sonin.mn
Залуу жүжигчин С.Идэрмааг “Залуус” булангийн зочноор урилаа.
 
-“Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжигт орчин үеийн залууст тохиолддог дүрийг бүтээжээ? 
 
-“Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийг модерн драм, бодит үйл явдлаас сэдэвлэсэн. Жүжгийнхээ зохиолыг уншиж байхдаа ямар аймаар юм бэ, ийм юм байж болдог юм уу гэж гайхсан. Тэгээд үзэгчдийн хүртээл болоход олон хүн надад “Миний амьдралд яг ийм зүйл тохиолдож байсан. Энэ жүжгийг үзээд сөхөрч суугаад уйлмаар санагдлаа” гэсэн сэтгэгдэл их ирсэн. Ийм зүйл болдог гэдгийг тэр үед анх ойлгосон. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа эсвэл гэр бүл зохиосон, хамт удаан амьдарч байгаа хүмүүст тохиолддог сэдвийг атгаж аваад энэ уран бүтээл дээр ажилласан. Энэ бүтээл бодит явдлаас сэдэвлэсэн болохоор хүмүүст хүрч байгаа юм шиг санагдсан.
 
–Энэ дүрээс юу ойлгож авсан бэ?
 
-Анх жүжгийн зохиолыг уншихад Цэлмэг гэдэг охины дүр Идэрмаа гэдэг хувь хүн талаасаа ч эсрэг тэсрэг хоёр хүн байсан. Ер нь жүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой гэсэн утгаараа өөрөөсөө шал өөр дүрийг гаргахад нэлээд ажиллагаа шаардсан. Жүжигчин хүний нэг давуу тал нь өөрийнхөө ажилласан дүрээс аль зан чанар нь надад илүү хэрэгтэй вэ. Аль нь байх ёсгүй вэ гэдгийг ойлгодог болдог юм шиг ээ. Амьдралд хөл тавьж байгаа, дөнгөж сургуулиа төгссөн 20 настай, ямар нэгэн шийдвэр, том зүйлийг түрхэн зуурын уур бухимдлаар шийдвэл цаашид амьдралд нь нөлөөлөхүйц шийдвэр гаргаж болохгүй шүү гэдгийг Цэлмэгийн дүрээс ойлгосон. Тэрхэн зуур болоод өнгөрөх зүйлд цаашдын амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргахгүйгээр бүх зүйлд ухаантай, няхуур, нухацтай хандах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
 
–Дүрээ хэрхэн өөрийн болгов?
 
-Хамгийн түрүүн дүр дээр ажиллахдаа “Хэрэв надад ийм зүйл тохиолдвол яах байсан бэ” гэж бодож үзсэн. Гэхдээ би Цэлмэгээс өөр хүн болохоор ийм үйл явдал болохыг хүлээн зөвшөөрөхгүй, няцаах байсан байх. Би сургуулиа дөнгөж төгссөн болохоор дүр бүтээх арга барилыг гүйцэд эзэмшиж чадаагүй. Өөрийгөө дутуу байгаа гэж бодож явдаг. Өөрийгөө дүр бүтээсэн гэж ярихаас жаахан ичдэг. Энэ дүр дээр ажиллахдаа миний хамгийн сайн ухамсарласан зүйл бол энэ дүрээс миний үеийн охидууд алдахаасаа өмнө нэгийг олоод харчихаасай. Миний алдсан энэ дүрээс ингэж болохгүй юм байна, юманд няхуур хандах ёстой юм байна. Хэсэгхэн зуурын уур бухимдлаар амьдралдаа нөлөөлөхүйц шийдвэр гаргаж болохгүй юм байна гэдгийг ойлгоосой гэсэндээ би нэг цэг, таслал бүрт анхаарч ажилласан. Хэрэв миний  дүрээр хүмүүс нэг зүйлийг ойлгож байвал буян юм болов уу. Миний гүйцэтгэж байгаа үүрэг юм болов уу гэж бодож явдаг. Цэлмэг маань жирэмсэн охин байгаа. Би өөрийгөө үнэхээр жирэмсэн гэж мэдрэхгүй бол энэ дүр гарч ирэхгүй юм шиг санагдаж байсан. Тиймээс олон хүнтэй уулзаж ярилцсан. Манай СУИС-ийн ангид жирэмсэн оюутан олон байсан болохоор эхний таван сар ямар сэтгэл зүйтэй байсан. Найз залуу чинь эхнэртэй байсан бол яах байсан бэ гэсэн мэдээллийг цуглуулсны хүчинд өөрийгөө жирэмсэн гэдэгт итгэсэн. Жирэмсэн хүн хүүхдийнх нь эцэг албан ёсны биш, нууц нөхөр байх тусам хэрхэн эмзэглэдэг тал дээр сэтгэл зүйгээ чагнаж энэ дүрдээ тоглосон. Төсөөллийн жирэмслэлт гэж байдаг юм билээ.
 
–Дүрийг бүтээхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
 
-Амархан байгаагүй. Хэцүү байх тусмаа илүү амттай байх. Надад хэцүү атлаа амттай байсан. Анх жүжигт тоглохдоо драмын жүжиг шиг олон дүртэй байх гэж бодож байтал Г.Ундармаа эгч “Зөвхөн чи бид хоёр. Өөр жүжигчин байхгүй” гэхэд нь гайхсан. Хоёрхон хүн 1:30 цагийн турш үзэгчдийг байлдан дагуулна гэхэд миний санаанд буухгүй байсан. Сайн хамт олон, сайн хүмүүс бүрдэж ажилласан болохоор жүжгийн ард гарахад надад том тулгуур болсон. Найруулагч Ц.Баясгалан, зохиолч Р.Эмүжин, хувцас дизайнерт Ариунаа Сүри, хөгжмийн зохиолч Г.Ангирмаа, Г.Ундармаа эгч өөрөө продюссерлээд бид хоёр хамт жүжиг тоглоход бүх юм эвлүүлдэг шооны зургаан тал бүрдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Энэ жүжиг яг цагаа олсон гэж боддог.
 
-“Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжиг хоёр хүнийх ч гуравдагч дүр байгаа шүү дээ. Энэ талаар?
 
-Дүр дээр ажиллаж байхдаа хамгийн их гомдож байсан зүйл гэвэл Гантөгс гэж залуу байгаа. Гэр бүлтэй, байр сууриа олсон ах нарт хандаж хэлэхэд амьдралд дөнгөж хөл тавьж байгаа, юмыг мэдэрч эхэлж байгаа цагаан цаасан дээр хар бэхээ битгий цацаач ээ. Тэр бяцхан охидууд Монголын ирээдүй. Тиймээс цагаан цаасан дээр хэрэгтэй юмаа бичиж, гоё бэхээр сайхан зүйлийг бичиж байж Монголд хэрэгтэй ирээдүйн боловсон хүчин бий болно. Дөнгөж эхэлж байхад нь хар толбо уусгачихвал Монголын ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг бид хэлж мэдэхгүй.
 
–Хүний нөхрөөс хүүхэдтэй болчихоод эхнэртэй нь уулзаад элдвээр хэлдэг шүү дээ?
 
-Уянга гэдэг эмэгтэй Цогт ахын маань эхнэр. Энэ хүн эхнэр хүний хатан ухааныг гаргасан ухаантай эмэгтэй. Хэрэв ухаантай эмэгтэй байгаагүй бол би “Ямар хамаатай юм бэ Цогт ахыг булаагаад авъя. Би залуу хүн, энэ хүн аль хэдийнэ амьдрал үзсэн, одоо хөгширч яваа. Булаагаад авсан ч яадаг юм” гэсэн бодол төрөх байтал Уянга гэдэг эмэгтэй надад зөөлөн нь хатуугаа иддэгийг мэдрүүлсэн. Би өөрөө эцэггүй өссөн болохоор хүүхдээ эцэггүй өсгөмөөргүй байна гээд булаая гэсэн бодлыг минь нарийн арга ухаанаар бага багаар идээд намайг шал өөр хүн болгож байгаа нь өнөөдөр эмэгтэй хүний маш том ухааныг харуулж байна. Энэ жүжгийг миний болон Ундраа эгчийн насныхан их үзэж байгаа. Тэд юм болгонд хатуу хандаж болохгүй юм байна. Юмыг ухаанаар шийдвэл өөр байж болдог гэдгийг Ундармаа эгчийн дүрээс олж хардаг.
 
 
–Цэлмэгийн дүрд тоглоход гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Аав ээж хоёр маань миний урлагаар явна гэсэн замыг ерөөсөө хааж боогоогүй. Харин ч миний охин юунд дуртай, тэмүүлж байна түүнийг сонго гэсэн. Мэдээж энэ жүжигт тоглох уу гэдгээ асуухад “Тэг тэг миний охин. Болж байна, чи өөрөө үнэхээр тоглохыг хүсч байгаа бол өөрийнхөө хийж чадна гэсэн хувилбараараа хичээ, зүтгэ, өөрийгөө хар, муу байсан ч хамаагүй хий” гэж хэлсэн. Араасаа ямар ч татлаагүй, эрх чөлөөтэй дүрээ бүтээсэн болохоор хамгийн аз жаргалтай хүн байсан гэж хэлж болно. Энэ далимд намайг дэмждэг аав ээж, ахдаа баярласнаа хэлмээр байна. Та хэд маань намайг ойлгож дэмжээгүй бол зориг гаргаад энэ дүрд тоглоё гэж хичээхгүй байсан байх.
 
–Энэ жүжгийг залуус маань хэр үзэж байна?
 
-Ер нь залуучууд үзэж байна. “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийг анх АСЕМ-ийн гэрт тоглож байсан. Манай жүжгийн онцлогтой талууд бий. Үзэгчид тайзнаас нэг метрийн зайтай. Г.Ундармаа эгч бид хоёрыг тайзан дээр гарахад үзэгчдийн амьсгал мэдрэгддэг. Жүжгийн эхэнд үзэгчид намайг ямар зэвүүн, муухай охин бэ гэж хэлж байгаа нь сонсогддог. Хамгийн сайхан мэдрэмж нь бид хоёртой хамт үзэгчид маань зовж, харамсдаг, уйлаад суудаг. Үүнийг мэдрэх нь надад өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархах, үзэгчдээ хайр­лах мэдрэмж цаанаасаа төрдөг. Тэгэхээр энэ жүжиг маань хоёр биш гурван дүртэй. Гурав дахь дүр нь үзэгчид. Тэд юу ч хэлэхгүй ажиглаад, хамт зовж шаналаад, ший­дээд сууж байгаа юм шиг сайхан орчин бүрд­сэн жүжиг. Энэ жүжиг миний хувьд том уран бүтээл байсан. Надад гэлтгүй нийгэмд нэлээд нөлөөлсөн уран бүтээл болсон. Залууст их зүйлийг ойлгуулж, ухаа­руулсан. Надад итгээд, энэ дүрийг өгсөн U фильмийн хамт олон, энэ жүжигт ажилласан бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.
 
–Залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
 
-Өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсох хэрэгтэй. Гоё харагдахдаа биш. Чин сэтгэлээсээ, яг хүсч байгаа зүйлээ хийх нь аз жаргалтай, хүчтэй болгодог. Өөрийнхөө зүрх сэтгэлийг дотоод ертөнцөө цэцэглүүлсэн цагт аяндаа аз жаргалтай, үзэсгэлэнтэй болно. Би Идэрмаа гэж ганц хүн байгаа ч гэсэн дотор байгаа Идэрмаа, гаднаа харагдаж байгаа Идэрмаа гээд хоёр хүн байгаа юм шиг санагддаг. Тиймээс доторх хүнээ илүү сайн чагнаасай гэж залуустаа хандаж хэлмээр байна. Үүнээс гадна урлагтай ойрхон байгаасай, эндээс олон зүйлийг ойлгож, ухаа­раасай. Урлаг хүнийг алд­сан хойно нь бус алда­хаас нь өмнө ч ойл­гуулж болохоор хүчтэй зүйл.
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин