sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит мэдээлээрээ энэ сард хийсэн ажлууд болон, өнгөрөгч даваа гаригийн шөнө "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчлан саатуулсан талаар мэдээлэл өгөв.
Тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, "ИНЕГ гадаадад нарийн мэргэжлээр оюутан сургахаар жил бүр 2.7-3.4 тэрбум төгрөг зарцуулсан. Өмнөх оны байдлаар тэтгэлэгт хамарсан 74 оюутнаас 9 нь нисэхийн чиглэлээс өөр мэргэжлээр сурч буй зөрчил илэрсэн Мөн тэдгээр оюутнуудын эцэг эх нь ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажилладаг нь тогтоогдсон. Эдгээр оюутнуудын сонгон шалгаруулалтын журам ил тод байдлыг хангаагүй бөгөөд үүнийг нээлттэй болгох зөвлөмж хүргүүлсэн ч энэ сард дээрх зөрчил давтан гарч буйг шалгаж байгаа талаар мэдээлэв.
Мөн үеэр Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоо хэтрүүлсэн, ХХААХҮЯ-наас зарласан микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендерийг 10 жил дараалан зарлаж, түүнд нэг компани дагнан шалгарч буйг ч тогтоосон.Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 зөрчлийг илрүүлэн шалгаж байгааг дуулгав.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг  баривчлан шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгнө үү?
 
- Прокурын газрын шийдвэрийн дагуу уг хэрэгт холбогдогч Ч.Ганзоригийг баривчлан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаанд тавьсан гэх асуудлаар эрүү үүсгэн мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.
 
-Энэ хэрэгт холбогдуулан Ч.Ганзоригоос өөр хичнээн хүнийг шалгаж байгаа вэ?
 
-Тус хэргээр Г.Амарбат, Н.Мөнхжаргал Э.Галбадрах, Г.Батхүү мөн Ч.Ганзориг нарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
 
-Цагдаагийн удирдах алан тушаалтнуудыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
 
-Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагч А-г яллагдагчаар татан шалгаж байна. Өөрөөр  шалгаж байгаа хүн байхгүй.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг