sonin.mn
Сургууль төгсөөд ирсэн надад эрхлэгч, хурандаа А.Баярмагнай бараг шуудай захидал гардуулж өгөөд:
-Чи л үүнийг цэгцэлж дээ, хө гэсэнсэн. Энэ нь надад тун сонирхолтой байлаа. Тэр олон захидал, мэдээ материалуудын дунд нэрт зохиолч Л.Түдэвийн бичгийн машинаар цохисон “Чикаго чац урттай хот” аян замын тэмдэглэл, нэрт зохиолч С.Эрдэнэ гуайн гараар бичсэн “Цагаан хэрээ” өгүүллэг, О.Дашбалбарын мөн гараар бичсэн “Үлэмжийн орчлонд удаан амьдарна” шүлэглэсэн уянгын нийтлэл, залуу яруу найрагч Ц.Хулангийн хэд хэдэн шүлэг, авьяаслаг нийтлэлч С.Баттогтохын “Боловсон хүчиндэлт” асуудал дэвшүүлсэн өгүүлэл зэрэг байсныг үтэр түргэн хэвлэлд шилжүүлэв. Захидлуудын бүтцээс харахад тухайн цагийн нийгмийн тэргүүлэх сэхээтнүүд, зохиолч, яруу найрагчид редакцид хандаж байсан нь “Улаан од” сонин хэвлэлийн салбартаа тэргүүлэх байр суурьтай байсныг илтгэнэ.
Сонинд хандсан захидлуудын бараг тал хувийг нэг хүн илгээжээ. Энэ нь надад бүр ч сонирхолтой байлаа. Түүний захидлууд дотор шүлэг, богино өгүүллэг зэрэг утга зохиолын төрлөөс эхлээд найруулал, хөрөг тэмдэглэл, нийтлэл, сурвалжлага, мэдээ гээд сэтгүүл зүйн бүх төрлөөр бичигдсэн материалууд ёстой нэг байна аа. Зах цухаас нь уншлаа, мэргэжлийн гэхэд арай дутуу ч их хөдөлмөрч хүн гэдэг нь илэрхий мэдрэгдэнэ. Маргааш өглөө нь ажилд ирэхэд өнөө хүнээс хоёр захидал ирсэн байв.
Энэ хүн яасан олон захидал илгээдэг юм бэ? гэж асуухад сурвалжлагч, дэд хурандаа Ц.Жамсран ах муухан мушилзаад:
-“Мянган захидлын эзэн” гэдэг хүн дээ, бүр ч олон захидал илгээнэ гэж мэд, эрхлэгч чам руу шилжүүлчихэж, чамайг мөн ч их ээрнэ дээ гэж билээ. Тэр үнэхээр намайг их ээрсэн шүү. “Зүүнбаян. Ш.Эрдэнэ-Очир” гэсэн захидлаар манай сониныг надаас өмнө “нүдэж” нэрд гарчихсан, над мэтдээ сурган зааварлах талдаа орчихсон хүн байлаа.
Түүний бичсэн нь эхэндээ эмх цэгцгүй, харж, сонссоноо тэр чигээр нь бичдэг байсан гэж өөрөө ярьдаг. Бусад сонинд өгсөн материал нь гардаггүй байж. Яагаад гэвэл хэвлэлийн шаардлага хангахгүй гэсэн хариу авна. Харин цэргийн сонинд илгээсэн бүгд нь хэвлэгддэг, гэхдээ би бичсэн гэж танихын аргагүй засварлагдаж, чамбайрсан байдаг гэж өөрөө хэлсэн шүү. Энэ засварлагдсан, чамбайрсан гэдэг үгэнд цэргийн сэтгүүлчдийн, цэргийн сонины редакцийн ялгарал харагдаж байгаа юм. Идэвхтэн бичигчийн материалыг хүндэтгэж, заавал хэвлэх ёстой, тэгэхдээ засварлаж өөриймсөг хандах ёстой гэсэн сэтгүүл зүйн бичигдээгүй хуулийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж чадаж байснаараа “Улаан од” сонин өөрийн школийг бий болгосон юм.
Сэтгүүл зүйд шаблон буюу бэлэн загвар байдаггүй. Угаасаа сэтгэ, тэгээд гүй гэсэн утгатай мэргэжил л дээ. Энэ нь хөдөлмөрөөр илэрнэ гэсэн үг. Ш.Эрдэнэ-Очир ах “Онол монол, тэр нарийн ширийнийг нь би мэдэхгүй. Олон жил сонинд мэдээ бичихдээ дахин дахин хуулж бичих хэрэгтэй юм байна, дахин бичих тусам сул үг гээгдэж, ус шүүсгүй болдог юм байна гэдгийг л мэдэрсэн. “Улаан од” намайг үүнд сургасан. Мэдээ бичнэ гэдэг хөдөлмөр юм шүү” гэж тээр жилийн идэвхтэн бичигчдийн зөвлөгөөнд үг хэлэхдээ онцолсныг би тэмдэглэн авчээ.
Жараад оны сүүлчээс эхлээд 70, 80, 90-ээд онд Ш.Эрдэнэ-Очир гэдэг нэр бичигдээгүй манай сонины нэг ч дугаар байхгүй. Эдгээр он жилүүдэд Зүүнбаянгийн анги, нэгтгэл, офицер, ахлагч, цэргийн амьдралыг уншигчид Ш.Эрдэнэ-Очирын бичсэнээр төсөөлж, ойлгож, мэдэрч байсан юм. “Мянган захидал” гэдэг сониныхны хувьд шуурхай гэсэн үг л дээ. Зүүнбаянгаас шөнө дунд БХЯ-ны жижүүр рүү утасдаж “Нэг цэрэг хот руу төмөр зам дагаад явган оргочихлоо, өөдөөс нь тосч маш хурдан эрж сурах хэрэгтэй, сониныхонд дуулгаад өгөөч” гэж гуйсныг жижүүр мэдээ гэж тоолгүй, Ш.Эрдэнэ-Очирыг бараг л согтуу байж дотоод холбоогоор солиорлоо гэх шахуу загнажээ. Тэр цэрэг төөрч, хэд хоногийн дараа яамнаас эрлийн хэсэг гарч, цогцсыг нь олж байсан удаатай. Сэтгүүлчийн мэдээ, мэдээлэл хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй л байж дээ. Монгол даяар сэрүүн хоносон шөнө буюу монгол хүн сансарт ниссэн тэр шөнө сониныхон ид ажилтай байхад Зүүнбаянгаас утасдаж “Сансрын нисэгчтэй нэг оны цэрэг, бүр нэг наарны цэрэг байсан хүн энд байдаг юм байна. Би олж уулзаад сэтгэгдлийг нь бичиж авсан юм. Галт тэргээр явсан хүнд өгөөд явуулчихлаа, өглөө очно” гэжээ. Тэр ингэж л шуурхай ажилладаг сэтгүүлч. 1988 онд Ш.Эрдэнэ-Очир л анхлан Равжаагийн тахилчдын үе, үеийн хүмүүсийг бичиж, Хамарын хийдийг сэргээх хэрэгтэй гэж үглэж, Хар уул буюу Баянзүрх хайрханы зургийг сонинд анхлан хэвлүүлсэн юм шүү. 
Ш.Эрдэнэ-Очир Зүүнбаянд идэвхтэн бичигчдийн бүлэг байгуулан нэгтгэл, ангиудыг сонин, хэвлэлээр сурталчлахад ихээхэн санаачилгатай ажилласан бөгөөд Зүүнбаянд сонин хүртэл гаргаж байсан сэтгүүлч юм. Түүнийг хэн ч сонинд мэдээ бич, хөдөө хээр сонин гарга гэж үүрэгдээгүй. Тэр өөрийн авьяас, чадвараар л энэ бүхнийг албан ажлынхаа зэрэгцээ 40 гаруй жил хийсэн хүн. “Улаан од” сонины оны шилдэг бичлэгийн шагналыг идэвхтэн бичигчдээс хамгийн олон буюу 5 удаа Ш.Эрдэнэ-Очир хүртжээ. Миний мэдэхээр, энэ амжилтад сэтгүүлчдээс хошууч Х.Ганзул л хүрсэн дэг.
1987 онд БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Ёндон Зүүнбаянд очжээ. Дивизийн штабын дарга, хурандаа П.Пүрэвсүрэн:
-Сайд аа, таныг дагалдан сонины сурвалжлагч ирээгүй юм уу, бид буудалд өрөө бэлдчихсэн гэхэд сайд нь:
-Энд өнөө муу Эрдэнэ-Очир байгаа биз дээ, түүнийг байхад илүү хүн дагуулах нь зардлын гарз гэсэн байгаа юм. Тэр уншигчид төдийгүй дээд удирдлагадаа ч хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч байлаа. Ш.Эрдэнэ-Очир насаараа Зүүнбаянд ажилласан, эхнэр, хүүхдүүд нь ч мөн говийн гарнизонд л залуу насаа үдсэн. “Суурин Балдан” гэдэг шиг тэр Зүүнбаянгаа тойрон эргэлдэх ч, нэр нь насаараа нийслэлд байсан юм шүү. Монголын бүх сонинд ажилласан гэх нэрт сэтгүүлч Б.Цогзаяабаатараас би:
-Чи манай сонинд л ажиллаагүй байх гэхэд: 
-Хүүе, би оюутан байхдаа дадлага хийсэн шүү. Нэг мэдээг 10 шахам хуулуулдаг байсан. Сэтгүүлчид нь ялгаагүй, нэг бичсэнээ дахин дахин хуулж бичнэ. Тэр шалгуурыг давж гаргана гэдэг бэрх юм билээ. Нөгөө Зүүнбаянгаас бичээд байдаг чинь хэн билээ, тэр ёстой уйгагүй бичнэ, сониныхон ч уйгагүй засварлана. Яах аргагүй цэргийн сонины гал тогоонд чанагдаж гарч ирсэн сэтгүүлч дээ гэж билээ. “Улаан одын школь”-д мэдээ бичихээс эхлэн суралцаж, улмаар уран бүтээлчийн зэрэгт дэвшин хэд хэдэн ном бичсэн хурандаа Я.Даваасамбуу, хурандаа Ш.Эрдэнэбаяр, хурандаа Г.Ганбат, ахмад Ю.Бат-Очир нарыгаа энэ ялдамд хүндэтгэн нэрлэж байна. 
1995 онд Сэтгүүлчдийн их хурлын төлөөлөгчдийн мандат авахаар очиход МСХ-ны Ерөнхийлөгч, бэлтгэл дэд хурандаа Ц.Бат-Орших ах:
-Чи яах вэ, төлөөлөгчөөр орох ёстой хүн чинь Ш.Эрдэнэ-Очир байгаа юм гээд мандат бичиж өгсөн юм. Би түүнд хэл дуулгах гэж хөөрхөн ажил болсон дог.
1987 онд халагдах цэргүүдийг “Мандухай цэцэн хатан” киноны зураг авалтад оролцуулсан байдаг. МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.Заяабаатар агсан надад “Зураг авалтын үеэр би танай сонины сурвалжлагч, ланжгар сэтгүүлчтэй танилцсан” гэж ярьсан нь Ш.Эрдэнэ-Очир байсан даа. Энэ киноны зураг авалтын явцын талаар Ш.Эрдэнэ-Очирын газар дээрээс нь бичсэн сурвалжилга, гэрэл зургууд тэр үед төвийн сонинуудад их эрэлт хэрэгцээтэй байсан. Тэрбээр цэргүүдээ хариуцаж, сурвалжилга бичихийн зэрэгцээ нэг баатрын дүрд тоглоод авсан байдаг юм.
Нэг өдөр өрөөнд орж ирээд л:
-Дүү хүү, үүнийг уншаад улаан эрээн болгоод өг, гуйж байна гээд гялгар ууттай эхийг надад тулган өгөв. Би хүсэлтийг нь ёсоор болгосон. “Нутгийн бор толгод” шүлгийн түүвэр нь ингэж хэвлэгдсэн. “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Домогт дивизийн түүх” зэрэг сэтгүүл зүйн хэд хэдэн ном хэвлүүлсэн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч байсан юм даа, өнөө “Мянган захидлын эзэн” чинь.
Дөч шахам жил цэргийн сонинд дугаар алгасалгүй мэдээ, сурвалжилга бичиж, идэвхтэн бичигчээс улс даяар танигдсан сэтгүүлчийн зиндаанд дэвшиж, чөлөөт хэвлэл үүссэн он жилүүдэд хэд хэдэн хувийн сонины оны шагнал хүртэж явсан, авьяас чадвараараа ялгарч чадсан Ш.Эрдэнэ-Очирын бичиж хэвлүүлсэн 50 гаруй мянган мэдээ, материал манай сонины шарласан хуудсанд хадгалагдан мөнхөрчээ. Цэргийн сонины түүхэнд бичигдсэн бүтээлтэй, дуурсагдах нэртэй энэ эрхэм сэтгүүлчийн тухай ярихгүйгээр цэргийн сонины түүхийг ярина гэдэг давсгүй хоолтой адил хэмээн бодогдном.
 
П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин