sonin.mn
Бибээр сурагчийн ширээнээс өндийгөөд л Политехникийн дээд сургуулийн оюутны ширээний ард сууж, улмаар хөдөө гадаа барилгын талбарт гагнуурчнаар ажиллаж, хотын сонинд шүлгээ хэвлүүлж, 1000 цэргийн хуаранд хугацаат цэргийн албыг 2 жил хааж, хал үзэж хат суусан бол суусан, танилтай бол танилтай, хар цагааныг ялгаж хань болох нөхрөө мэдрэх сэтгэлийн нүд нээгдсэн, харин хөрөнгө чинээг санах сэхээгүй хөөрүүхэн 25 насандаа хилийн чанадад шинэ найз нөхөдтэй учирч, 30 гаруй жил нөхөрлөж яваагийн нэг нь Сэнгээгийн Баярмөнх. Бид 2-ыг цэргийн сэтгүүлч мэргэжлээс гадна утга зохиолын сэтгэлгээ, наргиантай ярианы мэдрэмж гүн бат холбож өгсөн бөгөөд ийм мэдрэмж хийгээд сэтгэлгээний ижилсэл нь улс төр, албан тушаалаас ангид гэгээрсэн холбоос байх агаад гаднын ямар ч нөлөөлөлд автахгүй тархины дархлаатай байдаг юм.
Львовын Цэргийн улс төрийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийнхан дотор хамгийн бүтээлч сэтгэлгээтэй нь С.Баярмөнх байв. Би ингэж л мэдэрсэн, тухайн цагтаа тийм л байсан. Үүнийг он жилүүд баталсан, өнөө ч олон түмний нүдэнд тийм л яваа юм чинь. Хөл бөмбөг сайн тоглодог, аливаад авхаалжтай, цаг ямагт нэгийг сэдэж, санаачилж байдаг, энэ чанар нь хожим хурц тодоор илэрсэн дээ. С.Баярмөнх спортод дөртэй нэгэн гэдгийг ганцхан жишээгээр тодотгоё. Сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд хань татаж, 2 орой хамт бэлтгэл хийхдээ ойр зуурын мэхэнд сургаж, тэмцээнд дагуулаад орчихсон чинь 57 кг-ийн жинд түрүүлчихэж байсан юм шүү. 
Эмэгтэй хүнийх шиг нямбай, гаргацтай бичгийн хэв нь өнөө ч хэвээрээ. Би хүний бичгийн хэвийг ангилан нягтлах дуртай, яагаад гэвэл би сараачиж бичдэг, хоёр хоноод өөрөө уншиж, тайлж гаргахаа больдог. Намайг мэдээ, сурвалжилгыг хурдан шуурхай бичдэг гээд байдаг юм. Энэ яриаг С.Баярмөнх л гаргасан. Угтаа бол тийм биш, сарайсан сэрийсэн бичигтээ юу тэмдэглэж авснаа мартахгүйн тулд яаран сандран сийрүүлж байгаа нь хурдан шуурхай гэхэд өртөж л дээ. С.Баярмөнх төрөлхийн шооч зантай, хүний алдаа оноог хөөрхөнөөс хөөрхөн шоглочихно. Львовт төгсөгчдийн дунд яригддаг хөөр хөгжөөнтэй хошин яриаг С.Баярмөнх л гаргасан, мөлийлгөж ирлэсэн байдаг. Львовт дөнгөж очоод байсан надаас С.Баярмөнх:
-Чи шинэ хувцас авсан уу? гэхэд нь:
-Үгүй гэвэл:
-Хангалтын орлогчоос ав гэдэг юм.
-Тэр нь хэн юм бэ? гэвэл:
-Болдбаатар гэж байна. Би дээд курсийн Болдбаатарын өрөөнд ороод:
-Хангалтаа авъя гэвэл:
-Ингээд ав, чи гээд надад “ухамсрын шанаа” хүртээв. Наймаа арилжаанд сүрхий болохоор нь Болдбаатарыг мань эр “хангалтын орлогч” гэж нэрлэсэн юм байж. Тэрнээс биш 30-аадхан сонсогчид юуных нь хангалтын орлогч байх вэ дээ. Богино хугацаанд хүнд итгүүлж, дөнгөх гэдэг ийм л хоржоонтой байхгүй юу.
Сэтгүүлч хүний анхны бичлэг тун нандин дурсамж агуулдаг. Львовоос “Улаан од” сонин руу С.Баярмөнх мэдээ илгээсэн нь “Захидлын тойм” буланд дурдагдаад нэр нь гарсанд их баярлан надад үзүүлж байж билээ. Монголын ирээдүйн чөлөөт хэвлэлийн нэгэн том төлөөлөгчийн нэр анх удаа сонинд гарч байгаа нь тэр. Үүнд урамшсан мань эр зурагтай мэдээ явуулсан нь ямар ч засваргүй тэр чигээрээ хэвлэгдсэн юм. С.Баярмөнх гэдэг нэр ингэж “Улаан од” сонинтой салшгүй холбогдсон доо.
Биднийг Львовт сурч байсан цаг үед хамгийн баатарлаг хүмүүс Афганаас тодорч байлаа. Манай сургуулийн сэтгүүл зүйн багш Афганд сурвалжилга хийж байгаад амь эрсэдсэн ЗХУ-ын баатар хүн байсан. Түүгээр мань эр их бахархана. Бүр хожим, 2014 онд сонинд өгсөн ярилцлагадаа С.Баярмөнх “Би ер нь байлдааны талбар, галын шугаман дээрээс сурвалжилга хийхсэн гэж мөрөөддөг байлаа. Цэргийн сэтгүүлч хүн өөрийнхөө чадлыг мэдэрч, итгэл төрнө гэдэг чухал” гэсэн нь бий. Энэ яриа бүр эрт гарч байсан юм. 1988 онд юм байна. “Найраа, хоёулаа Афган руу явъя. Багш нарт өргөдөл бичиж байгаад явъя. Дарь үнэртсэн сурвалжилга бичиж ирье” гэсэн нь одоо ч чихэнд сонсогдож байна. Тэр мэргэжилдээ ийм л үнэнч нөхөр байгаа юм. Хэрвээ зөвшөөрдөг бол Афган руу явчихаар л эр зориг, сэтгэлийн хөөрөлтэй явсан цаг нь. Халуун цэгээс бичих нь цэргийн сэтгүүлч бүрийн мөрөөдөл байдаг. Мань эр бичээгүй ч би Сьерра Леоноос бичиж, нөхрийн мөрөөдлийг биелүүлсэн шүү.
С.Баярмөнх маань идэрхэн залуудаа өгүүллэг гээчийг бичиж манийгаа алмайруулж байлаа. Цагийн аяс, хувь тавилангийн төөргөөр тэрбээр уран зохиол руу шуудран ороогүй л дээ. Үүнд хэн ч буруугүй, болсон болоогүйг бичиж, цээжээ дэлдэж явдаг хэнхэгээс авьяастайг нь цөөхөн хүн мэддэг ч мөрөөрөө явж алдрын өвчин тусаагүй эрүүл сэтгэлгээ чухал. С.Баярмөнхийн бичсэн “Алтны эрэлд” хэмээх шог өгүүллэгийг 30 жилийн дараа дахин уншсан чинь утга санаа, ур хийц төгөлдөр, харин ч өнөө үеийн сэдвийг тусгасан нийгмийн ач холбогдолтой байгаа юм, их эд шүү. С.Баярмөнхийн бичсэн 2 ч өгүүллэгийн эх ноорог миний хувийн архивт гар бичмэлээрээ байгаа даа. 
“Улаан од” сонинд ажилласан цөөн жилдээ С.Баярмөнх гал цогтой сурвалжилга, орчуулга олныг бичсэн дээ. Бас шинэ содон булан ч нээж, хөтөлж байсан. “Үнэний амь”, “Үгийн амь”, “Нөлөөтэй толь” гэхээр нэгийг бодогдуулж байгаа биз. Сэтгүүлч хүний бусдаас ялгарах мөн чанар нь түрүүлж сэтгэх. С.Баярмөнх цаг үеэ тун сайн мэдэрдэг нэгэн. 1990 онд “Ардчиллын удирдагч” гэсэн хөрөг бичсэн нь С.Зоригийн тухай байсан юм. Цэргийн сонины залуу сэтгүүлчид өнөөгийн чөлөөт, хувийн хэвлэлийн эхийг тавилцсан гавьяатай. С.Баярмөнх, Л.Төрбаяр, Л.Зоригт, Ц.Баяраа нар Монголын анхны чөлөөт хэвлэлийн нэг “Халуун хөнжил” сониныг эрхлэн хэвлүүлж, нийгмийг цочроож билээ. С.Баярмөнх хувийн болоод чөлөөт “Сэрүүлэг”, “Гайхмаараа” сониныг санаачлан гаргаж, “Сэрүүлэг” сонин нь Монголын хамгийн олон захиалагчтай сониноор 10-аад жил шалгарч байлаа. Түүний хүсэлтээр би энэ сонинд нийгмийн сэдэвт олон нийтлэл бичиж, оны шагнал хүртэл авч байсан даа.
Хэвлэл, мэдээллийн салбарт түүчээлсэн тэрбээр цагийн аясаас түрүүлж алхдаг, орон зайг сайтар мэдэрдэг, мэргэжлийн ур чадвар, сэтгэлгээтэй санаачлагчийн нэг. Энэ нь бүр идэр залуудаа илэрч байсан юм. Цэргийн сэтгүүлч мэргэжил эзэмшихээр Львовт суралцаж байсан биднийг уриалан дуудаж, санаачилга гарган сонин хүртэл хэвлүүлсэн. Энэ талаар тусад нь өгүүлэх болно. Монголын чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд С.Баярмөнх 20 гаруй жилийн ур ухаан, хөдөлмөрөө зориулсан хүний хувьд сайн сэтгүүлчийн зэрэгцээ сайн зохион байгуулагч, сайн бизнесмен болж төлөвшсөн юм. “Сэтгүүлч хүнд нууц мэдээлэл байдаггүй, энэ үгийг мөн чанараар нь тайлбарлавал бүхнийг ил тод хэлж бай гэсэн үг” гэж миний багш В.В.Малеева надад сургасан юм. Тийм болохоор би бүхнийг тоочно. Харин бизнесмен гэдэг үг угтаа арилжааны нууц гэсэн утгыг агуулдаг учраас энэ талаар тоочихгүй. С.Баярмөнх “ТB-8” телевизийг үүсгэн байгуулсан нь өнөөдөр Монголын нийгмийн мэдээллийн томоохон хэрэгсэл байсаар л байна.
С.Баярмөнх чөлөөт хэвлэлийн зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, төрийн албыг ч нэр төртэй, элдэв будилаангүй хашиж байсан хүн. Гадаад хэргийн яаманд Дипломат байгууллагуудын газрын даргаар ажиллаж, УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байсан зэргийг хэлэхэд хангалттай биз ээ. Нэгэн үед хамт суралцаж төгссөн цэргийн сэтгүүлчдээс Г.Сумъяа Төр засгийн үйлчилгээний “Их тэнгэр цогцолбор”-ын дарга, С.Баярмөнх, Б.Цэдэн нар хувийн сонины эзэн, Л.Наранбат компанийн захирал, цэргийн сонинд хамт ажиллаж байсан нөхдөөс Т.Ганди УИХ-ын гишүүн, сайд, элчин сайд, Ц.Бат-Орших Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, Л.Төрбаяр корпорацийн захирал, Ц.Баяраа, Л.Зоригт нар хувийн сонины эзэн гээд л бүгдээрээ тамга барьдаг алба хашсан даа. Би нэг удаа:
-Надаас бусад нь тамга атгажээ гэж хэлэхэд С.Баярмөнх:
-Тамга атгаагүй ч, чи цэргийн сэтгүүлчдийн туг барьж яваа хүн гэж намайгаа цаашлуулдаг юм. Цэргийн сэтгүүлчээр тасралтгүй 30 гаруй жил ажилласныг маань өргөмжилж байгаа нь тэр л дээ, хөөрхий гэж. Тэр жилийн Олон улсын сэтгүүлчдийн өдрийн өмнө С.Баярмөнх над руу утас цохиж, маргааш чи миний хэлсэн газарт заавал ирнэ шүү гээд хаяг хэллээ. Монголын Сонинуудын холбооноос зохион байгуулсан сэтгүүлчдийн баярт уригдан оролцсон би “Хэвлэлийн эрх чөлөөний одон”-гоор шагнагддаг юм байна. 
-Чөлөөт хэвлэлд миний оруулсан нэмэр гэж юу байх вэ, энэ одон томдчих шиг боллоо гэхэд маань С.Баярмөнх:
-Найраа, чи л наад одонгоо зүүхгүй юм бол өөр зүүчихээр сэтгүүлч өнөөдөртөө миний нүдэнд харагдахгүй л байна гээд хөхөрч суусан сан. Энэ удаа надад өнөө одон нь биш, хэлсэн үг нь үнэтэй туссан шүү.
Бидний үеийнхэн С.Баярмөнхийг тойрон эргэлдэж байдаг юм. Өмч хөрөнгөтэй болохоор нь хөлд нь суудаг гэвэл эндүүрэл. С.Баярмөнх бусдад тусч, өөрөө эгэл амьдралын хал үзэж, халуун чулуу долоосон хүн. Манай курсийн Ц.Тогоонангидын хүнд хагалгааны төлбөрийг өгч л байсан, миний 2 ч номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн гээд тоочвол ч ахиухан тоо гарна. Цэргийн сонины ахмадуудыг ихэд хүндэтгэнэ. Хүний мөс, чанарыг хүнд наадаггүй, хүн чанар хүнтэйгээ хамт төрмөл байдгийг бибээр хүнийхээ хувьд ч, сэтгүүлчийнхээ хувьд ч мэдэрсэн юм. Эхэлж хүн байгаад дараа нь зохиолч, сэтгүүлч болдог гэсэн мэргэн хүний нотолсон үгийг “зээлдэж”, дотно анд С.Баярмөнхөд тохож байгаа юм. Төрмөл хүн чанар, төрмөл авьяас хосолж төрсөн хүн ховор байдаг. Гэхдээ байна, энэ нь Сэнгээгийн Баярмөнх.
 
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин