sonin.mn
ХАНОЙ. /Xinhua/. Өнгөрсөн бямба гарагт Вьетнамын төвийн нутгийн өндөрлөг бүсэд оршдог Лам Дун мужийн Да Лат хот дахь Датанла хүрхрээний аялалд оролцсон Өмнөд Солонгосын жуулчин амиа алдсан тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв.
Дээрх хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аялагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар хяналт шалгалт хийх зорилгоор тус хүрхрээн дээр зохион байгуулдаг аяллын бүх ажиллагааг түр зогсоосон гэж Лам Дун мужийн соёл, спорт, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн газраас мэдээлснийг Вьетнамын өдөр тутмын сонин уламжилсан байна.
Өмнөд Солонгосын иргэн, 24 настай Жан Вон Сёк нь Датанла хүрхрээн дээр зохион байгуулдаг бэхэлгээтэйгээр өндрөөс доош ус руу үсрэх аялалд оролцох үеэрээ амиа алдсан ба түүний багт гадаадын 11 жуулчин байсны дунд 2 солонгос, 2 канад, 4 бельги, 2 англи хүн байсан ажээ.
Уг аяллыг зохион байгуулдаг газрын мэдээлснээр, аялал эхлэхээс өмнө 11 хүний аюулгүй байдлыг бүрэн хангасан аж. Талийгаачийг осолдохоос өмнө үсэрсэн зургаан хүн аяллаа амжилттай дуусгасан ба түүний үхлийг ус руу үсрэхдээ буруу техник хэрэглэсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм байна.
Үүнээс өмнө буюу 2016 онд мөн энэ хүрхрээн дээр зохион байгуулдаг аялалд оролцсон гурван англи жуулчин амиа алдаж байжээ. Уг ослын дараа тус мужид адал явдалт аялал зохион байгуулах эрхийг аравхан компанид олгосон аж. 
 
 
Э.Хулан 
Эх сурвалж: Монцамэ агентлаг