sonin.mn
“Улаан од” сонины редакцын 3 давхрын ганц цонхтой, хэвлэлийн будаг ханхалсан нарийхан өрөөнд дэд хурандаа Д.Чойдогсүрэн ах бид хоёр өөд өөдөөс нь тулгасан шар ширээний ард 5 жил үзэг, цаас нийлүүлж суусан. Тэрхэн зурвас үед сонин ердөө 2-хон сурвалжлагчтай байсан нь бид хоёр л доо. Дөрөв, дөрвөн нүүр бэлтгэх шахуу ажилтай ч бид хоёр хошигнохтойгоо байв даа.
 
Та яагаад цэргийн сонинд ирсэн хүн бэ? гэхэд:
 
-Чам мэтийн цэргийн дүрэм мэдэхгүй, сагсуу пацаануудын алдаа дутагдлыг илчилж, тархинд нь тактик суулгаж өгөх гэж хэмээн хэлээд пар пар хөхөрнө.
 
Та өөрөө алдаа дутагдал гаргасан уу? гэхэд:
 
-Жижигчүүд жижиг алдаа гаргадаг. Томчууд чинь том л алдаа гаргадаг юм шүү дээ. Сайдын онгоцонд суугаад Хөвсгөлд очиж сурвалжлага хийлээ. Надтай хамт намын дээд төгссөн сэтгүүлч тараалдаад наргилаа. Онгоцноос хоцрохгүйн тулд нөгөө нөхрөөрөө нисэх хүргүүлж, хээр зүлгэн дээр суугаад онгоцоо хараад уугаад л байлаа. Нэг сэрсэн чинь онгоц алга. Сайдын онгоц дараагийн буудал Ховдод аль хэдийн буужээ. Томчууд ийм л том алдаа гаргана шүү дээ.
 
Тэгээд та шийтгүүлсэн үү?
 
-Чи бол шийтгүүлэх байх, би бол шийтгүүлээгүй.
 
Яагаад?
 
-Сайд бид хоёр намын дээдийн нэг ангийнх ха, ха, ха.
Дэд хурандаа Д.Чойдогсүрэн их нямбай, цэмцгэр нэгэн. Өглөө ирээд бичгийн ширээгээ арчиж зүлгэх гэдэг яг л шинэ цэрэг шиг. Тэгээд үзгэндээ бэх соруулна. Тухайн цагтаа том сэхээтнүүдийн гарт л чимхэгддэг сумтай үзэг гэгчийг барина. 25 төгрөгний үнэтэй тэр үзэг өдгөө үзэгдэхээ больж дээ. Чойдгоо ах варенийн шилэнд ус хийж, дүрдэг плитка залгана. Өтгөн хар цай бэлтгээд л сууна даа. Сонинд ирсэн захидал, идэвхтэн бичигчийн материалыг өмнөө овоолж байгаад засаж залруулна. Үдээс өмнө ингэж бусдын бичсэнтэй зууралдаж, зууралдаж үдээс хойш л өөрийнхөө бичлэгт орно.
Сонинг үг, үсгийн алдаагүй гаргана гэдэг амаргүй даваа. Бид хоёр ээлжлэн сонины сигнал уншиж байх үед л дээ. Би сонины эхийг өглөөжин уншиж хэвлэж болно гэж гарын үсэг зурж байгаа юм. Сонины эх аваад хэвлэх үйлдвэр рүү явсан Чойдгоо ах үдээс хойш ирээд:
-Чам мэтийн пацаанаас болж сонин алдаатай гарах шахлаа, сайн уншихад яадаг юм гэж байна.
 
Яасан бэ? гэвэл:
 
-Би хэвлэхэд очоод сонины эхийг нэгд нэгэнгүй уншаад нэг алдаа оллоо, засчихсан гэж байна.
 
Ямар алдаа вэ? гэж асуухад:
 
-Их том алдаа, муу пацааныг ах нь аварсан шүү, эрхлэгч Бармагнай гээд явчихсан байна. Эрхлэгчийнхээ нэрний я үсгийг гээгээд өөрөө гээгдэх шахах чинь энэ дээ гэж байна. Сонины эрхлэгчийн нэр арын хуудасны доод мөрөнд байдаг. Чойдгоо ах сониныг нэгд нэгэнгүй уншсан нь үнэн байх нь. Наяад оны дунд үеэс цэргийн сонинд нам, үзэл суртал, олон ургалч үзэл, философи гээд маргаан мэтгээнтэй материал олноор хэвлэгдэх болсон. Намын дээд сургууль төгссөн Чойдгоо ахын нөлөө л дөө. Сонины эрхлэгч, хурандаа А.Баярмагнай “Манай сонины онолын түвшинг дээшлүүлэхэд Д.Чойдогсүрэн их үүрэг гүйцэтгэсэн” хэмээн хэлж байсан удаа бий.
Тэтгэвэрт гарахынхаа өмнө, тэнгэрт дуудагдах хүртэл яригдах ганц сайн материал бичих юм шүү гэж Д.Чойдогсүрэн ах “заналтайяа” хэлж байна. Тэгтэл ч БХЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар “Зэв” концернийн асуудал хэлэлцэгдэж хэрдээ л хөөрхөн дуулиан дэгдлээ. Тэр хуралд суугаад ирсэн Д.Чойдогсүрэн ах ч инээд алдан:
-Чи бол зориглон бичихээргүй баримт олоод ирлээ. Ах нь бут авна аа гээд л бичээд байсан, засварлаад л, хуулаад бичээд байсан, маргааш нь надад хандан:
-Чи үүнийг уншаад гарчиг өг гэлээ. Үнэхээр сайн бичжээ, санхүүгийн алдаа дутагдлыг шамшигдуулсан тоо баримтаар нь, түүний хэлдгээр илчилсэн байна. “Зэвийн” зэвийг хусахад...” гэсэн гарчиг өгч билээ. Д.Чойдогсүрэн ахын энэ материал хэвлэгдсэний дараа “Зэв” концерн татан буугдсан юм. Тэгтэл захирал нь байсан хурандаагаас эхлээд бүр яамны газрын дарга хүртэл агсарч, дарамталсан юм байх.
-Чиний өгсөн гарчиг арай хатуудчихжээ, зэвийн зэвийг хусч байгаад өөрөө хусуулчих шахлаа, хэл амгүй тэтгэвэртээ гарах минь гэсэнсэн.
Сүрхий алдаршиж, уншигчдын эрэл сурал болоогүй ч Д.Чойдогсүрэн ах хошин шогийн болон улсын баатруудын хэд хэдэн цуврал ном бичиж хэвлүүлсэн хүн. Хошин шогийн номоо сонины бичээч Б.Бурмаагаар бичүүлчихээд намайг унш гэлээ. Бичээч алдаагүй бичсэн, Д.Чойдогсүрэн ах мэдээжээр хэд хэдэн удаа хуулж засварласан ном найруулга, үг үсгийн алдаа ховор. Уншаад л өгчихлөө. Тэгтэл нэг өдөр Б.Бурмаа улаан эрээн болсон номыг нь дахин бичиж байна шүү.
-Та номоо хэнээр уншуулаад ийм улаан эрээн болгуулчихав аа, гайгүй л байсан шүү дээ гэвэл:
-Чам мэтийн пацаанаар уншуулахаар нэмэргүй юм, зоригтой бас чадвартай сэтгүүлч л бусдын бичсэнд аймшиггүйгээр халддаг. Хөөрхий, чиний зориг хүрэхгүй болохоор чинь би өөрөө уншаад ийм болгочихлоо. Би ч чамаас зоригтой сэтгүүлч шүү, яаж янзалсныг хараарай гэлээ. Д.Чойдогсүрэн ах өөрийн болон бусдын бичсэнд ингэж л ханддаг хүн.
Монголын сэтгүүл зүйд “Улаан одын школь” гэж алдаршсан тэр сургуулийг бий болгоход сэтгүүлч, дэд хурандаа Д.Чойдогсүрэн ах их түлхэц өгсөн. Ямар сэтгүүлчийг сайн сэтгүүлч гэх вэ хэмээвэл нүүр, нүүрээр нь их бичдэг хүнийг хэлэхгүй. Идэвхтэн бичигчийн бичсэнийг хэн сайн боловсруулж, найруулга зүйд зүгшрүүлж чадна, тэр хүнийг л сайн сэтгүүлч гэдэг. “Сонин хэн нэгний өмч, давуу эрх эдлэх талбар биш, сонин бол хамтын бүтээл” гэж цэргийн сонины эрхлэгчээр 27 жил ажилласан, өдгөө 99 настай, цэргийн сэтгүүл зүйн эцэг, хурандаа Ж.Ядмаа гуай хэлээд байдаг юм. Энэ л хамтын тэгээд бүтээл гэсэн үгэнд их утга оршиж байгааг анзаарах хэрэгтэй.
Д.Чойдогсүрэн ах бусдын бичсэнийг дахин бичнэ, бүр хэд дахин бичнэ, тэгэхдээ өөрөө бичиж байгаа юм шиг сэтгэл гаргана. Материалыг нь боловсруулаад, найруулаад хэвлэсэн байхад тэр хүн редакцад дахин хандана. Энэ чинь хамтран сонин гаргаж байна гэсэн үг. Төрийн шагналт, нэрт яруу найрагч Д.Нямаа гуай “Залуучуудын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа надад нэг удаа “Хот, хөдөөгийн бүх идэвхтэн бичигчид танай сонинд хандах юм. Тэднийг яаж манай сонины босгоор алхуулах вэ?” гэж хэлсэнсэн. Идэвхтэн бичигчийн бичсэн материалыг мэргэжлийн сэтгүүлч бичсэний адил өндөр түвшинд боловсруулан найруулж, сэтгэл гарган ханддаг учраас бүгд л цэргийн сонин руу хошуурч байгаа нь тэр. “Улаан одын школь”-ийн нэг хувилбар нь энэ. Өөрсдийн хэдэн сурвалжлагчийн бичсэн бүхнийг хэд ч дахин хуулуулж, засварлуулж, бичүүлж мэднэ. Д.Чойдогсүрэн ахаар мэдээ, сурвалжлагаа засварлуулж бичсээр байгаад мэргэжлийн сэтгүүлч болсон идэвхтэн бичигч ч олон бий. “Улаан одын шоколь”-иор дамжиж улс даяар алдаршсан сэтгүүлч гэвэл хошууч Ш.Эрдэнэ-Очир байна. Ш.Эрдэнэ-Очир ах нэг удаа надад:
-Энэ Чойдгоо, энд бусдын бичсэн материалын бөөсийг түүж суухаар их сургуульд сэтгүүл зүйн хичээл заавал таарна гэж хэлсэн юм шүү. Үнэн юм чинь, Д.Чойдогсүрэн ах “Улаан одын школь”-ийн нэг том хөдөлгүүр байлаа.
 
П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: Соёмбо сонин