sonin.mn
Хар багын юм болоод л тэр байх.
 
Нутгийнхаа хаврыг ер мартахгүй юм. Тийм хаврыг мартвал би гэдэг хүн энэ хорвоод байхгүй болж байгаа нь тэр байх.
Манайх жигтэйхэн нам дор нутаг. Ховд голын нэг том цүлхэн. Нэг сумын гурван баг, зуугаад мянган малтайгаа халиун намрын оройхноос эсэргэн хаврын дунд үе хүртэл өнтэй сайхан амьдарна.
Хавар манай нутагт эрт ирнэ. Бараг дөрөвдүгээр сар гарахад довын орой ногоорчихно.
Довын орой ногоорно гэдэг хурга ишиг ногоонд цадлаа гэсэн үг.
Манайх ядуувтар болохоор баярхдаг мал гэвэл ямаа. Хүн юутай бол түүгээрээ баярхана гэдэг. Манай баярхдаг юм ямаа болохоор хэдэн ямаа маань ишиглэж, хэнз ишигний майлах дуу гэр хотонд цангинаад явчихаар олон хүүхэд бидний баярын магнай тэнийх нь тэр.
Ишиг ногоо зулгаах болоод ирэхээр, хэний ч зарлиг, зааваргүй ишиг дагадаг, хариулдаг ажилтай болно.
Ишиг хариулах нь бидний жаргал. Ишиг маань хол бэлчихгүй. Ишиг хариулах гэдэг үнэндээ бидний сайн дураараа хийж байгаа ажил. Өдөр хоногийг урагшаа түлхэж, тарагтай бушуухан золгох гэсэн гэгээн хүсэл юм.
Гэртээ бид ээжгүй. Ээжийгээ дэндүү багадаа эрлэгт булаалгасан.
Ээжтэй хүүхдүүдэд атаархсаар энэ насыг барж явна. Тээр хойно нь бид хойд эхтэй болсон. Огт ээжгүйгээс байдал дээр болсон. Хойд эхдээ бид дасч ядаагүй. Тэр хүн биднийг том болсон хүүхдүүд гэж бодоогүй. Яг л өөрөө төрүүлсэн юм шиг алаг цоог үзэхгүй, том болсон, тусад орсон бидэнд түшиг болсон.
За тэгээд, ишиг ногоонд цадаад ирэхээр, ямааныхаа сүүг ишигнүүдтэйгээ хуваалцах болсон.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл хойд эх маань тараг бүрэх болсон.
Элээ шувуу ирэх, элгэн тараг гарах, хаврын тэнгэр анх дуугарах гурвыг манай нутгийнхан нэг доор буюу нэгэн өдөр болоосой гэжхүсдэг. Тэгвэл л жинхэнэ хавар. Цаашлаад дэлгэр зун болно гэж хүн бүр дотроо сүслэн хүсдэг. Гэвч тэр гурав зэрэг ирнэ гэж байхгүй. Элгэн тараг сайхан бүрэлдэхээр зөвхөн бид хэдэн ах дүү биш, манайтай ойрхон байгаа айлын хүмүүсийн баяр болдог. Хүмүүс цуглаж, шинэ элгэн тараг амсдаг. Тараг сайхан бүрэлдсэн учир ирж буй хавар, зуныг сайхан улирал болох нь гэж бэлгэшээдэг. Тараг сайхан бүрсэн хойд эхдээ бид баярладаг.
"Хургачин" гэж наяад жилийн өмнө бичсэн миний нэг дууны үг бий. Надтай цуг өвгөрч элгэн тараг амсдаг. Тараг сайхан бүрэлдсэн учир ирж буй хавар, зуныг сайхан улирал болох нь гэж бэлгэшээдэг. Тараг сайхан бүрсэн хойд эхдээ бид баярладаг.
"Хургачин" гэж наяад жилийн өмнө бичсэн миний нэг дууны үг бий. Надтай цуг өвгөрч буй үг л дээ.
...Өвсний сайханд
Хургаа бэлчээгээд
Үдэш ирээд
Таргаа ууна гэсэн бадаг бий.
Энэ бадгийн "Үдэш ирээд тарагаа ууна" гэдэг, хойд эхийн бүрдэг элгэн таргаас үүдэлтэй.
Уг нь "ишигчин" гэх атал яагдад "хургачин" гэсэн бэ. Зун болохоор олон айлын цөөн цөөн хурга, ишиг нийлүүлж хариулна. Бараг хагас мянган ишиг хурга болно. Гол нь хурга болдог учир "Хургачин" гэсэн хэрэг. Тэгтэл элээ шувуу ирдэг. Айлуудын бүсгүйчүүд цөм л элээнд баярлаж сүүгээ өргөдөг. Элээнд баярладгийн учир нь тэр шувууг их буянтайд тооцдог. Яагаад гэвэл усны шувуу манайд ирэх замд аюулт мангас байдаг. Тэр мангас усны шувуудыг сорж залгидаг. Тэр аюулаас усны шувуугэлээ аварч, хамгаалдаг... Мангастай ноцолдсоор хөөрхий элээний хүзүүний өд зулгарч нүцгэрчээ.
Хавар орой тэнгэр анх дуу гарахаар бүх айлын бүсгүйчүүд, сүү цацлаа барьж гараад, гэрээ нар зөв тойрон, гэрийнхээ цаваг дээгүүр сүүгээ өргөдөг. Зарим нь цавагнийхаа сэжүүрийг сөхөн сүүгээ дусаадаг. Сүүгээ гэр тойруулан өргөх, цавгаа сөхөн дусаах хоёр учиртай юм.
Тэнгэр чанга дуугарвал эвгүй зун болох нь гэж тэнгэрийг аргадан, гэрийнхээ цавгийг сөхөн, гэр тойруулан сүүгээ өргөдөг. Тэнгэр эетэй зөөлхөн дуугарвал сайхан зун болох нь гэж суунийхээ дээжийг гэрээ тойруулан өргөдөг аж. Ингээд хорт шумуул дэгдэхээс өмнө дэлгэр баян зусландаа, сумаараа нүүн гарна. Баянцагаан Түнгийн голд амьтай, голтой юу ч үлдэхгүй. Зуныг манайхан янз бүрээр л өнгөрүүлнэ. Бог голдуу малтай нь хоёр Олон нуур, Арлын хар, Баянбулаг, Хоогийн булаг, Зуслан нутгаар зуншина. Олон малтай, бүл чадалтай нь Мөнх цаст Цамбагаравын суга-цас мөсний зах-Таван бэлчэр, зүүн урагшаа Сайхан дэвсэг, Нуурт хүрч, өндөр уулын шил дэвсэгт зусна. Зуны сар зургаа биш юм чинь, нэг мэдэхэд л намаршаад, сэрүү сэнгэнэж орхисон байх.
Намар ирснийг лут мэдэрдэг мал бол адуу. Харсаар, хариулсаар байгаад адуунаасаа хүмүүс алдчихсан л байдаг. Алдагдсан адуу хаачдаг вэ гэхээр Цагаан шороон Хавцалын гол, Цагаан Түнгийн гол, Ховд гол руу л гүйсэн байдаг. Энэ үед тэр голуудын хорт шумуулын хөл татраагүй байдагучир адуугаа алдсан малчид хүссэн хүсээгүй малынхаа араас явна. Тэд голдуу шөнө орой болсон хойно явна. Тэгж явахдаа, айрагны өнгөр нүүр нүдэндээ түрхэж буюу сав энэ тэрд хийж явна. Жижиг борви, ташмаг, хөхүүрт шимийн архины охь авч явна Хэдий шөнө ч хорт шумуул бужигнаж л байх. Толгойгоо даавуугаар сайн бүтээж, ердөө нүдээ ил гаргасан малчид алдсан малаа олоод нар гарч шумуулын язганахаас өмнө амжаад гараад ирдэг. Гэвч тэд яаж ийгээд шумуулд хазуулж нүүр нүд нь хавдаж, толгой тархи нь томорчихсон хачин дүр царайтай хүмүүс ирэх. Өнөөх архины охь, айрагны өнгөр түрхээд тэр шүү дээ. Тагэхэд шумуултай нутаг руу гүйсэн адуу мал ёстой аймаар байдалтай болсон байдаг. Шумуулд орсон малын нүд, ам, хамар авах юм байхгүй, бөөн хаван, хавдар. Тэр мөртөө хорт шумуул шаваатай. Малын эзэд шумуулд орсон малаа утаа майгаар утаж, угаалга арчилгаа хийж, архины охь айрагны өнгөр түрхсээр гайгүй болгодог. Ингэсээр зусланд өглөө орой сэрүү сэнгэнэж, өнөөх голуудад шумуулын хөл татардаг. Гэвч шумуулын хор гайгүй болсон ч мэр сэр байж л байх. Айлууд зуслан нутгаас нүүж, намар орой, өвөл, хавар эртийг бардаг, голдуу нутагтаа ойртон очихоор чацаргана гэдэг гайхалтай жимс хүн бүхний л арааны шүлс асгаруулна. Манай нутаг бидний багад яасан их чацарганатай байсан юм бэ. Өндөр уулын оройгоос, Хавцалын голыг харахаар тэр аяараа улаан шар харагдах. Ховдын гол руу орохоор чацарганатай газар үе үе улаан шар туяа татаж байх... Нэг намар манайх, Цагаан Түнгийн голоосоо хальж, бүүр цааш нь Ховдын гол оров. Ховдын гол орно гэдэг манайх шиг цөөн ямаатай айлд хэтийдсэн нүүдэл.
Хойд эх маань дөрвөд хүн. Аав ээжийнх нь нутаг-манай Ховд голтоц залгаа болохоор аав ээж хоёр санаа нийлж, тэдэнтэйгээ ойртож, нэг намар ч гэсэн хаяа хатгаж намаржих, харилцан айлчлах нь гэцгээсэн хэрэг байх. Манайх, тийнхүү нүүж Ховдын гол ороход замдаа нутгийн маань зүүн хойд зүүн, зүүн өмнө хэсгийг ороож тойрсон намхан уулсын нэгний нь хөтөл болох Жинмэрийн ам гэдэг хөтлөөр давж, цааш нь тонгойн нэлээн уруудаж, Хааны худаг гэдэг газрын хойхнотой, улиас бургаас, харгана, өндөр цагаан дэрс, чацаргана жимс улайран шарлах биш, хүрэнтэн улайрсан газар ойрхон хэд хонов. Огт ирж байгаагүй шинэ нутаг болохоор хэдэн ямаагаа ёстой сүүдэр шиг дагаж хариулах болов. Яагаад гэвэл энэ нутаг бидний хувьд шинэ газар. Бас айл амьтан цөөтэй, боохой элбэгтэй юм. Өдөр бид ямаагаа сүүдэр шиг дагадаг бол шөнө арслан гэдэг зүрх цагаан хар нохой маань хэдэн ямаагаа манана. Арслан маань бүдүүн бяруу шиг бие хаа ч томтой, дуу сайхантай нохой байв. Ямар сайндаа нэг удаа "Манайх энэ намар Ховдын голд орж намаржсан чинь Арслан маань хүртэл голийж таргалаад, өнгө зүс нь арчсан толь шиг гялалзаж байна" гэж аавыгаа инээлгэж байх вэ дээ. Ядуу хүний хүүд баярласан сэтгэлээ илэрхийлэх өөр сайхан үг олдоогүй л хэрэг байх. Одоо анх удаа ирж намаржиж буй газрынхаа чацарганыг хүрэнтэн улайрч байв гэсний учрыг хэлье. Чацаргана өдий үед хаа сайгуй хурц шарлаж харагддаг. Гэтэл энэ хэсэг газрын цөөн залуу моддын чацаргана хүрэнтэн улайрч байх. Энэхүү хүрэнтэн улайрах чацарганын модод бусдыг бодвол цэл залуу байх. Тэр мөртөө чацарганаа даахгүй, цөмөөрөө газраар налчихсан. Бид, ийм юм үзээгүй болохоор бүр гайхлаа. Газраар налсан моддын чацарганы томыг нь яана. Өнгө нь яг усан үзэм шиг хүрэн. Амт нь бас тийм. Аманд ормогц уусчихна. Энэ модод чацарганаа даахгүй газар налжээ гэж бид мэдлээ. Хөөрхий газар налсан моддыг тулж түшин босгох хэрэгтэй. Тэгээд яаж туслах вэ гэвэл чацарганыг нь л түүж идэх хэрэгтэй. Гэхдээ бид хэчнээхэн идэх. Цөмийн маань зоогийн сав зогсоолдоо хүрлээ. Бидний толгойд юу байдаг вэ гэвэл алчуур. Цөм алчуураа дэлгээд чацарганыг түүсээр хөөрхий моддын нурууг тэнийлгэж босгоод авлаа. Ийм чацарганатай залуу модод хэдхэн байсныг цөмийнх нь чацарганыг түүж нурууг нь амраасан. Чацаргана гэдэг жимс ургах газар, шим тэжээл, нар хур нь нэгэн бие болон зохицвол ийм гайхамшиг бүтээдгийг үзлээ. Одоо, өдий олон жил өнгөрөхөд тэгж чацаргана ургадаг тэр хэсэгхэн газар миний нүдэнд үзэгдсээр байна. Харин яваад очтол тэр модод байхгүй болчихсон бол харамсаад харамсаад уйлсан ч багадна. Байгаль дэлхий маань бидний багад ийм гайхамшигтай байж. Түүнээс хойш, мен ч олон жил өнгөрч. Бид ч байгаль дэлхийтэйгээ, нударгаараа харилцсаар мөн ч их юмыг нь устгаж, үгүй хийж “баяжиж" дээ. Одоо би, намрын чацарганатай айраг гэснийхээ тухай хэдэн үг хэлхье. Баян, дэлгэр зуслангаа орхин манайхан Цагаан шороон Хувацлын гол, Цагаан Түнгийн гол, манай нутгаар урсан өнгөрдөг Ховдын голын хэсэгтээ нүүн ороод ирнэ. Чацаргана энэ үед манайхны хэлдгээр болсон байна. Хаанаас ч чацаргана түүгээд ирсэн, голцуу чихэрлэг амттай, тийм амархан тагнай цоолчихдоггүй болсон байдаг. Намар оройхны чацаргана ингэж болсон байдаг нь биднийг ёстой баярлуулна. Бид чацаргана түүж ирээд, аяга аягаа дүүргэнэ. Орой болж унтах дөхөөд ирзхээр аягатай чацаргануудаа архадтай айраг руу хийгээд айргаа ээлжээр бүлнэ. Намар бид мөн л зун шиг оройн хоол гэж махтай шөлтэй юм идэж уухгүй шүү дээ. Бидний оройн хоол-чацарганатай айраг. Яг орондоо орж унтах болохоор бид газраар ор дэвсгэрээ зэрэгцүүлж тавьчихаад том хар аягаа бариад бүлсэн чацарганатай айргаасаа цадаж ханатлаа уугаад ор орондоо орно. Намар орой болтол буюу айргаа хураатал бид орой бүрий ингэж баяр хөөр болон унтана. Ядуу бидэнд намрын энэ улирал бол ёстой жаргалтай сайхан цаг болдог. Намрын чацарганатай айргийн хөл татрах гэдэг ядуу бидэнд бас л нэг гуниг. Одоо манайд байгалиараа ургадаг чацаргана бидний багынх шиг элбэг ургахаа больжээ. Бид тэгж ургадаг чацарганаа санамсаргүй устгаад бараг дуусчээ. Манайхан одоо хаа сайгүй чацаргана тарих болжээ. Байгалиараа ургадаг чацарганыг би асар олон жилийн үр дүнд бий болдог бүтээгдэхүүн гэж боддог. Тэгээд манайхан чацарганын ундаа, тэр байтугай "Шар доктор" гэдэг сонин бүтээгдэхүүн ч үйлдвэрлэх болж. Олдохын буян байвч оршихын буян гээч нь манайд сайтар оршиж өгөхгүй байх шиг санагдах. Чацарганын ундаа энэ тэр чинь яахаараа бидний багын чацарганы амт, чанарт хүрэхгүй байна вэ. Дэлгүүрт байгаа чацарганын ундаа эцэ тэр чинь амсахаар л амнаас алдагдсан ус шахуу л юм байх. Ингэж "арьсын нь хуулаад" буюу дөнгөж чацарганы шар өнгий нь аваад, жинхэнэ амт чанары нь гээсэн ундаа энэ тэр хийнэ гэдэг чинь хатуухан хэлбэл ард түмнээ л хууран мэхэлж, басамжлан доромжилж байгаа хэрэг бус уу. Яагаад чацаргана ургуулж чадсан байж намрын айраг шаагиулж, сэнгэнүүлсэн чацаргана шиг чацарганын ундаа янз бүрээр бүтээж, үйлдвэрлэж чадахгүй байна вэ. Энэ нь бас л өнөөх нэгэн зүйл (төрөл) оромддог уламжпалт муу зуршил л бидний санаа оноо, эрэл зорилыг мохоож, мухардуулж байдагтай холбоотой байх шиг санагдах. "Санаж явбал болдог, сажилж явбал хүрдэг" гэдэг. Чацарганаар олон төрөл ундаа үйлдвэрлэж чаддаггүй юм бол намар чацарганаа түүж, хураагаад янз бүрийн хэмжээгээр савлаад худалдаалж болно шүү дээ. Чацарганыг тэрхүү гайхамшигт амт чанар, ач хүчнээс нь салгаж хувиргаж яавч болохгүй.
 
 
/Ардын уран зохиолч/ Бөхийн БААСТ