sonin.mn

Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн төрийн бус байгууллагын Завхан дахь салбар нь НҮБ-ийн хүн амын сангаас тус аймагт хэрэгжиж байгаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл түүнийг арилгахад орон нутгийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн зонхилох хэлбэрүүд, түүний гарч буй шалтгааныг судалж тогтоон, арилгах арга замыг тодорхойлох, улмаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган, орон нутгийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Иргэдээс анкетийн аргаар судалгаа авахад сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл давамгайлж буй харагдаж байгаа нь урьд гарч байсан судалгаануудаас эрс өөр харагдаж байна. Энэ нь нэг талаар иргэдийн мэдлэг дээшилсэнтэй холбоотой гэж үзэж болох ч нөгөө талаас боловсролын түвшин дээшлэх тусам энэ төрлийн хүчирхийлэл ихсэж байгаа нь харагдаж байна.

Судалгааны бас нэг арга нь хуульчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж, гарах арга замыг тодорхойлуулах хэлбэр байсан бөгөөд энэхүү эссэ бичлэгийн уралдаанд аймгийн Шүүх, Прокурорын байгууллагууд идэвхтэй оролцлоо. Тэдний үзэж буйгаар гэр бүл дотор хүүхдэд эцэг эхээс үзүүлэх хүчирхийллийг хэн ч анзаарахгүй байгааг шүүмжилж үүний ирээдүйн хор уршгийг тайлбарласан байна.

Нөгөө талаар нарийвчилсан судалгаанд үндэслэж, эрсдэл бүхий хүмүүсийг хяналтанд авах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хүчирхийлэгч этгээдэд эерэгээр нөлөөлөх алхмуудыг хийх, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулах, сургуулийн хичээлиин программд энэ чиглэлийн хичээлийг оруулах, бие махбодь сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг бий болгох, хуулиудын уялдаа холбоог сайжруулах, гэр бүлийн сэтгэл зүйчдийг бэлтгэж, ажиллуулах, хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй этгээдэд ногдуулах хариуцлагыг өндөржүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийг нэр хаягтай нь олон нийтэд мэдээлдэг байх зэрэг олон арга замуудыг дурьдсан байна.

Дээрхи судалгаануудад үндэслэн зөрчлийг арилгах төлөвлөгөөг боловсруулан орон нутгийн төсвөөс санхүүжүүлүүлэхээр иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж шийдвэрлүүлэх нь төслийн эцсийн гол зорилго болох юм. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн төрийн бус Завхан дахь байгууллагын салбар

Эх сурвалж: "Завхан"