Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компани туршилтын үйлдвэрлэлээ /олборлолт/ ирэх аравдугаар сард эхлүүлнэ гэж тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плзант мэдээлэв. “Арева Майнс” компани нь 2018 оны нэгдүгээр сараас “Бадрах Энержи” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Зөөвч-Овоо” төслийн туршилтын үйлдвэрлэлийн барилгын ажил 2017 онд эхэлсэн бөгөөд энэ оны  аравдугаар сар хүртэл туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлаа үргэлжлүүлж байна.Туршилтын үйлдвэрлэл эхлүүлснээс хойш 20 сарын хугацаанд нийт 20 тонн цацраг идэвхит ашигт малтмал буюу ураны шар нунтаг үйлдвэрлэх бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадал бус туршилтын хугацаанд гаргах хэмжээ гэдгийг Тьерри Плзант онцолсон. Туршилтын үйлдвэрлэл эхлэхээс өмнө байгаль орчны хяналтын мониторинг хийгдэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн явцад болон дууссаны дараа ч үргэлжлэн хийгдэх юм. “Бадрах Энержи” нь Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-ийн нарийвчилсан нэмэлт тодотголыг 2021 онд дуусгахаар төлөвлөжээ. Туршилтын үйлдвэрлэл явагдсаны дараа төслийн эдийн засаг, техникийн үзүүлэлтийг нарийвчлан гаргах төдийгүй байгаль ор­чинд нөлөөлөх нарийв­чилсан судалгааг ч хийх тухай яригдаж байна. Түүнч­лэн ураны “шар нунтаг” үйлдвэрлэх  ажлыг эр­чим­ж­үүлэхээр Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Д.Сумъяабазар идэв­хийлэн ажиллаж байна. Тус үйлдвэртэй танилцах ажлаар нэг бус удаа яваад ирснийг эх сурвалж хэлж байна. Үүнийгээ “туршилтын  олборлолт” гэдгээр хал­хавч­лан туршилт гэ­хээр хор нөлөөгүй мэ­тээр тайлбарлаж байгаа нь иргэдийг төөрөг­дүүл­сээр байна хэмээн ир­гэний нийгмийн байгуул­лагынхан онцолж байна. Нөгөө талаар Цөмийн энерги ашиглах төрийн бодлого, хууль шинэчлэгдэж батлагдаагүй дөнгөж хэлэлцүүлгийн шатанд байгаа тохиолдолд үйлдвэр туршилтын олборлолт хийх нь аюул дагуулна гэдгийг судлаач тодотгов.
 
УРАН ОЛБОРЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ
 
2009 онд батлан гаргасан  Цөмийн энергийн тухай хуульд орон нутгийн иргэдэд мэдээлэх, санал авах,оролцох  заалтуудыг  санаатай оруулаагүй  учраас ураны тусгай зөвшөөрлүүд Монголын  хамгийн  сайхан байгальтай нутгуудад олгогдсон байдаг юм байна. Тухайлбал,Дарьгангын байгалийн цогцолборт газарт, Алдарт Зотолхаан ууланд, Данзанравжаагийн энергийн төвийн ойролцоо  гэх мэтээр. Эдгээр  үзэсгэлэнт нутагт  ураныг  хяналтгүй олбор­лосноос  цацраг идэвхит хордолтын бүс болохгүй гэх баталгаа байхгүй гэдгийг ч сануулсаар. Ураныг ашиглахдаа хяналтыг зэрэг төвшинд хийх ёстой. Тэгвэл манайх аль ч шатандаа  ураны хайгуул, ашиглалтанд хяналт тавьж чадахгүй байгаа одоогийн нөхцөлд ураны туршилт хийнэ гэдэг аюул дагуулна гэдгийг энэ сарын 7-нд Цөмийн энергийн комиссын газарт болсон “Цөмийн энергийн тухай  хуульд  өөрчлөлт оруулах  хэлэлцүүлэг”-ийн үеэр оролцогч талууд байр сууриа илэрхийлж байв. Уран ашиглахад байгаль орчин ба хүний эрүүл мэнд, ирээдүйн хүн амын эрүүл мэндэд  нөлөөлөх  цацрагийн аюул эрсдэлээс хамгаалах гэсэн хамгийн чухал стандартууд байдаг. Гэтэл манайд өнөөдөр  ураны хайгуул хийж байгаа компаниуд ор нэр төдий “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэдгээр тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоног дотор батлуулах  хуультай байдаг ч ихэнх нь жилийн  дараа сунгуулахдаа хийсэн болдог. Уг төлөвлөгөөний  заримд нь “цацраг” гэсэн үг өгүүлбэр байдаггүй. Хог хаягдал жорлон булах гэх мэт зүйл бичсэн нь харамсалтай санагддаг гэдгийг ч ярьж байв. Бусад орнууд ураны байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн  хүрээлэн, институттэй. Дор хаяж  5-10 жил судалгаа явуулж байж үйлдвэрлэл, олборлолт хийх зөвшөөрөл олгодог байна. Гэтэл манайд  байгаль орчин болоод  хүн амд цацрагийн хор нөлөөлөл ямар байх талаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг ураны мэргэжлийн байгууллагагүй. Чадвар муутай үнэлгээний компаниуд  үнэлгээ хийсэн байдлаар явж байгаа аж. Өмнө нь ураны “шар нунтаг” олборлоход гарсан хаягдлын далан, хаягдал ус шаврыг Дорноговь аймгийн  Улаанбадрах суманд  хашаалж орхисноос болж малын генд өөрчлөлт орсон гашуун сургамжыг сануулж байв. Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 26-нд тус сумын Баянбогд багийн малчин С.Сумъяагийн хурдан морь нь нүд нь сохорч, толгой нь хавдаж нас барсан. Зүүнбаян Сайншандын V багийн Д.Норолсүрэнгийнд 2014 дөрөвдүгээр сард гэдэс дотроо үстэй ботго гарсан. Мөн бүх эрхтэн нь ил гарсан ишиг гарсан гэх мэт баримтуудыг мэргэжлийн байгуул­лагуудын дүгнэлттэй нь энэ үеэр харуулсан юм. Цацраг идэвхит  хаягдлын далан нь  говьд болдог хүчтэй шороон шуурга угалз, түйрэнгээр  тархаж   хил залгаа  аймаг сумдын нутгийн бэлчээр  усыг цацрагаар бохирдуулах  аюултай. Цаашид хилийн ойролцоох бусад орнуудад  ч тархаж магадгүй. Энэ эрсдлийг хэрхэн  тооцсон талаар судалгаа явуулахад  “Арева” компани  хянадаг  гэхээс өөр хариулт  байдаггүй гэж  ТББ-ынхан шүүмжилж байлаа. Жирийн уурхайдаа хяналт тавьж ашгаа авч чадахгүй байж, уранд бүр ч чадахгүй нь тодорхой. Тиймээс туршилт нэрээр ураны олборлолт явуулахыг санаархаж буй сайдын хүсэлтийг хойшлуулах хэрэгтэй гэж байв.
Одоогоор цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын ес, хайгуулын 22 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээрийн ихэнхийг Франц улсын “Арева” группын охин компани “Кожеговь”  хайгуулын 13, шинээр байгуулагдсан “Бадрах майнз монголиа” ашиглалтын гурав, Канадын Денисон майнз группын охин компани “Гурвансайхан” ашиг­лалтын дөрвөн  тусгай зөв­ш­өөрөл тус тус эзэмшиж байна. Ашиглалтын зөвшөөрөл авсан эдгээр компаниудын  Монголын талын хувь эзэмшлийг төрийн өмчит Мон-Атом ХХК төлөөлдөг байна. Бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг Хятад, Канад,Япон,Их Британи, Франц,Америк,Чех улсын компаниуд хувь эзэмш­лээр оролцдог. Дорнод-3, Дорноговь-10, Сүхбаатар-10 гэх мэт хамгийн олон ураны зөвшөөрөл эдгээр аймагт олгогдсон.  Монголын төр ард түмнийхээ санал,оролцоогүй, мэдээ­лэл өгөхгүй  нууж, ураны “шар нунтаг” олборлох есөн зөвшөөрлийг Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт 20-30 жилийн хугацаатай 2015, 2016 олгосон байдаг аж.
 
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин