sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ шиэн хиймэл дагуул эрдэмтдийн анхаарлыг татсан хоёр дахь гарагаа хоёр өдрийн дотор илрүүлжээ. Уг хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гарагуудыг хайж буй юм. Энэ тухай НАСА-гийн “Twitter” дэх хуудсанд мэдээлсэн байна.
“Дэлхийтэй төстэй хоёр дахь гарагийг илрүүллээ. Уг гараг дэлхийгээс бага зэрэг том бөгөөд манай гарагаас 49 жилийн гэрлийн зайд М ангиллын LHS 3844 одой одыг 11 цаг тутамд тойрон эргэлддэг. Шинээр илрүүлсэн гарагийг “халуун дэлхий” гэж нэрлэсэн” гэж мэдээлэлд дурджээ.
Дэлхийтэй төстэй эхний гараг олдсон тухай есдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна.  Уг гарагийг “Супер-дэлхий” гэж нэрлэжээ. НАСА-гийн мэдээлснээр, энэ гарагийн масс болон радиус нь усны нягтралтай харьцуулж болохоор нягтралыг харуулж байгаа нь уг гараг дээр ус эсвэл хий байж магадгүй гэсэн дүгнэлт хийх боломжтой байгаа аж.
НАСА-гийн эрдэмтэд “гараг ангуулагч” гэж нэрлэсэн TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гараг илрүүлэхэд шинэ алхам болно гэдэгт найдаж байгаа юм. Уг хиймэл дагуулыг 2018 оны дөрөвдүгээр сард хөөргөжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг