sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ" ХК-ийн "Boeing 737-800 агаарын хөлгийн баг бурэлдэхүүн БНЧУ-ын “Travel Service” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд энэ сарын 24-нд буюу өчигдөр оройн 21.50 цагт эх орондоо газардлаа.
Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгатай уулзахад, “Манай компанийн агаарын хөлгийн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг Европ тив рүү гарц гаргах зорилготой нойтон түрээсийн үйлчилгээг 5 сарын хугацаанд амжилттай гүйцэтгээд ирлээ. Манай нисэх багийг дэлхийн олон авиакомпаниас цаг ашиглалт сайн, нислэгийн доголдолгүй хэмээн онцолж, олон удаагийн хүсэлт тавьснаар дээрх гэрээг бид байгуулсан юм. Ингэснээр баг бүрэлдэхүүн Европ тивийн 55 чиглэлд нислэг үйлдээд ирж байна. Энэ гэрээг гүйцэтгэснээр бид:
 
Монгол нисэгчид маань олон улсын түвшинд дадлагажин туршлагажих
Агаарын хөлгийн ашиглалтаа нэмэгдуүлж эдийн засгийн хувьд нэмэлт орлого олох
Үндэсний агаарын тээвэрлэгчээр дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчилсан чухал ач холбогдолтой болов.
 
Улмаар баг бүрэлдэхүүн сард 300 цагийн нилэг үйлдэх онгоцоор 400-450 цагийн нислэгийг ямар ч доголдолгүй гүйцэтгэн Европын стандартад нийцэж Монгол улсын агаарын тээврийн нэр хүндийг  олон улсад өргөлөө” гэв.
 
МИАТ ТӨХК-ийн “Боинг-737-800” агаарын хөлгийн дарга Ц.Ууганбаяр, “Энэ удаагийн ээлжийн баг бүрэлдэхүүнийг удирдан БНЧУ-ын Прага хотоос 2400 гаруй цагийн нислэгийг амжилттай гүйцэтгээд ирлээ. Манай Монголын агаарын баг “МИАТ ТӨХК”-ийн стандартаар Европын хотуудад үйлчилсэн. Гадаадын авиа компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулна гэдэг манай компанийн үйл ажиллагааг олон улсын стандартад хүрэх боломжийг олгож байгаа юм. Нөгөө талаар агаарын тээврийн зах зээлд эзлэх манай компанийн байр суурь өсч олон улсад үнэлэгдсэн сайхан үйл явдал боллоо” гэв.
Дашрамд дурдахад “МИАТ” ТӨХК БНЧУ-ын “Travel Service” компанид агаарын хөлгөө сүүлийн 4 жил дараалан ийнхүү нойтон түрээсийн гэрээгээр ажилуулав. Тус компани нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Чех улсын агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм.
Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн ухамсарлан түрээслэгч нь зорчигч ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэг үйлдэх үйл явцыг бүрэн гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээн ажиллах юм.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг