Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр их хэмжээний цас орно. Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 27,28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тариаланчид, хадланчдад онцгойлон анхаарууллаа.
Энэ сарын 27-ноос ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Энэ сарын 27,28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27, 28-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.