sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Таван жил тутам үндэсний хэмжээнд гардаг нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаагаар 15-24 насны 60 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэгггүй гэжээ. 
Энэ нь бэлгийн цогц боловсролын хэрэгцээ шаардлагатайг НҮБ-ын хүн амын сангаас онцолсоныг “Нэгдсэн Үндэсний Байгууллага дээр зөвлөлдье” 3 дахь удаагийн хэлэлцүүлэгт танилцуулав. 
Өнөөдрийн хэлэлцүүлгээр бэлгийн цогц боловсролын чухал асуудлууд, “Амьдралын боловсрол” сэдвийг хөндсөн юм.  Тус арга хэмжээнд 15-34 насны нийт 100 гаруй залуус оролцсон юм.
 
 
Тус хэлэлцүүлэгт оролцсон НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагаас дараах асуултад хариулт авав.
 
-  “Амьдралын боловсрол” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?
 
- Бэлгийн цогц боловсролын асуудал бол залуучуудын бэлгийн амьдралд маш чухал хүчин зүйл үзүүлэх учраас бид төр засгийн шийдвэр гаргагч нарыг анхаараасай гэж хүсч байна. Нэгэн үе  Монгол Улс ЕБС-ийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлээр бэлгийн цогц боловсролын талаар тусгаж өгсөн нь дэлхийд үлгэр жишээ болж байв. Гэвч Боловсролын салбарын 2015 оны шинэчлэлээр Эрүүл мэндийн хичээлийг хасаж, бусад хичээлд шингэээсэн.  Үүнийг эргээд харахад өсвөр үеийнхний эрүүл мэндийн хичээлээс авдаг бэлгийн боловсролын чухал агуулга, арга зүйн цогц байдал нь гээгдсэн. Мөн залуучуудын дунд хүсээгүй жирэмслэлт, нөхөн үржихүйтэй холбоотой мэдлэгийн түвшин буурсан.
Харин өнгөрсөн онд  БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран  эрүүл мэндийн хичээлийг зайлшгүй судлах хичээлд буцаан оруулах шийдвэр гаргасныг НҮБ баяртайгаар хүлээж авсан. Хамгийн гол нь залуучууд энэ талаар юу гэж боддог тухай санаа бодлыг нь сонсох нь  чухал  учраас өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа.
 
- Өсвөр үеийнхэн аливаа эрсдлээс сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
 
- Бэлгийн амьдрал, нөхөн үржихүйтэй холбоотой, эрсдэлгүй зөв шийдвэрийг залуус өөрсдөө гаргадаг чадамжтай байх нь чухал. Ингэхийн тулд сургуулийн хөтөлбөрт бэлгийн цогц боловсролыг тусгах нь өсвөр үеийн залууст системтэй мэдлэг олгож, тэднийг зөв, эрсдэлгүй шийдвэр гаргахад тусална. НҮБ-ын Хүн  амын сангаас залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдийг аймаг дүүргүүдтэй хамтран байгуулсан. Энэ төвүүд бүх залууст нээлттэй. Ялангуяа сургуульд суралцах боломжгүй, сургуулиас гадуурх залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус төвүүдээр дамжуулан зөвлөгөө авч, сургалтанд хамрагдах боломжтой. 
 
- Гадны улс оронд бэлгийн цогц боловсролыг ерөнхий боловролын сургуулийн хичээлд нь тусгаж өгдөг үү?
 
-Улс орнуудын боловсролын тогтолцоонд ямар нэгэн байдлаар  агуулагдсан байдаг. Хамгийн гол нь  залуучуудын мэдлэгт нөлөөлж чадаж байна уу гэдэг нь чухал. Ази номхон далайн бүсэд энэ асуудалд анхаарч дээгүүрт жагсдаг хэд, хэдэн орон бий. Гэвч тухайн улсын нийгэм, соёлоос хамааралтай.  Зарим оронд иргэддээ бэлгийн цогц боловсролыг шууд хүргэхээс цааргалж, тойруу байдлаар ойлгуулдаг. Харин зарим улсад шууд, илэн далангүй ярилцаж зөвлөдөг. Энэ нь өсвөр үеийн залуучуудыг асуудлаа хурдан, тодорхой мэдэж авахад нь тусалдаг Монгол  Улсын хувьд зарим орнуудтай харьцуулахад нийгэм соёл нь харцангуй нээлттэй учраас залуучуудад шууд хүргэх боломжтой гэж харж байна. Эрүүл мэндийн  хичээлийг боловсролын салбарын хөтөлбөрт тусгасан нь ололттой. Үүнд НҮБ-ын хүн амын сан техник, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан. 
 
Г.Өлзийхутаг
Эх сурвалж: Монцамэ агентлаг