БЕРЛИН. /NHK/. Германы тансаг зэрэглэлийн, спорт загварын автомашин үйлдвэрлэгч “Porsche” компани дизель хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхээ зогсоохоор болсон тухайгаа компанийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.
Ингэснээр тус компани нь энэ төрлийн автомашины үйлдвэрлэлээс татгалзаж буй Германы анхны автомашин үйлдвэрлэгч компани болж байгаа юм. “Porsche” компанийн мэдээлснээр, тус компани нь хос хөдөлгүүрт болон цахилгаан автомашины үйлдвэрлэлдээ түлхүү анхаарахаар шийдвэрлэсэн аж.
Өнгөрсөн тавдугаар сард Германы засгийн газраас “Porsche” компанийн дизель хөдөлгүүрт 60 мянган автомашиныг эргүүлэн татах шийдвэр гаргасан билээ. Энэ нь “Porsche” компанийн эцэг компани болох “Volkswagen” нь 2015 онд АНУ-ын автомашины утаа ялгарлын шалгалтыг давахын тулд дизель хөдөлгүүрт автомашинууддаа хууль бус программ хангамж суулгасан байснаа хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг