БЭЭЖИН./РИА Новости/. Хятад улс "Тяньгун-2" /Тэнгэрийн ордон-2/ сансрын лабораторио ирэх оны долдугаар сар гарсны дараа тойрог замаас гаргахаар төлөвлөжээ. Энэ талаар Хятадын жолоодлогот хөлгөөр сансарт нисэх хөтөлбөрийн “WeChat” дахь албан ёсны хуудсанд мэдээлжээ.
Лхагва гарагт болсон хурлын үеэр "Тяньгун-2"-ын ерөнхий зохион бүтээгч Чу Цунпэн сансрын уг лабораторийн тойрог замд хоёр жил явуулсан үйл ажиллагааг тайлагнаж, тойрог замаас гаргах төлөвлөгөөг танилцуулсан байна.
Есдүгээр сарын 25-ны байдлаар "Тяньгун-2" тойрог замд 738 хоногийг өнгөрүүлжээ. Уг станц тойрог замд 400 км-ын өндөрт хэвийн горимоор ажиллаж байгаа аж.
Бүтээснээс нь хойш таван жилийн дараа, тойрог замд оруулснаас хоёр жилийн дараа "Тяньгун-2" лаборатори нь жолоодлогот хөлөг бүтээх технологийн салбарт Хятадын олон улсын статусыг бэхжүүлж, сансрын нислэгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөн, дэлхий дахинд Хятадын нөлөөг өргөжүүлэхэд тус дөхөм болохын зэрэгцээ холбогдох эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн салбар, техник, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан гэж мэдээлж байна.
"Тяньгун-2" сансрын лаборатори 2016 оны есдүгээр сараас хойш тойрог замд байрлаж байгаа юм. Уг станцын гол даалгавар нь жолоодлогот болон ачаа тээвэрлэх зориулалттай хөлгийг хүлээн авах, түлш цэнэглэх, сансрын нисгэгчдийг тойрог замд дунд хугацаанд байлгах туршилт хийх, мөн шинжлэх ухааны хэд хэдэн туршилт явуулах байжээ.
10,4 метр урт, 3,35 метрийн голчтой, 8,6 тонн жинтэй "Тяньгун-2" нь Хятадын бүтээсэн хоёр дахь лаборатори юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг