sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулэйгээс илгээлт ирүүлсэн байна.
Тэрээр, илгээлтдээ, "Энэ жилийн Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр нь боловсролоор дамжуулан охидын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд төвлөрч байна. Боловсрол эзэмших нь охидын үндсэн эрх бөгөөд хөгжил дэвшлийн хүчтэй хөшүүрэг болдог билээ.
Охидын боловсрол нь бидэнд өнөө үед тулгамдаж буй хамгийн чухал хоёр асуудал болох боловсрол ба жендэрийн тэгш байдлын огтлолд оршиж байна. Бүх охидын чанартай боловсрол эзэмших эрхийг бодитоор хангах шаардлагыг нийтээрээ ухамсарлах явдал нэмэгджээ. Энэ асуудлаар өндөр түвшний улс төрийн амлалт өгөх шинж тэмдэг хоёр долоо хоногийн өмнө Нью Иорк хотноо болсон НҮБ-ийн Ерөнхий ассамблей болон өнгөрсөн сард Аргентин улсад болсон боловсролд төвлөрсөн хамгийн анхны Их 20-ийн уулзалтын үеэр илэрхий байв. Хамтын нөхөрлөлийн орнуудын саяхан гаргасан өндөр түвшний Охидын боловсролын платформ байгуулах санаачилга нь дэлхий нийтийн мэдлэг, ойлголт нэмэгдэж буйн бас нэгэн илрэл юм.
Бидэнд асар их сорилт бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна. Өнөөдөр дэлхий даяар 130 сая гаруй сургуулийн насны охид сургууль завсарджээ. Түүнчлэн, ирэх 10 жилд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх 600 сая өсвөр насны охидын 90-ээс дээш хувь нь хөгжиж буй улс оронд амьдарч байгаа бөгөөд цалингүй ажил хөдөлмөр, дарамт, мөлжлөг зонхилсон албан бус эдийн засагт ажиллахаар байна.
Ийм ч учраас 2030 Хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын боловсролын чиглэлийн тэргүүлэх агентлаг болох ЮНЕСКО нь охидын 12 жилийн суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. ЮНЕСКО нь охидын эрх чөлөөг боогдуулж тэдний оюун ухааны төлөвшил, нийгэм, мэргэжлийн зохицолд саад тотгор учруулдаг нийгмийн дадал зуршил ба нийтийн хэвшмэл төсөөллийг арилгахын тулд сургалтын хөтөлбөртөө жендэрийн тэгш байдал, эрүүл мэнд, бэлгийн боловсролтой холбоотой асуудлуудыг тусгахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд сэтгэл зүрхээ зориулдаг билээ.
Ажил мэргэжил хувьсан өөрчлөгдөж буй энэхүү ертөнцөд охидын оролцоог нэмэгдүүлэхийн тулд охидын төлөөлөл бага байдаг шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
ЮНЕСКО нь охидод өөртөө итгэх итгэлийг олж авахад нь тусалж жендэрийн тэгш бус байдлыг багасгах шинэлэг заах арга зүйг хэрэглэхийг дэмжих зорилгоор 2015 онд БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагналыг бий болгосон билээ. Энэ жил ядуу буурай тосгоны охидын боловсролыг дэмжсэн явдлыг нь сайшаан Египет улсын Миср Эл Хэйр санд, мөн Ямайка улсын өсвөр насны жирэмсэн охид, залуу ээжүүдийг дэмжиж, тэдэнд үргэлжлүүлэн боловсрол эзэмших хоёр дахь боломж олгох үйл ажлаа үргэлжлүүлээсэй хэмээн тус улсын Ямайкын эмэгтэйчүүдийн төв санд энэхүү шагналыг тус тус олгосон.
Эдгээр санаачилгууд бидэнд урам зориг өгөх ёстой. Охидод боловсрол олгох нь бидний нэн тэргүүний зорилтуудын нэг байх учиртай бөгөөд манай дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлт ч мөн үүнээс ихээхэн хамаарч байна" гэжээ.
 
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг