sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Бараа бүтээгдэхүүнд харилцан импортын татвар ногдуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор Хятад улс АНУ-тай хийх худалдааны яриа хэлэлцээгээ цуцалсан тухай “The Wall Street Journal” сонин тэмдэглэжээ.
АНУ-ын иймэрхүү арга барил нь Хятадын талтай хамтран ажиллахад түлхэц үзүүлж чадахгүй гэж Хятад улсаас баримталж буй албан ёсны байр суурийг иш татсан эх сурвалжууд мэдээлжээ. Хятадын эрх баригчид яриа хэлэлцээгээ цуцалж, шахалтан дор яриа хэлэлцээ хийхээс зайлсхийхийг эрмэлзэж байгаа аж. Түүнчлэн эх сурвалжууд мэдээлэхдээ Хятад улс ирэх сард АНУ-ын эрх баригчидтай шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх боломжийг олгож байна гэжээ.
Хятадаас орж ирж буй 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн өмнө зарласан юм. Энэ шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд татварын хэмжээ ирэх 1 дүгээр сарын 1-нээс 25 хувь хүртэл өсөх юм. АНУ шинэ татвар ногдуулж байгаагийн хариуд тус улсын 60 тэрбум ам.долларын үнэ бүхий 5200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд өнөөдрөөс эхлэн нэмэлт татвар ногдуулна гэдгээ Хятад улс ч тухай үедээ мөн мэдэгдсэн юм.
Бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр өнгөрсөн 7 дугаар сарын 6-наас харилцан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэж эхэлсэн юм. 
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг