Улаанбаатар /МОНЦАМЭ/. Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэрын сан хамтран өнөөдөр “Ардчиллын IV чуулган”-ыг “Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Монгол Улсын хувьд жил ирэх тусам хэт төвлөрөл нэмэгдэж, Улаанбаатар хотноо нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй. Тиймээс Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор Төрөөс төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулан хэрэгжүүлж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын ахлах референт П.Зоригтбаатар чуулганы эхэнд тавьсан илтгэлдээ дурьдлаа.
Төрийн ихэнх үйлчилгээ болон эрх мэдэл яамдад төвлөрснөөс үүдэн иргэд чанартай, түргэн шуурхай үйлчилгээ авах зорилготой нийслэлд шилжин суурьших нь элбэг байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас энэ онд Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах тогтоол баталжээ. Тогтоол хэрэгжснээр орон нутгийн иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, нэр төрөл олширно гэдгийг П.Зоригтбаатар референт онцлоод, “Дээрх тогтоолын хүрээнд бүх төрийн байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилах ажлыг хийнэ. Одоогоор БХБЯ болон ХНХЯ дээр чиг үүрэг дахин хуваарилах талаар техникийн ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Ажлын хэсэг яамдын тодорхой чиг үүргийг орон нутагт шилжүүлэх боломжуудын талаар дүн шинжилгээ хийж байна. Судалгааны ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудал ярина. Өнөөдрийн хуралд оролцож буй төлөөлөгчдийн зүгээс орон нутагт төсвийн эрх мэдэл олгох ёстой гэсэн санал хэлж байв. 2011 онд баталсан Төсвийн тухай хуулиар аймаг, сумдад Орон нутгийн хөгжлийн сан бий болгосон бөгөөд зарцуулалтыг иргэдийн оролцоотой шийдвэрлэж байгаа юм. Харин томоохон хөрөнгө оруулалттай холбоотой төсвийг орон нутагт шилжүүлэх боломжгүй” гэлээ.
 
 
ХБНГУ-ын хувьд төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлд ихээхэн дэвшил гаргасан улс гэдгийг Конрад-Аденауэрын сангийн Суурин төлөөлөгч Йохан Фурманн хэллээ. Тэрбээр, “Манай улсын хувьд парламентын аливаа шийдвэрийг иргэд дэмжихгүй бол тухайн шийдвэрээ цуцлах, эсхүл иргэдийн саналыг тусган дахин боловсруулдаг. Энэ нь төрөөс иргэдэд хүрч буй үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Монгол Улсын хувьд төвлөрлийг сааруулахын тулд төр ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар иргэд, олон нийтийн дунд тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал” хэмээв.
 
 
ХБНГУ-ын Заксен муж улсын парламентын гишүүн Иорг Киэзветтер, “Манай улс 16 муж улстай. Үндсэн хуулиар 16 муж улсын бие даан гаргах шийдвэрийг нарийн зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, муж улсууд өөрсдийн онцлогт тохирсон бодлого хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Мөн санхүүжилтийн асуудал маш чухал. Олон муж улсын төсвийг нэгдсэн журмаар шийдвэрлэх боломжгүй. Тиймээс муж улсууд мөн тодорхой санхүүгийн эрх мэдэлтэй байдаг. Монгол Улс ХБНГУ-аас 5 дахин том газар нутагтай хэдий ч нийт хүн амынх нь 50 орчим хувь нь Улаанбаатарт  оршин сууж байна. Харин хөдөө орон нутагт хүн ам харьцангуй сийрэг. Тиймээс өөрийн орны онцлогт тохирсон төсвийн болон бусад бодлогын шийдвэр гарах нь чухал юм” гэв.
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг