sonin.mn
Есдүгээр сарын 22-ны Бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна.
“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъянжүгийн гудамжаар үйлчилнэ.
“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна.
Таван шараас офицер хүртэл чиглэлийн троллейбус явахгүй
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар-Ботаник", Т:4 "Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.