sonin.mn
Тэнгэрийн богд Намхайжанцангийн гурван охин гэзгээ угааж сүрчихээр замбативд бороо ордог хэмээн өвөө минь ярьдгийг өдөр бүр шахам сануулсан хуртай зуны адагт Энэтхэгээр явж ирээд, аян замын тэмдэглэл бичих гэсэн боловч, борог амьдралд шууд бууж өгөхгүй гэгээн тунгалаг санаа хий холхиулдаг хойно, цаг баахан алдасхийв. Наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Дели хотноо болсон, Олон улсын буддистуудын чуулган тус улсын хэд хэдэн мужийг хамарч, дэлхийн 30 шахам улс орны 200-гаад төлөөлөгч оролцсон, сүүлийн олон жилд буддизмын чиглэлээр энд хийгдэж буй анхны, том арга хэмжээ болж өнгөрлөө. Аугаа их Энэтхэг, Бурхан багшийн оюун санааны өлгий нутаг гэдгээ ашгүй нэг эрхэмлэн Санасны учирт, дэлхийн буддистуудыг урьж залсан гурван өдрийн дуртгалыг угтах бүртээ тэдний бидэнд зүүж өгдөг асан зэнду цэцгэн эрих лугаа өргөн дээжилсүү.
Монголоос бид тавуулаа Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав гуай, Гандантэгчинлин хийдийн Да лам Х.Бямбажав, залуу лам Ж.Одгарьд, А.Цогтбаатар нарын хамтаар Буянт-Ухаагаас нисч, удалгүй тух муухан шиг Шереметьево онгоцны буудалд залхатлаа саатаад, цааш нисэв.
Энэ буудлыг нэрээр нь нэрлэсэн Ашока хаан бол монголчуудын хэлэлцдэг Гаслангүй Номун хаан бөгөөд Энэтхэгийн түүхэнд бурханы шашныг найман зүгт түгэн дэлгэрэх өлзийг урласан ачтай буянтай хаан юм. Аливаа гансгийн язгуурын зожиг зангийн хүлээст тэрбээр хаан аавын бусад эхнэрүүдийн эрх танхи хөвгүүдэд дээрэлхүүлдэг байсан ч, нэг л мэдэхэд эр зориг, эрдэм чадал төгс хүчирхэг хаан болж өсчээ. Түүний үед л мауричуудын газар нутаг өмнөд далайн эргээс Хималайн оргилд тулах асар уудам орон зайг эзэлсэн бөлгөө. Ашока хаан шуудайд чихсэн үхрийн эвэр шиг олон овог аймгийн ард олноо дан ганц чанга хууль цаазаар бус, ёс журам, асрал нигүүлслээр тэтгэсэн хос ёсыг баригч хаан гэдгээрээ хожмын түүхнээ илүүтэй хайрлагдсан юм. 23-ны өглөө үндсэн ажил эхэлж, холгүйхэн орших Вижаян Бхаван буудлын асарт зочдыг бүртгэж хар шар, халимагтай, халзан толгойтнуудаар тэрхүү асар оволзон дүүрээд, бүгд суудлаа батад эзэлсний хойно Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Рам Нат Ковинд нээлтийн үг хэлэхээр танхимд орж ирлээ. Бие хамгаалагч, бараа бологч гээд нэг л их олон хүн ороод ирэх юм байх гэсэн, тэгсэнгүй. Төлөв даруухан, төв эрхэмсэг ч улсын эцэг мөнөөс мөн тул харц нь сүрдэм. Нас дал хол хэвийжээ. Энэ гүрний Ерөнхий сайд нь мөн үе чацуутан, шударгуу агаад шуналгүй эдгээр хүмүүнийг төр нь хэрэглэх нь зүй. Нас бол мэргэн ухааны сан хөмрөг гэж үздэг дорнын ухаан энд хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийг ирэх буцах хоёрт Төрийн дуулал нь эгшиглэв. "Ард түмний зүрх сэтгэл" шүлгийг нь алдарт яруу найрагч Рабиндранат Тагор бичиж, аялгууг нь ч зохируулсан юм гэдэг. Уртаашаа 52 секунд аялгуулдаг энэ сүлд дуулалд Энэтхэгийн бүх нутаг усны болон хүн амынх нь үндэстэн ястны нэр алдар цемийг дурдаж амждаг нь гайхалтай. Ерөнхийлөгч тун дотно дулаан үгс айлдлаа. Товчхондоо бол, буддын шашны шинжлэх ухаанч хандлага, энэрэнгүй үзэл номлолыг Энэтхэгийн ард түмэн болон төр засаг нь гүнээ хүндэтгэн дагадаг. Буддизмыг сурталчлах нь тус улсын гадаад дотоод аялал жуулчлалын салбарын нэгэн үндсэн хөшүүрэг бөгөөд энэ талаар төрийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа хэллээ. Түүний дараа тус зөвлөгөөнийг гардан зохион байгуулж байгаа Энэтхэгийн Засгийн газрын Аялал жуулчлалын яамны сайд ноён К.Альфонс, мөн зөвлөгөөнийг ивээн тэтгэж оролцсон, Япон Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Кенжи Хирамацу нар үг хэлсэн юм. "Энэтхэг ер нь хэнтэй муу юм" гэж би тэр хооронд бодож суулаа. Хүний олноор түрж хамаг ертөнцийг түйвээгээд байвал ...
Гэтэл хамгийн аядуу зөөлөн, тусч хүнлэг гадаад бодлоготой бөгөөд нэгэн цагт дарлаж байсан колончлогчдоо ч мөрнөөсөө бөөс шиг сэгсэрч хаяхдаа буу шийдэм дуугаргасан билүү. Ард түмний эцэг Махатма Ганди "Энэтхэг бол гадна талдаа харагдаж буйгаасаа илүү аугаа" хэмээсэн билээ. Наашаа гарахын өмнө, манай улсад суугаа Элчин сайд Суреш Бабутай утсаар ярихад Баян-Өлгий, Архангайд байгалийн гамшигт өртсөн иргэдэд 120 сая төгрөг гардуулаад ирлээ гэж ярьж байсныг санана. Гэтэл энд хар. Энэтхэгийн тэн хагас шахам нь усанд автаж сандруухан байгааг зурагтаар мэдээлсээр байгаа ч тус гуйсан нэгэнд өглөгийн гараа хэзээ ч татаж үзээгүйг нь хэр баргийн хүн ойлгохгүй ээ. Монголд өнөөгийн байдпаар л гэхэд, Газрын тосны үйлдвэр барихад зориулж Энэтхэг улс тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн тусламж үзүүлээд байна. Үндэстнүүдийн түүх соёл, шашин уламжлалын ижилсэл бол зээлж худалдаж, зарж арилжиж болдоггүй нэгэн долгион дээрх ойлголцлыг хэлдэг байна. Эх орныхоо түүхийг бичиглэсэн А.Амар бугайгаас, бидний өвөг дээдэс Хималайн цаад дороос нүүдэллэн ирсэн тухай сонирхолтой үг өгүүлбэр үлдээсэн ээ дээ. Үүнийг нь нотлох гэсэн шиг, Энэтхэг, ялангуяа Балбын хүн амын цөөнгүй хэсэг нь өнөө ч өөрсдийгөө монгол үндэстэн гэж нэрлэсээр ирсэн төдийгүй, монгол дээл малгай өмсч, араг шэзгий үүрч, адуу маллаж, эмээл тохож, сарлаг сааж, монгол ёс заншлаа бүдгэрүүлэхгүй авч яваа юм гэдэг. Эл бүгдийн тухай Энэтхэг Улсад Элчин сайдаар ажиллаж байсан О.Нямдаваа гуай маш их баримт цуглуулж, өчнөөн ном товхимол гаргасан, жинхэнэ Элчин сайд хэрхэн яаж ажиллах ёстойг үзүүлж чадсан, эрдэмлигээрээ цор ганц шахам дипломатч юм даа. Биднийг хамгийн ариун дагшин газруудаар аялуулах хөтөлбөр гарсныг хэвлээд түгээж байна Бурхан багшийн Найман их найчин газрын лавтайяа дөрвийг үзэх нь ээ.
 
АГЛАГ ДАГШИН АЖАНТА
 
Болжмортой төстэй бяцхан шувууд модны мөчир дээр эгээ л бүжгийн охин тэнгэр Апсара шиг дэгдэн дэрвэлзэх нь хөөрхөн. Шувуудын жиргээ л сонсдох эрт үүрээр Аурангабад руу нислээ. Гэтэл буунгуут, Аурангабад биднийг онгироож орхив. Хөдөө аж ахуй, газар тариалангийн энэ дүүргийн төсөрхөн шиг нисэх буудлын үүднээс цэцгийн ялдамхан үнэр салхиар сэвнэ. Тод шар цэцгэн хивс гудамлан зулсны дээгүүр алхахад, мөн тэрхүү цэцгээр хэлхсэн эрихийг хүн тус бүрийн хүзүүнд зүүж, ардын дуу бүжгийн цоглог хэм уянгалан тосоход хэний сэтгэл эс уярна вэ. Эрвэлзэн бүжих хоёр нүд нь цогтой охид цохон дээр улаан шунхаар тика тавьж өглөө. Биднийг нас насны төлөөлөл угтаж байгаагийн билэг болгож амандаа сахалтай өвгөний хоёр гараас, даахь сэвлэгтэй шахам хүү охин хоёрыг хөтлүүлээд зогсоожээ. Цаанаа л нэг хүнлэг, дорнын ёс харагдаад байгаа биз. Ихэмсүү гэгддэг өрнөдийн зочид энэхүү угталтад бөөн дуу шуу болон хүүхэд шиг баярлаж, энд тэндгүй зургаа авахуулах нь тэдний ганц чаддаг ажил хойно доо. Харин гэрэлт дорнын хүн би, шөнөжин цэцгэн эрихсийг уйгагүй хэпхэж эднийг хамтдаа баярлуулсан мэт, энэтхэгчүүлийнхээ өмнөөс цаанаа их л додигор байлаа. Махараштра муж дахь Ажантагийн агуйн уран зургийн чуулбарыг үзэх л гэж энд буусан юм шүү дээ. Хүн төрөлхтний нэн эртний соёлын дурсгал гайхамшигт Ажанта бол байгалийн амьд галерей. Хамаг бурхад, мэргэд, урчуудын ажирч амирласан гэрэлт шүтээн Ажантаг галт уулын тургидас дөнгөж сэврэх үеийн зөөлөн чулуулгаар МЭ 6-11 дүгээр зууны үед сийлж зорж бүтээжээ. Нийт 34 агуй, үүнд орших ба их бага сүм дуган тус бүр нь бүтээгдсэн, байгуулагдсан зууныхаа түүхийг өгүүлдэг, соёл урлагийн энэ хосгүй музейд уулын хамар хажиж явсаар хүрлээ. Буддын лам нарын бясалгалын орон байсан энэ газрыг лалын тэрсүүдүүд сүйтгэсний дараа бүтэн 12 зууны турш шороонд дарагдаж, ХIХ зуунд л англичууд бар агнаж яваад олж илрүүлсэн аж. Ноцож улайдталаа наранд халсан хад чулуун дээр гишгэж, өмнөх зуунуудын үл мэдэг чичиргээнийг нүцгэн өлмийгөөрөө тэмтэрч үзлээ. Туурга хананд шороон будгаар амилсан үнэмлэхүй сүрлэг хаад, үлгэр номч хатад, янагшин дурлахын хүслэн өдөөх хэтэрхийеэ төгөлдөр баатар дагинасыг бишрэхдээ залуу идэр нас агшин агшнаар хулжихыг анзааран гунихын сацуу, менхийн гоо сайхны өмнө арчаагүйтэн зогсох энэ л хоромд сүнс минь хэчнээн жаргаж байгааг мэдэрлээ. Ботгоо хөхүүлэх ингэний нүд шиг уяхан харцыг нь дияаны бийрээр зурсан байж таарах бодьсатва нарын бодлын тойрогт өөрийгөө хаяж, бодьсатвын зовлонг эдэлбэл чиг эдэлсүгэй гэх гэнэтийн зориг гялбасхийн асч, юуны ч учир бүү мэд, шимшрэн хайлах гэж энд иржээ би. Хүн гэдэг ихэмсэг амьтан яруу сайхны өмнө л хамаг багаа тайлж, дөрвөн хөллөхдөө ингэж сэтгэл амардаг байна.
Бурхан багш хаяанд нь төрж, голомтонд нь гэгээрсэн Энэтхэг минь баярлалаа. Таны эдгээр ханьцашгүй дээд урлалын шидийг Монголын Анхдугаар Богд Занабазар номын агаарт бясалган мэлмийн шүүдэр нэрээд, туурвихын онгод цэнгэлээр хөллөн, өнөөгийн 8Д хэмжээст бурхдаа уран мутраараа хэвлэн, увдис билгээр хөлчүүрхэж суусан биз ээ. Бурхан багшийн 12 зохионгуйг үзүүлсэн агуйнууд байх ба хинду шашны өгүүлэмж бүхий нандин бүтээлүүд бас зонхилох маягтай. Дашрамд хэлэхэд, хинду болон буддын шашныхан хоорондоо эв нийлэмжтэйн дээр ерөөс нэг шашин. Будда Гаутама бол хиндугийн алаг нүдэн Кришна тэнгэрийн бүрэлбаа гэж үздэг тул хиндубуд гэдэг шашны үлэмж өргөн урсгал энэтхэгчүүлийг ноёлж байна.
Алжаалыг умартуулагч Ажанта минь ээ. Монголчууд бидэнд түүх соёлоо өмөлзөн санаад, өмгөөлөн хямгадах ухаан хайрла. Эрдэнэзуу, Амарбаясгалан, Төвхөн, Дэмчигийн тэргүүт, 1930-иад онд шатаагдсан тэр олноос шавар балгас төдий үлдэхчээ болсон хийд орныг минь, мөнгө эрх мэдлээ л гэдэг хүйтэн мөлүү сэтгэлтнүүдийн гараас салгаж, ирээдүй хойчийн маань төлөө сэхээн сэлбэрүүлж хайрла. Шашин үзлийн нэгэн малгай дор орших эв эе, нэгнийхээ сайн сайхныг олж хардаг сэтгэлийн мэлмий, цагийн салхиар туугдсан өвөг дээдсийн үйл хэргийг өвлөн залгах амны хишиг монголчуудад хайрла, Ажанта.
 
МЭРГЭД ГАРАХЫН ОРОН-НАПАНДА
 
Замд анх гарахдаа л эртлэн босч, нааш цааш цагийн зөрөөнөөс махан бодь салбарах дөхөж байсан ч, сэтгэл гэдэг, урь үнэрлэсэн хаврын ураацай шувууны нисэх мэт хөнгөн тул, үүрийн дөрвөн цагтаа дуудуулалгүй сэрээд, нарны тосоо түрхсэн шиг зогсч байлаа би. Манай дөрвөн лам ч гэж, жинхэнэ лам нар юм. Дамбажав гуай ахимаг хүн гэхэд явах тусам сэмбэгэр байгаа, Бямбажав залуувтар хүн гэхэд сүрлэг сүндэр байгаа. Одгарьд ламын гярхай сэргэлэн, Цогтбаатар ламын хичээнгүй даруухан байгаа энэ бүгд найрсан, бид тавуулаа үг яриа, явдал мөр нийлэмжтэй нь аян замын хутаг өршөөжээ. Өнөөдөр бид Наян дөрвөн шидтэний сургууль Наландаг үзнэ. Нийтийн тоолол эхлэхтэй зэрэгцэх үеэс яригддаг, Гупта Кумар хааны бариулсан, орчлонгийн хамгийн анхны их сургууль бол Наланда. Бидний элэнц хуланц нар зүүдээрээ ч болтугай зорчиж очоод, нүдээр үзэхийн хүслэнг соронздон татсан найчин газруудад тэднийхээ нэрсийг аяархан шивнэж явах минь ямар их зол билээ. Ерөөс тэднээ энэ газар дурсан бодохын сацуу л нулимс гарчих юм. Монголчуудын хүлээж авсан шашин бол зүгээр нэг шашин огт бишийг залуус дүү нартаа хэрхэн ойлгуулах вэ. Хүн өөрөө зөв амьдарч, нүглээс хол байж, бие, хэл, сэтгэлээ захирч чадвал энэ хойт насандаа жаргалтай амьдрах төдийгүй, хамаг орчлонг ч диваажин болгон хувиргаж чадах билиг билгүүн төгс юм шүү гэдгийг өөрийн биеэр үзүүлсэн Шагж овгийн хүүгийн өлмийн лянхуа дэлгэрсэн газруудыг харцаараа үнссээр явахад, гурван хэмжээст цагийн хүрднээс суллагдах шиг болно.
Милрайба богдын намтарт Төвдийн зүг толгойгоо бөхийсөн гэж гардаг Гасана уул чанх цаана нь байх ёстой Наландагийн хийдийн туурь нэлэнхүйдээ нэгэн их улбар шаргал туяа цацсан хүрээ горлом багөөд энэ нь барилгынх нь тоосгоны өнгөөс үүдсэн нь магадын зэрэгцээ, бурханы оройн дээд зүгийн билэгдэл болсон цагаан гэгээ тэнгэрээс бууж, нар туссан газрынх нь хайлсан шижрийн мэт алтан өнгөтэй тунамаллаад, аргагүй л арилсан хутагтуудын орон мөн юмаа. Энд байгаа минь зүүд бус уу. Хоёрдугаар Будда буюу лус найман аймгийг номхотгож, номд оруулсан Нагаржунагаас эхлээд цэцгийн хүйснээс мэндлэгч алдарт тарничин Ловон Бадамжунай, Жову Адишаа, Арьяандэв. Ловон Чинбо, Шиванцо ...тэргүүтэн их бандида нар хоосон чанарыг оносон хурдан хурц билгүүнээ нээн дадуулж байсан газар орон үнэхээр энэ ээ. Далимд нэгэн хууч дэлгэе. Хүүхэд ахуйдаа гараас гарт дамжин түгээгддэг нууц маягийн орос сэтгүүлээс олж уншсан үүнтэй дахиж таарсангүй ээ. Сансарт ниссэн анхны хүн ба Юрий Гагарин газрын татах хүчнээс алдуураад хэсэг хугацааны дараа холбоо тасарсан бодит баримт бий. Алга болцорсон тэрхүү хугацааны 30 орчим минутад чухам юу болж өнгөрснийг Гагарины хувийн захидлаас овсгоотой хэсэг саваагүйчүүл олж мэджээ. Итгэлт дотны анд, зохион бүтээгч инженер Сергей Королёвт бичиж хадгалуулсан энэ захидалд "Би энэ үед Восток хөлгийнхөө дугуй цонхоор Гэгээн Мария цав цагаан өмсгөлтэй байж байхыг харсан ба тэрбээр над амаар өгүүлсэн, дохио зангаагаар ойлгуулсан алин болохыг бүү мэд. "Хүү минь сайн явж ирэв үү. Уг нь чи энд ийм замаар явж ирэхгүй байсан бол дээр байлаа. Гэхдээ чи сайн яваад харина аа. Даанч залуу байна даа гээд санаа алдсан" тухай богино өгүүлэл, ой тойнд минь үг үсгээрээ үлджээ. Ийм зам биш бол өөр ямар замыг хэлээ вэ. Хүн төрөлхтөн тэр аяараа буруу хөлнөөсөө босоод туучихсаныг хэлээд байна аа даа. Материаллаг үнэт зүйлээс оюун билгийн үнэт зүйлээ илүүтэй анхаарах ёстой байж уу хүн төрөлхтөн. Оньсон хөлөг биш, оюун бодпоороо зорчин нээлхий хөх огт оргүйг тэнд оршигч тэнгэрс, бурхад, тивүүдтэй нь нээж, тэмдэглэн бичиж үлдээсэн буддын лам нарын гэрлийн рашаанд нэвчин шингэсэн Наландад асуултын хариу бодон, хоргодохын минь учир юун. Цамд суух буюу, бясалгал самадид оршин Бурханы орноос ном залж ирдэг, зүмпэрэл товлосон гэгээчүүлийн тухай хорвоо юуг ч эс мэднэ. Номын хүрд эргэсэн мянга, мянган жилийн түүхийг араа арчдаг цаас шиг базаж хаяад, гайгүй сайндаа Эдисоны цахилгаан тог гаргаж авсан үеэс л шинжлэх ухаан бий болсон хэмээн омойтдог өрнөдийнхөнд номхон бяруу шиг хөтөлгөөтэй яваа өөрсдийгөө ч бид яана вэ. Алимны нэг тал ялзарваас, нөгөө тал мөн муудчихдаг шиг, дэлхийн соёл иргэншлийн өрөөсгөл үнэлэлтийн аль аль нь утгагүй. Зүй тогтлыг гэвч ухаант хүмүүн өөрөө удирддаг биш бил үү. Буддын шашин бол өөрийгөө хөгжүүлэх арга ухааны бараг л төгс номлол атал, хүнийг хурга мал гэж үздэг бусад шашинтай жишин зэрэгцүүлтлээ доош нь хийсэн энэ л төвшинд буугаад удпаа. Умраас умардад дэлгэрүүлэх зарлиг хүлээсэн монголчууд бид ч тэр, морин жилд эргэн учирсан шашнаа зөвхөн гадаад өнгөндөө буулгасны уналаар, өнөө хэр шар улаан, шүгдэн эс шүгдэн гэлцэн талцаж, харийнхны бах тавыг хангасаар байна. Төр эмхрэхгүй байж болно оо, архичин самуун эцэг төр бол дүүрч. Энэ хооронд эх-шашин л хэмхэрч болохгүй, эхт хүн өнчирдөггүй гэдэг. Сүм хийдэд гүрэм хийж мөнгө олохдоо, өөрөө ч орчуулж утгыг нь ухахгүй зүйлийг харь хэлээр тоть шиг давтан хээхэлзэж, олбог булаалдан амьжрагсдыг лам хувраг гэвээс, монголын шашин доройтсоны шинж. Занабазар, Нэйж Богдын монгол эх хэлээрээ ном судар унших эхлэлийг үүсгэсэн их тэмүүлэл тэр хаачив. Хүмүүний ёс журмыг гадна талаас нь хууль цаазаар хашиж, дотор талаас нь шашин номоор хангаж байж төр шашны оршин байх мөн чанар үүсдэг тухай эртний сургааль номлол тэр хэзээ гүйцэлдэх. Монгол лам нарын бүтээсэн хийснийг лам нар өөрсдөө, төр нь, сүсэгтэн нь тоохгүй юм бол хэн тоох юм. Анх Энэтхэгээс эхээ авсан сурвалжит монгол шашнаа танигдахгүй болтол нь завсар дам хоорондын зан үйл, үзэл суртал, улс төрийн явуулгын золио болгосон шальдар бульдар түүх үргэлжлээд л байх уу. Шашны асуудал нь төвд хэлээр ном уншдаг, өвдөж зовохоороо л гүйж очдог хэдхэн ламын хэрэг гэсэн. Номын хэлээр бол "Дээрээ шүдэт үхэрнүүд" төрийг зайдалсаар байх уу. Өө би яасан их улстөржиж буцалж байна аа, энэ сайхан газар... Товчхондоо, Монгол Улс бол хэнээс ч хараат бус, бие даасан төр, шашны эрх ашигтай байх хэмжээний түүхэн шорвог гашуун сургамжтай улс аа.
Монголын маань шамдал төгс согбо нар явганаар мянган уул, түмэн голыг давсаар, зорин ирж суралцдаг байсан Наландагийн дээгүүр, Итгэлийн шад шиг үүлс явгалан, гоёмсгоор өрөгдөхөд тэсгэлгүй, нэгэн шүлгээ аяар дуудлаа.
Бие хэл сэтгэлгүй үүлэн нүүж явна
Би түүнээс ялгаа юун
Гэсэр хөх огторгуй орон гэр минь билээ
Гэрээс гарсан хүмүүн садан минь бүлгээ...
Өндөр хөх огторгуй руу бус, өөрийнхөө дотогш хэдэн мянган бээр гүн аялж, Ум хийгээд Хум-ын зургаан зүйл амьтны орныг холбогчдын энэхүү номт өргөөний өрлөг багананд ийн сүслэн мөргөлөө. Аяа, мэргэд гарахын орон Наланда минь ээ. Элэгдэн үгүйрэх эд өлөг бүхнийг хураан хуримтлуулах гэдэг урин шуналаас нь хар шар монголчуудыг минь гэтэлгэж хайрла. Энэ хойт насанд чухаг эрдэм номын гэгээгээ харамгүй тусгаж, мунхарсан оюунтан хэн буй, тэр бүгдийн оюуны цоожны өргөсийг мултлан, хөмөрсөн тогоонд гэгээ тусгахыг зүтгэн үйлдэгчдийн үйлсийг тэтгэн соёрх оо.
Босгоных нь хавиас атга хүрэхгүй шороог самбаачлан авахыг, хажууд байсан нэгэн энэтхэг өвгөн гайхах маягтай, хараад зогсоод байна. Хулгай хийгээд байна гэж тэр хүн бодоод байгаа ч юм шиг эвгүй санагдаад, цааш яваад бишгүй их удсаны хойно, өнөөх өвгөн араас гүйх шахам ирээд, надад бяцхан гялгар уут дүүрэн Наландагийн элс, тоосгоны хэлтэрхийг аминчлан өгсөнд, энэ төрөлдөө эргэн учрахгүй нь үнэн түүнийг тэврэн үнссэн маань, хариу бэлэг гарт хараахан байгаагүйх билээ. Арш, архад, махранз л гээчид нь байгууштай ширвээ сахалтай, ширүүн дүртэй ч, дотроо бол буман тэрэмний үнсээр бичсэн судар тарнийн ном юм аа, энэтхэг эр хүн. Наландаг дөнгөж 2016 онд л НҮБ соёлын үнэт өвийн жагсаалтад бүртгэн авчээ.
Эндээсээ бид "Үлгэрийн далай"д олонтаа дурдагддаг Ражгир, Хааны харш гээч дахь Бэлүбана хэмээх нэрт хулсан ойн цэцэрлэг рүү хөдөллөө. Тэнд нэг зүйл бодогдох юм. “Дуулсан дуундаа өөрөө уяраад" гэгчээр бодсон бодолдоо уяраад нулимс ч гарах шинжтэй. Бурхан багш бол мах цусанд төрсөн бодит хүн бөгөөд үүнийгээ хэнээс ч нууж байсангүй. Зөвхөн тэрбээр онцгой хувьтан тул дэлхий дээр тэргүүлшгүй цагаас нааш дараалан ирэгч хэдэн дүнчүүр хүний дотроос онцгой нинж сэтгэлтэн, онцгой тэвчээр хатуужилтан, онцгой билиг ухаантан байсны учирт, Бурхан хэмээн өргөмжлөгдсөн билээ. Хүмүүн бид нар одоо л гэхэд яасан олон янзын дүр төрх, ааш авир, авьяас эрдэмтэй билээ дээ. Тэр олны дундаас, энэ урт дэлх.ийн түүхнээ яагаад Бурхан багш төрж болдоггүй юм гэж Бурхан багшийг үгүйсгэн эсэргүүцэгч нарт хэлмээр болдог. Тэрбээр өлсөж ангахын зовлон, хань нөхөргүй ганцаардахын уйтгар, өвдөж зовохын гаслан цөмийг туулсан. Чухам л ингэж явахад нь, орь залуухан түүнийг ойлгон тусалж дэмжих нэгэн сайхан сэтгэлт ах хүү гарч ирнээ дээ. Тэр нь энэхүү хулсан ой цэцэрлэгийн эзэн Бимбасара хаан байсан ажээ. Яг л Ниранзана мөрний эрэгт, зургаан жил хатуу бясалгал хийгээд үхэдхийн унахын даваан дээр нь Лэгжиймаа охин үнээний элгэн тараг өгч тэнхрүүлсэн лүгээ, үнэн бодитой түүх. Ингээд бодохоор, дахиад л уйлчих гээд болдоггүй ээ. Хүүхдээрээ шахам Бурхан хамаг амьтны төлөө, энэхүү хулсан ой цэцэрлэгийн альхан чулуу сандайлаад, альхан газрын өвсийг хажуулдан, уншигч та бид хоёрыг хүртэл өршөөн багтаасан амаргүй бодолд автан суусан бол гэхээс тэр их асрангуй сэтгэлийх нь хүнд ачаанд дарагдах шиг болно. Бимбасара хаан түүнд энэхүү газар орныг өргөсөн гэх ба, Бурхан багшийн олонтаа ажирч, сургааль номоо айлдаж байсан дагшин өндөрлөг өнеө ч хэв хэвээрээ л болов уу гэлтэй, намар эртийн тэнгэр дор намиатан байнам аа.
 
БОДЬ МОДНЫ ЗҮРХЭН НАВЧИЙГ ТОСЛОО
 
Мужаас муж руу тусгай захиалгын онгоцоор ниссээр, Аялал жуулчлалын сайд нь ямагт даган явж, орон нутгийнх нь эрхтнүүд биднийг тосч, урлаг соёлын үзүүлбэр таширлуулан үдшийн зоог барьсаар, Гаяа муж орлоо.
Зарим найз нөхөд маань хэлдэг л дээ, өө Энэтхэгт явах их хэцүү, гуйлгачин ядуу улс олон л гэнэ. Ганга мөрөн юу нь сайхан байгаа юм, шарилаа хийдэг байж...гэх мэтээр ярьдаг. За тийм ээ, гэвч шүтэн бишрэх, итгэн найдах зүйлтэйгээ үлдсэн үндэстэн ямар агуу вэ?! Ядуусыг сүм хийд нь хооллох үеэр мянга илүү хүн тэвчээртэй дугаарлан зогсч, хувиа авдаг. Хэн нь ч урдуур дайрч, хэл үг хийхгүй нь сонин. Гэтэл, тоогоор зуу хүрэхгүй ахмад настнууд "Скай" дэлгүүрийн өмнөөс амралтын автобусанд суух гэж ухаангүй шахцалдаж байгаад, нэг өвгөнийг дайрч унагаад, зүрхийг нь хаагдуулчихсан мэдээг эх нутгаасаа энэ л үеэр олж унших юм даа? Та бидний Монгол хаашаа яваад байна вэ. Бид ямар их уур омогтой, бүдүүлэг, хувиа хичээсэн, эрх мэдэл, мөнгөнд улайрсан, ах захгүй улс болж орхио вэ. Ядуу хоосноосоо боллоо гэх үү. Тэгвэл 1921 онд ямар байлаа, дор хаяж 1990 оны өмнөхөн хотондоо малтай, гаднаа машинтай айл хэд байлаа. Ханаж цадаж мэдэхгүй гэдэс ходоодны оронд,хоосорсон зүрх тархиа нэг бодож үзээч дээ. Цөөхүүлээ юм байж нэгнээ яаж үзэн яддагийг нь бодохоор, гомдож үхмээр дээ, миний Монгол.
Өнөөх, олонх нь тарчиг ядуу гээд байгаа шороон түмэн энэтхэгчүүд, бидний явсан газар бүхэнд замын дагуу эгнэн зогсоод, бидэн рүү гараа даллан инээмсэглэж, алжаангуй атлаа амгалан сайхан харцаараа үдэх бүрт, Энэтхэг маань улам хөгжинө, ирээдүйд улам сайн сайхан болно гэж л бодогдож явлаа. Үлгэр бүхэн жаргаж төгсдөг Энэтхэгт хүн, хүнээрээ байна шүү дээ. Энэ ард түмэн өөрсдөө бүх юмаа үйлдвэрлэдэг, оёдлын зүүнээс авахуулаад огторгуйн хөлгөө ч өөрсдөө бүтээж эхэлсэн гэж байгаа, даанч хүн нь нээрээ олон Олны олон гэвч, ядуу татуудаа улсдад өширхөлгүй, харин ч үйлийн үрээ барагдуулах нэгэи шалтагхэмээн харж, зовлонг чимэг болгон хувиргах уужуу сэтгэлээр хичээнгүй ажиллаж сурсан байна Өнчрөх цагт хатамжлах, өөдлөх цагт сэрэмжлэх, ер ямар ч цагт хүн, хүнээ алдаж болохгүйг ХX зууны энэтхэгчүүд, та бидэнд үлгэрлээд байна. Америкийг хамгийн чухал хариуцлагатай
өндөр боловсрол шаардсан ажлуудад, жишээ нь НАСА-гийн цөмийн хөтөлбөрт судалгаа хийж, эрүүл мэндийн шинжлэх ухаанд ноу хау бүтээлцэж, НҮБ-ын бичиг товъёогийг энэтхэгчүүлд үдэж хавтаслаж байгаа бол, гайгүйхэн ажил олсон хэд гурван монгол иргэнээс бусад маань, Солонгост гахай маллаж, Америкт ачаа буулгаж, Германд хулгай хийгээд хөөгдөж байдаг нь худлаа ч биш дээ.
Валютын ханшны огцом уналтаар ганцхан хоногийн дотор үндэсний рупигээ часхийтэл атгаж улддэг эдэнтэй бид юу ярих юм бэ. Гадаадаас хараат бүхнээ тасдан хаяж, өөрсдөдөө эзэн болж яваа ийм ард түмэн бардам байг. Тогосны өд, Рерихийн зурган дээрхи шиг гүн хөхөлбөр инраанил эрих, тэр эрихний хэлхээс шиг хоногуудын буухиа биднийг Бурхан багшийн гэгээрсэн Бодь модны сүүдэр дор авчирлаа.
Энэтхэгийн үлгэрийн цоморлигийн эх бичмэлийг, түүнийг Америк руу зөөж явсан Титаник хөлөг онгоцтой нь цуг 1912 оны хаврын шөнө сорж живүүлсэн Атлантын далайгаас ч халгиа цалгиа ихтэй үлэмж суу ухаан монголчууд бидэнд байсан юм шүү. Дайн самууны хөлд Энэтхэг гүрний сүлд хиур бөхөлзөн дэрвэж, хүн ард нь сульдаж ядарсан түүхийн олон нугачаанд, тэдний бүтээсэн ном соёлыг эх газар, хээр талын монголчууд бид арвилан хямгадаж ирсээн. Ном соёлоороо бид, хүн төрөлхтний газрын цээжинд давхиатай хүлэг юм шүү дээ. Панчатантра, Рамаянын гуульс, Бигэрмижид хааны үлгэр, Дандини, Гавяадаршийн яруу найргийн уламжлалын сиол тэргүүтний хуудсыг нялх багаас халтартуулан оюутан идэр насыг бартал монгол, орос хэлээр олдоцын хэрээр үзэж уншиж, улмаар зах зээлийн шуурга гээчид хөл алдан "Сэрэмж алдсан нэгэн ягчис Хилэнт эзний бошиг зарлигаар Үзэсгэлэнт амрагаас жилээр хагацах" адил, тэрхүү дорнын амтат сайхан сүүнээсээ хэсэгтээ салж төөрсөн минь ганц миний ч бус, нийт ард олон дунджийн явдал мөн байх. Сүмбэ хамбо Ишбалжир, цахар гэвш Лувсанчүлтэм, Зая бандид Лувсанпэрэнлэй, Агваанхайдав, Агваанбалдан, Агваандандар лхаарамба... гээд хэл бичиг, утга зохиол шинжлэлч үе үеийн төгс оюунтны цаглашгүй ач тусаар Энэтхэгийн Бурханы шашныг Монголын хэл сэтгэлгээнд идээшүүлснээр, энэ олон зууны туршид монгол хүн шашнаараа уламжлан, эх хэл соёлтойгоо үлдэж хоцорсноос харж болно. Хөрш хоёр орноос онцгой өөр ялгамжаатай шашныг аваагүй сэн бол, орос мангадуудын ба мандарин аялгуутны нугарамхай хэлээр дуржигнуулах байсан гэдгээ, буддын шашныг өнөө үл хэрэгсэн бачуурагчид мэдээд аваасай. Социализм хэмээх нийтийн тэгшитгэл ид гаарч байх үед, хосгүй ачит Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Л.Хүрэлбаатар нар болон, бусад эрхмүүдийн үргэлжлүүлэн судалж, эх хэлнээ буулгасан дорнын сонгодог утга зохиол, хэл шинжлэлийн бүтээлийн дээжис бол, монголчууд бидэнд монгол сэтгэлгээний яруусал төгөлдөршлийг эл төвшиндөө хадгалан үлдэх цор ганц чөдөр аргамжаа. Энэтхэг гэдгийг нь мартталаа монголжсон аман зохиол, монгол бичгийн дурсгалуудаа сэргээн судалж ахиулбаас, өнгөрсний балгас дундаас ирээдүйн гандирсыг цогцлоох билээ.
Гангын ариун урсгалд 
Бийрээ дэвтээж бичиглэсэн 
Дагшин хутагтын оронд 
Дардас хуудсыг нь барласан
ГАНЖУУР ДАНЖУУР 
Мохошгүй зоригтон дээдэс минь 
Мориноосоо бууж мөргөсөн 
Молор жингийн цуваагаар 
Дорно дахинаас запж ирсэн 
ГАНЖУУР ДАНЖУУР 
Хүнээс мандсан нар
Бурханы шашнаар өлгийдүүлж 
Хүй цөглөсөн замбативд
Энхжинг бүтээх тангарагтай 
ГАНЖУУР ДАНЖУУР...
Одоогоос 10-аад жилийн өмнөөс, эрдэм номыг базаадаг хэсэг залуус "Цогт цагийн хүрдэн" төв үүсгэж, Ганжуур Данжуурыг худам монгол бичгээс самгарьд, төвд, хятад, манж хэлний нягтлалтайгаар орчин цагийн монгол хэл бичигт хөрвүүлэн буулгах ажлыг эхлүүлсэн, эхэлсэн тэр ажил нь номгүй төрийн, нам улстөржсөн бүлэглэлүүдийн анхааралд өчүүхэн ч үл тороод, хөрөнгө зоосгүйн гачлантай нүүр тулсаар байна. Монголд ер ямар ч ном бүтээх нь, гуйлгын ажил болж хувирсан нь худлаа биш. Номыг номгүй хаад бүтээдэггүй нь үнэн ажээ.
Уг нь аль 1957 онд хоёр улсын анхны дээд хэмжээний айлчлалаар, БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч С.Радхакришнаныг АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хүлээн авч байсан цагаас л, хоёр улсын ном соёлын харилцаа орчин цагт улам өрнөжээ. Суртал үзэл дагагч хөвүүн Ю. Цэдэнбалаас Рагу Вира номт тэнгэрийн хөвгүүнд Трипитакийн буюу Ганжуур Данжуурын монгол эх хуулбарыг дурсган зогсоо зураг, хар цагаанаар дурайж бий. 2008 онд Энэтхэгийн Засгийн газар л хөрөнгө мөнгө гаргаж, манай Үндэсний номын сангийн 296 боть судар номыг тоон хэлбэрт шилжүүлэх төсөл мөн хэрэгжүүлжээ.
Цагаан морин жилд Кушок Бакула ренбуучи Элчин сайдаар морилон ирснээр, улааны буруу номтнуудад голомтоо самруулсан сүм хийдүүдийн тулганд галын цог ассан нь, дээдийн бошгийн явдал чухам мөн болой. Төр шашин аль нь ч иргэнээ хамгаалах бядгүй 1990-ээд оны эхээр, монгол нийслэлийн гэр хорооллын хар зам усанд живэхэд, үерийн даланг хашин торгоохоор усны таавчигтай хориглон зогсох Бакула багшаас өөр Элчин сайдыг бид санадаг сан болов уу. Энэтхэгийн ард түмний нүүр царайг хэнээр төсөөлж болох вэ гэвэл нь би, эргэлзэлгүйгээр Бакула ренбуучийн хөргийг заах билээ. Энэхүү албан томилолтыг зуучлан хөтөчлөсөн эрхэм анд, Бакула ламтны насан туршийн шадар туслагч Сономваанчиг танаа энх мэндийн ерөөл айлтган, сэтгэл лүгээ зөөлөн хадаг барьж буйг хүлээн авна уу.
Бодь модны саглагар их сүүдэр дор нийтээрээ бясалгал үйлдээд, дэргэд суугаа танил бүсгүйгээс "Та юуны төлөө мөргөн залбирав, нууц биш бол хэлээч" гэлээ. Лондоны аялал жуулчлалын нэгэн агентлагийг даргалдаг Амелия над руу тонгойн дөхөөд "Канад руу сурахаар явсан бага хүү минь 14 тэй, санаа зовоод..." гэв. Харин би уншигчдад залбирлаа хэлэхгүй ээ. Учир нь та бүгдийнхээ яг одоо бодож санаж буй сайн сайхан бүхний охь манлайг ч би тэнд, чадлаараа хүсч гуйж суусныг үнэмших хувьтан нь хэр олныг хэлж мэдэх биш дээ.
Бурхан багш газар дэлхийд ирээд 2800 жил улирлаа. Торолт үгүй билгүүний нүдэнд төдийгүй, тодорхой бодит махан нүднээ ч "уул бүгд нь яс ус бүхэн нь цусаар урсагч" овоолгоотой энэ орчлонг ариутгахын төлөө, хүмүүний дэвтэж өгдөггүй хатуу сэтгэлийн ширийг зөөллөх гэж амин золиос өргөсөн мянган их хүмүүн, сайн цагийн мянган бурханы үйлсийн цогийг сэтгэлээ ариунаар түймэрдэн өрдөх гэж хичээн ядагч өчүүхэн миний бие, аян замын солио ташуу тэмдэглэлдээ энэ хүрээд цэг хатгаж байна.
Нутгийн зүг жолоо цулбуур хандуулах минь тун ойртжээ. Туулын шугуй маань өдийд улаан шар орхимжоо асаагаад, түмэн гэлэнгийн хайлан шиг уггана байх даа. Бодь модноос тасран хийсч, зүүн мөрөн дээр унасан зүрхэн навчийг хаяагаар урсагч хатан их усандаа аваачиж өгье хэмээн номны завсар хадгалав. Пэгээрлийн бодь модны найлзуур тах арван зүгтээ дэлгэрэн мөшөөгтүн.
 
Улаанбаатар-Дели-Аурангабад-Ражгир-Наланда-Бодгаяа. 2018 оны Нохой жилийн цагаан бич сарын тэргүүний өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогын Зөвлөх Цоодолын Хулан