sonin.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Хоролын Зандраабайдийтай ярилцлаа.
 
–Таныг зохиолчдын байгууллагад хамгийн олон жил ажилласан хүн гэдэг юм билээ?
 
-Тийм ээ. Аль 1960 онд Монголын зохиолчдын хороонд ирсэн хүн би мөнөөс мөн. Эхлээд “Утга зохиол” сонинд сонин гаргагч албатай байлаа. Сүүлд нь энэ сонины нарийн бичгийн дарга, эрхлэгч ч болж үзсэн. “Цог” сэтгүүлийг мөн хамтад нь хариуцан гаргаж байсан юм. Бас “Монгол роман” гэдэг цуврал сэтгүүлд нарийн бичгийн дарга гээд зохиолчдын байгууллагад олон ч алба хашсан байх юм.
1998 он хүртэл Зохиолчдын хороонд албатай байлаа гэсэн үг.
 
–Гэтэл та одоо ч Зохиолчдын хорооны саарал байшинд сууж л байх юм?
 
-Хувь заяа юм байлгүй. Энэ өрөөнд 20 жил сууж байна. Зарим хүн намайг 20 жил зүгээр суулаа гэж хэлдэг гэсэн. Үнэн нь гэвэл би зүгээр суугаагүй шүү.
 
–Зүгээр суугаагүй гэж хэлж байгаа чинь хүнд хэлэх, үзүүлэх бүтээлтэй л гэсэн үг биз?
 
-Тэгэлгүй яахав. Хэд хэдэн ном гаргалаа. “Манай нутгийнхан” гэдэг найрууллын номоо бас тууж, өгүүллэгийн эмхэтгэл “Гар” гэдэг түүврээ гаргалаа. Ном бүтээл гэж аминдаа бардам хэлэх нэг юм бол 10 боть номоо гаргасан. Энэ 10 боть номондоо найрууллын, өгүүллэгийн, туужийн, киноны болон романы хоёр ботийг багтаасан. Одоо цаана нь таван боть ном бэлэн байна. Хэвлүүлэхэд бэлэн. Харин мөнгө, санхүүгийн асуудал хэцүү юм.  Бас “Дамиран гайхал” нэртэй хүүхдийн ном гаргасан байгаа. Тэр дотор ухаант адгуус гэсэн бүлэг оруулсан юм. Үүндээ түшиглээд уг номоо “Азарганы явдал” гэж нэрлэсэн. Энэ нэрийг зарим хүн сонсоод юу юуны туханд хүрэлгүй өнгөц ойлгоод садар самууны талын юм гэж ярих нь халаг.
 
–Уг нэрлэл нь таны санаагаар бол…?
 
-Би азарга гэдэг амьтан их ухаантай амьтан юм шүү. Өөрийнхөө үр төлийг гишгэдэггүй ганц амьтан бол азарга. Өөрийн гурван байдсаа бусдын сүрэг рүү хөөчихөөд оронд нь өөр азарганы төл гурван байдас олж ирээд хураана. Дөрвийг авна гэж байхгүй. Үүнийг явдал гэж нэрлэсэн юм. Танин мэдүүлэх зорилго шигтгэсэн зохиол л доо.
Үүний дээр одоогийн зарим хүнэнцэрүүд  адгууснаас дор болж гэсэн санаа ч бас бий.
 
–Та ер нь тун “чимээгүй зохиолч” гэж нэрлэгдэхээр хүн юм аа даа. Уг нь уран зохиолын бүх төрөл зүйлээр бичсэн бүтээл чиг байна. Бас хэд хэдэн кино бий шүү дээ?
 
-Чимээ гаргаж байгаа нь энэ гээд хашгирч явсангүй өдий хүрлээ. Одоо хашгираад огтоны дуу тэнгэрт гээч юм болно биз дээ хө.Киноны хувьд гэвэл “Гул аранжин”, “Хөх ногооны униар”, “Газрын жигүүр”, “Хонины найр” гээд тоочиж болох. Тэдний зарим нь одоо ч үзэгчдийн хүртээл болж байна. Тэгэхээр би зохиолч хүн гэж хэлж болмоор ч юм шиг.
Монголын томоохон зохиолч Ч.Чимэд, Д.Намдаг нарыг би багш гэдэг. Тийм лут “амьтад”-ын шавь гэх мөртлөө гавьтай юм хийсэнгүй гэж өөрийгөө голж л явдаг хүн.
 
–Таны зохиол “Хонины найр” киног өнгөрсөн зун хүртэл зурагтаар үзлээ. Дуустал нь үзсэн шүү?
 
-Дэндэвийн Чимэд-Осор гуайг алдартай жүжигчин гэж хүмүүс мэднэ. Тэгвэл бас сайн найруулагч байсан юм шүү дээ. Надаас “Хонины найр”-ын зохиолыг кино хийнэ гэж авахдаа “Би олон хүний зохиолоор кино хийгээгүй ээ. Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, Д.Намдагийн “Нүгэл буян”, Л.Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө” гээд хуруу дарам цөөн. Одоо чиний зохиолыг кино болгоно” гэж билээ.
Тэгэхээр тийм  лут зохиолчдын зохиолоор кино хийсэн хүн намайг тоосон хэрэг гэж баярлаж явдаг.
Бас Д.Намдаг, Ч.Чимэд нарыг түшиглэн явж “Д.Сүхбаатар бага насны тухай “Задын чулуу” гэдэг жүжгээ үзэгч­дэд хүргэсэн удаа бий.
 
–Таныг сүүлийн үед Өвөрмонголын зохиолчдын бүтээлийг монгол хэлнээс кириллд хөрвүүлэн уншигчдад хүргэж байгаа зохиолч гэж хүмүүс ярихыг сонссон?
 
-За тийм ээ. Өвөр­монголын Д.Лигдэн, Аянга, Аюурзана, Манханхүү гэх мэт цөөвтөр зохиолч танина л даа. Тэднийхээ бүтээлийг хөрвүүлэн муугаа мэдэхгүй өөрийн зардлаар хэвлүүлж ирлээ. Хамгийн сүүлд Өлзийбат гэдэг сэтгүүлчийн “Холын цэнхэр Токио” гэдэг тэмдэглэлийн номыг уншигчдад хүргэлээ. Тоолоод байсан чинь тэднийхээ 23 номыг монголчууддаа уншуулсан байх юм. Бас  тэр Манханхүү гэдэг залуу зохиолч манай зохиолч­дын номыг монгол бичигт хөрвүүлж өөрийн уншигчиддаа хүргэж буян үйлдэж байгаа. Би түүнд Д.Гармаа, Д.Намсрай, До.Цэнджав нарын зохиолыг аваачиж өгсөн юм. Энэ бүхэн маань хоёр орны зохиолчдын хооронд гүүр болж цаашлаад хоёр орны уран зохиолын нэгэн түүхийг бүтээлцэж яваа санаа юм л даа. Ер нь Өвөрмонголын зохиолчдын бүтээл тун сайн шүү.
 
–Монгол бичгээс кириллд зохиол бүтээл буулгадаг хүн одоо бол та юм биш үү?
 
-Тийм юм байлгүй. Манайхан хүртэл мэдчихсэн санал тавих болсон. Б.Баабар “Хүннүгийн өмнөх Монгол аймаг Дүнхүгийн түүх” гэдэг номоо надаар буулгуулсан. Одоо хэвлэгдэж байгаа дуулдана лээ. “Гар бариад бугуй …” гэгчээр манай хүн дахин нэг юм өгнө шүү гэж байна билээ. Цаг зав нь юу болохнов. Би чинь бас өөрөө хийх юм ихтэй.
 
–Сүүлийн үед ямар бүтээлтэй байна вэ?
 
-Манай нутагт нэг мундаг малчин тайж байсан юм. Түүний тухай роман бичлээ. Нэр нь бүлтгэр Шагдар гэдэг хүн язгуур угсаа нь тайж миний ижийгийн өвөг эцэг юм. Тэр хүн насаараа малын төлөө явсан. Өөрөө малаа эмнэдэг, өвс тэжээл тариад хурааж авдаг. Ердөө малын төлөө төрсөн юм шиг лут малчин хүн л дээ. Гэтэл тэр тайж язгууртайн учир их баривчилгааны үеэр ах дүү нар зургуулаа баривчлагдаж яваад хэн нь ч  буцаж ирээгүй.Тэр хүний хавтаст хэргийг би архиваас үзсэн л дээ. Дотоод яамны нөхөр хэлж байх юм.
 
-Чи Японы тагнуулч хүн. Хэн гэдэг японтой тагнуул хийсэн бэ гэж хариуд нь тайж “Япон гэж юу юум бэ хө” гэж тэгсэн байцаагч нөхөр:
 
-Аа чи мэдэхгүй юу. Япон гэж зүүн зүгт байдаг том дайсан.
 
-Би тэр дайсанг чинь мэдэхгүй.
 
-Чи ер нь юу мэддэг юм бэ гэвэл:
 
-Би тэнгэр газрын хооронд газар нутгаа бас малаа мэднэ. Тэнгэр, газар хоёрыг мэддэг болохоор өвч ургамал, ус ундааг нь мэднэ. Өөр юм мэдэхгүй гэж өчсөн бичээс байна лээ. Тэгээд би энэ хүний түүх, амьдралын замналыг үндэс болгоод тухайн үеийн малчдын аж байдлыг гаргаж бичсэн. Энэ утгаараа түүхэн роман юм даа. Дараа жил манай сумын 60 жилийн ой болно. Роман маань уг ойд барих миний бэлэг болно биз.  Эцэст нь хэлэхэд миний хувьд Монголын сор болсон зохиолч яруу найрагч Л.Түдэв, Ч.Чимэд, С.Удвал, Д.Намдаг, Д.Нямаа, Д.Мягмар, Б.Явуухулан нарын зэрэг хүмүүстэй нэгэн цаг үед хамт ажиллаж байсан минь бахархал санагддаг. Тэд бол зөвхөн Монголдоо мундаг гэгддэг төдийгүй дэлхийн хэмжээний зохиолчид байсан юм шүү дээ. Одоо миний энэ сууж байгаа ширээ гэхэд л Монголын үргэлжилсэн үгийн зохиолын мастер Дэмбээгийн  Мягмарынх. Өмнө нь уянгын их яруу найрагч Бэгзийн Явуухулан сууж байсан дурсгалтай эд дээ.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин