
 
-Найруулагч хүнд нэг эмзэглэл байж л чанартай уран бүтээл төрдөг юм шиг ээ. Бид өдөр тутамдаа хонгор үрсээ зүй бусаар алдаж байна?
 
-Энэ миний хоёр дахь уран бүтээл. Анхны кино маань “Эр хүн болгож өгөөч”. Хүмүүс нэрийг нь сонсоод айхавтар садар кино байна гэж хүлээж авсан байх. Гэхдээ кинонд хөгжлийн бэрхшээлтэй залуу, бие үнэлэгч бүсгүйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Тэд ч ялгаагүй хүн шүү дээ.
Яагаад бие биедээ дурлаж болохгүй гэж. Эцэст нь хайр бүхнийг өөрчилж эдгээх хүчтэй гэдгийг харуулахыг хүссэн. “Толбо” кино ч адилхан. Цаашдаа ч миний хийх бүтээлүүд нийгмийн сэдэв рүү чиглэнэ.
 
-Та дараагийн уран бүтээлдээ орчихсон бололтой?
 
-Дараагийн киноны зохиол бичигдэж байна. Энэ удаа гэр бүлийн салалтын тухай өгүүлнэ. Монгол Улсад жилд 36 мянган хос салж байна. Түүний даана 36 мянган хүүхэд өнчирч, 36 мянган хойд эцэг эхийн гар харна. Тэдний бяцхан зүрхэнд ийм толбо битгий үлдээгээсэй. Энэ толбо эргээд хүүхдүүдийн амьдралыг өөрчлөх хөнөөлтэй гэдгийг бүтээлдээ тусгана. Би мөнгөтэй, баян хүн биш. Хэрэв мөнгө олохыг хүссэн бол арай өөр кино хийх байсан. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд өөрийнхөө хийх ёстой зүйл, сэдвээ зөв барьж авсан гэж бодож байна.
 
-Гол дүрийн охин их мундаг санагдсан. Та дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?
 
-Анх кино хийх санаа 2017 онд төрсөн юм. Тэр үеэс жүжигчдээ бодсон. Зохиолчдоо зохиол захиалахдаа гол дүрийн охин Мичидмаад зориулж бичээрэй гэж захисан. Харин аавд нь “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва, ээжид нь залуу жүжигчин Н.Мөнхсоёлыг сонгосон. Энэ бүтээлийг хийх явцад би кино группээрээ бахархах сэтгэл төрсөн. Учир нь зарим жүжигчин, арын албаныхан бид хэдэн төгрөгийн цалин авах нь сонин биш.
Таны бүтээлд чин сэтгэлээсээ зүтгэмээр байна. Учир нь таны барьж авсан сэдэв өнөөгийн нийгэмд үнэхээр хэрэгтэй. Хайр байхад бүх зүйл болдог юм гэж хэлж байсан. Тэгэхээр энэ багаараа бахархахгүй байхын аргагүй. Би өөрийгөө магтаж байгаа юм биш ямар ч байсан бидний хамтын бүтээл үзсэн хүн бүхний сэтгэлийг хайраар-дүүргээд гаргах сайхан бүтээл болсон гэж хэлмээр байна.
 
-Таныг ТББ байгуулсан гэж сонссон?
 
-“Толбогүй ирээдүй” ТББ байгуулсан. Бидний хамгийн эхний ажил Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хорооны гудамжинд камер, гэрэлтүүлэг тавьж байна. Үүний дараа 21 аймаг, есөн дүүрэгт “Толбогүй ирээдүй” гар зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Ирсэн бүтээлээр нь бид үзэсгэлэн гаргана. Монголын үрс толбогүй өсөөсэй гэж хүссэндээ олон ажил хийхээр зорьж байгаа. Гэр бүл салалтын золиос хүүхэд байх учиргүй.
 
-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Таныг Багануурт сурч байсан гэж сонссон?
 
-Би Багануурт дунд сургуулиа төгссөн. Дөнгөж шилжиж очсон жил багш маань хотоос ирсэн хүүхдэд урлагийн үзлэг хариуцуулна гэж билээ. Тэр үед анх урлаг, уран сайхны сайхныг мэдэрсэн. Манай анги ч түрүүлсэн. Түүндээ урамшаад Багануурын “Ноён” телевизэд нэвтрүүлэгч хийдэг байлаа. Энэ үеэс урлагийн хүн болох хүсэл төрж эхэлсэн.
 
-Таны уран бүтээлийн гараа УДЭТ-аас эхэлсэн байдаг .-Шинэхэн жүжигчний хувьд энэ театр их зүйл сургасан байх?
 
-Би Ч.Түвшин багшийн шавь байсан. Биднийг төгсөхөд багш маань драмын театрт орох хүсэлтэй байвал шалгалт өгөөрэй гэж хэлсэн юм. Тухайн үед “Зохиомж” дээд сургуулийг төгссөн, одоогийн “Мөрөөдөлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр бид хоёр шалгалт өгч, анх удаа хувийн дээд сургууль төгссөн хоёр залуу тус театрын босгыг алхаж байлаа.
Театртаа 10 гаруй жил жүжигчин, туслах найруулагчийн ажлыг хийсэн. Тэр үеийг эргээд бодоход их сайхан санагддаг. Ямар ч цалингүй мөртөө өөрийнхөө хүсэл тэмүүллээр зургаан cap дагалдан жүжигчин хийж байсан. Театр надад их зүйл сургасан. Өдий зэрэгтэй яваа минь тэр хамт олны буян гэж боддог.
 
-Театрт таны багш хэн байв?
 
-Би хүн бүхнийг багшаа гэж бодож, тэднээс нэг ч болтугай зүйл сурах сан гэж хичээдэг байсан. Харин үндсэн жүжигчний үнэмлэхээ Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайгаас авч байлаа.
 
-Анхны гол дүрээ аваад хэрхэн догдолж байсан бол?
 
-Хамгийн анх Ч.Ганхуягийн зохиол “Эхнэрээ зээлээч” жүжигт гол дүр бүтээж байсан. Харин туслах найруулагчийн үүргээр олон бүтээлд ажилласан. Тухайн үед ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш ажилладаг байсан юм. Дараа нь Б.Баатар, Ч.Найдандорж, Н.Наранбаатар гэсэн найруулагчийн гар дамжсан. Энэ хүмүүсээс ч арга барилын хувьд өөрт хэрэгтэй их зүйл сурсан гэж баярладаг.
 
-Драмын урлагийн мэргэжлийн байгууллагаас хувийн продакшнд очиход ялгаа их л байсан байх даа?
 
-Драмын театр бэлэн зохиол дээр ажилладаг. Харин “Шинэ үе” болон бусад продакшн өөрсдөө зохиолоо бичдэг. Мөн тайзан дээрээс хүн инээлгэнэ гэдэг их хэцүү. Театрт найруулагчийн заавраар, дүрийнхээ онцлогийг гаргах ёстой бол хувийн хэвшилд тухайн жүжигчин өөрийн хэв маяг, донжийг олж тоглох ёстой болдгоороо энэ хоёр байгууллага асар ялгаатай.
 
-Таныг үзэгчид “Татар ажиллагаа” киноны Колягаар сайн мэддэг. Энэ бүтээлд тоглох саналыг танд хэн тавьсан бэ?
 
-“Драмын дөрөв” хамтлагийн ах нар маань нэг дуугаа дүрсжүүлсэн “ юм. 1980-аад оны тухай өгүүлэх ёстой. Тэр үед Н.Наранбаатар ах хулигаан болж тоглов оо. Би чонон Борис гээд л. Тэгэхээр нь би наргиад “Тэгвэл би Пара ахын дүү бэлтрэг Коля болъё” гээд хэлчихсэн юм.
Үүний дараахан “Татар ажиллагаа” киноны тухай яриа гарч, кино багийнхан Э.Батхүүд зориулж дүр гаргая гэж шийдсэн юм билээ. Энэ санаа нь цаашаа явсаар Коля нэрэн дээр тогтсон. Энэ кино миний хувьд их том аз, боломж байсан. УДЭТ-д ажилладаг ч хэн ч танихгүй залууд бараг гол дүр өгсөнд их талархдаг.
 
-Анхны зураг авалт хаанаас эхэлсэн бэ?
 
-Банк дээрэмдэхээр төлөвлөсөн дөрвөн залуу анх гараашинд цугларч төлөвлөгөөгөө ярьдаг хэсгээс эхэлсэн санагдаж байна. Энэ зургийг “UB palace’’-д павильон засаж авсан. Зураг авалтдаа орох гээд очтол найруулагч надад линз өгсөн. Хэрэв үзэгчид анзаардаг бол тэр хэсгийн зурагт миний нүд байнга цавчилж харагддаг даа. Линзэндээ дасахгүй баларсан шүү.
 
-Та “Татар ажиллагаа”-наас өмнө “Сүүлчийн хөхөөн дуу” кинонд тоглосон бил үү?
 
-“Сүүлчийн хөхөөн дуу” кино миний дэлгэцийн анхны гол дүр. Энэ бүтээлд Г.Эрхэмбаяр, Р.Анхням хоёртой хамтарч байсан. Дараа нь “Би чамд хайртай-2” кинонд туслах дүр дээр ажилласан. Дэлгэцийн гурав дахь бүтээл “Татар ажиллагаа” кино.
 
-Жүжигчин хүн найруулагч болоход давуу тал олон байдаг байх даа?
 
-Жүжигчин хүн зөвхөн өөрийн дүрийн тухай бодно. Харин найруулагч хүн бүх дүр болоод киноны бүхий л зангилааг боддог. Кино эхлээд найруулагчийн толгойд бүтдэг учир энэ мэргэжил их хүнд. Зөвхөн бүтээлээс гадна уран бүтээлчид, арын албаныхан гээд олон зүйлд зэрэг санаа тавих шаардлагатай тул энэ мэргэжлийг хүндлэхээс өөр аргагүй.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин