sonin.mn
ДАМАСК. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн олзлогдсон босогчдыг эх орон руу нь буцаах ёстой гэж Сирийн зүүн хойд нутаг дахь Курд тэргүүтэй хүчнүүд мэдэгдлээ.
Босогчдыг энд шүүхгүй бөгөөд тэднийг тодорхойгүй хугацаагаар хорих нөөц бололцоо байхгүй гэж Сирийн Ардчилсан хүчин мэдэгдсэн байна.
500 орчим босогчийг тэдний эхнэр, хүүхдийн хамт хорьж байгаа гэж Сирийн зүүн хойд бүс нутгийг хянадаг тус хүчин мэдээллээ. Эдгээр босогч хэдэн арван улсаас ирсэн байна.
“Лалын улс” бүлэглэлд байсан эдгээр аюултай хүмүүсийг эх орон нь хүлээн авах хүсэлгүй байна гэж “ВВС”-гийн Ойрхи Дорнодын аналист Алан Жонстон мөн хэллээ.
“Лалын улс” бүлэглэл нь 2014 онд Сири, Иракийн томоохон хэмжээний газар нутгийг хяналтдаа оруулсан боловч сүүлийн үед их хэмжээний газар нутгаа алдаад байгаа билээ.
Курдын Гадаад хэргийн асуудал хариуцсан төлөөлөгч Абдел Карим Омарын мэдээлснээр, 44 орны 520 орчим хөлсний дайчин, 550 эмэгтэй, 1200 хүүхэд Сирийн Ардчилсан хүчний шоронд хоригдож байгаа ажээ.
Мөн тэрбээр, “бид “Лалын улс” бүлэглэлийн нэг ч гишүүнийг шүүхгүй. Дан ганцаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй. Иргэдээ хүлээн авч, өөрсдийн хариуцлагаа хүлээхийг Засгийн газруудаас бид шаардаж байгаа” гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг